Хайх

Гуччигийн гэр бүл “House of Gucci” кинонд дургүйцлээ илэрхийллээ

Гуччигийн гэр бүл “House of Gucci” кинонд дургүйцлээ илэрхийллээ

Кинонд дүрслэгдсэн дүрүүд тэдний сэтгэлд нийцсэнгүй

Text: Buro.Mongolia


Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн Ридли Скоттын “House of Gucci” кино үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгэж, энэ оны загварын сэдэвтэй гол бүтээлүүдийн нэгээр нэрлэгдээд байгаа билээ. Тус бүтээлд 1995 оны Маурицио Гуччигийн дуулиант аллагын талаар болон гэмт хэрэг гарснаас өмнөх үйл явдлын тухай өгүүлэх юм. Харин Маурицио Гуччигийн гэр бүлийн төлөөлөгчид болон үр сад нь энэхүү бүтээлийн санаа тэдний сэтгэлд огт нийцэхгүй байгааг өмнө нь илэрхийлж, киноны продюсерууд “Холливүүдийн системийн ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд агуу гэр бүлийн маань нэрийг хулгайлсан” хэмээн хэлсэн удаатай билээ.

Тэгвэл тэд энэ удаад нээлттэй захидал нийтэлж, найруулагч Ридли Скотт тэдний гэр бүлийн гишүүдийг “Эргэн тойрон дахь ертөнц болон хүмүүсийг үл тоомсорлодог, хэрцгий хүмүүсээр дүрсэлсэн” хэмээн мэдэгдсэн байна. Киноны дүрүүд амьдрал дээр дүрслэгдсэн шигээ байгаагүй гэдэгт тэд бат итгэлтэй байгаа юм.

“Энэ кино нь ​​сэтгэл өвтгөж, Gucci брэндийг бий болгож буй агуу өв уламжлалыг доромжилж байна. Мөн Патрициа Режани эрчүүд давуу эрхтэй байгууллагын соёлд зовж буй мэт хохирогчийн дүрээр дүрслэгдсэн. Үнээс илүү худал зүйл гэж үгүй" хэмээн гэр бүлийн төлөөлөгчид захидалдаа бичсэн юм. Мөн тэд өөрсдийн гэр бүлийн нэр төр, имижийг хамгаалахын тулд ямар ч арга хэмжээ авах эрхтэй гэдгээ онцолжээ.

Найруулагч Ридли Скотт “Бодит байдлыг аль болох гуйвуулахгүй байхыг, мөн аль болох хүндэтгэлтэй хандахыг хичээсэн” хэмээн тэдний шүүмжлэлд хариу өгсөн байна. Тэрээр загварын ордны өв залгамжлагчдын захидлыг “түгшүүр мэдрүүлэх доромжлол” гэж тодорхойлсон юм. Мөн найруулагч дэлхийн хамгийн шилдэг жүжигчдийн бүрэлдэхүүнийг цуглуулсан гэдгээ дурдаж Гуччигийн гэр бүл өөрсдийгөө азтайд тооцох хэрэгтэй хэмээн хэлжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх