Хайх

2023 онд ямар ном унших вэ? Хүүхэд хүмүүжлийн тухай шилдэг 5 ном

2023 онд ямар ном унших вэ? Хүүхэд хүмүүжлийн тухай шилдэг 5 ном

Сайн ном эцэг эхчүүдийн хамгийн үнэнч туслах

Text: Buro.Mongolia


Эцэг эх байх тийм ч амар ажил биш. Тэр дундаа хүн ам эрчимтэй өсөж, нийгэм хурдацтай өөрчлөгдөж, технологийн хөгжил минут секундээр хэмжигдэж буй өнөө үед бид маш олон зүйлээс үр хүүхдээ хамгаалах шаардлага гарч байна. Үүгээр ч зогсохгүй хүүхдэдээ эрх чөлөө олгох, тэднийхээ үзэл бодлыг хүндэтгэж, хүсэл сонирхлыг ойлгох гэдэг эцэг эх бүрийн зайлшгүй эзэмших ёстой чадварууд болсон. Тэгвэл энэ бүхнийг маш ойлгомжтойгоор тайлбарлаж чадсан хүүхэд хүмүүжүүлэх гарын авлага болсон шилдэг номуудыг уншигч танд хүргэж байна. 


"Raising Humans in a Digital World"

Диана Грабер

Технологийн дэвшил, интернэт орчингүйгээр амьдралыг төсөөлөхийн аргагүй эрин зуунд бид амьдарч байна. Гэтэл цахим дээрэлхэлт, насанд хүрэгсдийн гаж буруу бичлэгүүд, хэт донтолт гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалж эцэг эхчүүд хүүхдийнхээ ухаалаг төхөөрөмжийн хэрэглээг маш ихээр хязгаарладаг. Мэдээж эрсдэлээс зайлсхийх нь аюулыг холдуулах нэг арга ч гэлээ хамгийн сайн сонголт биш бөгөөд Диана Грабер энэхүү номдоо хэрхэн виртуал болон бодит амьдралын харилцааг тэнцвэржүүлж, хэцүү үед зохистой шийдвэр гаргах талаар эцэг эхчүүдэд хамгийн энгийн, дэлгэрэнгүй зөвлөгөөг хүргэж чадсан юм.

2023 онд ямар ном унших вэ? Хүүхэд хүмүүжлийн тухай шилдэг 5 ном (фото 1)

"Siblings Without Rivalry"

Адель Фабер, Элейн Мазлиш

Ах эгч дүүсийн дундах маргаан заримдаа эцэг эхчүүдийг хүнд байдалд оруулдаг. Тэр дундаа бага насанд эл явдал олон тохиох бөгөөд энэ л үед эцэг эхчүүдийн гаргах ухаалаг шийдвэр хамгаас чухал. Тэгвэл энэхүү номын зохиолчид болох Адель Фабер, Элейн Мазлиш нар өөрсдийн арвин туршлагад үндэслэн хүүхдүүдийнхээ маргаанд хэзээ, хэрхэн оролцох нь зүйтэй талаар, мөн тэдний өрсөлдөөнийг багасган, нэгдмэл байдлыг дэмжихийн сацуу онцгой холбоо харилцааг нь сайтар ойлгуулах хамгийн практик зөвлөмжүүдийг хүргэх болно.

2023 онд ямар ном унших вэ? Хүүхэд хүмүүжлийн тухай шилдэг 5 ном (фото 2)

"The Whole-Brain Child"

Даниел Ж.Сигел, Тина Пэйн Брайсон

Дэлгүүрийн шалан дээр тэрийн хэвтэх хоёр настныг хараад хүмүүс ихэвчлэн “хүмүүжилгүй хүүхэд” гэж дүгнэх талтай. Гэтэл үнэндээ энэ нь түүний тархины хамгийн хурдацтай хөгжлийн үе бөгөөд хүүхэд стресстэж, эцэг эхчүүд яах учраа олохгүй зогсож буй дүр зураг байдаг. Яг ийм л үед эцэг эхчүүд ямар хариу үйлдэл үзүүлж, хэрхэн зөв шийдвэр гаргах нь бага насны хүүхдийн цаашдын хүмүүжил, тархины хөгжилд маш чухал талаар энэхүү номд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлажээ. Даниел Ж.Сигел болон Тина Пэйн Брайсон нар анх 12 жилийн өмнө хэвлэгдэж байсан энэхүү номоороо хүүхдийн эрүүл сэтгэл хөдлөлийг бий болгож, оюуныг тэтгэх хамгийн энгийн хэр нь үр дүнтэй 12 аргыг хуваалцсан юм.

2023 онд ямар ном унших вэ? Хүүхэд хүмүүжлийн тухай шилдэг 5 ном (фото 3)

"Prime-Time Parenting"

Хэдер Демарест Миллер

Ажил, хичээлтэй өдрийн оройн 18:00-20:00 цагийн хоорондох хоёр цагийг л маш сайн төлөвлөж, нарийн зохион байгуулалтад оруулж чадвал хүүхдийн сурлага сайжрахаас гадна эцэг эхчүүд өөрсдөдөө цаг зав гаргах боломж нээгдэх болно. Тэгвэл өдөр бүр энэ хоёр цагийн хугацаанд хэрхэн хүүхдүүдтэйгээ нарийн холбоо тогтоож, тэжээллэг хоол бэлтгэж, хамтдаа суралцаж, орой бүрийн тогтсон унтлагын хуваарь бий болгох талаар "Prime-Time Parenting" номоос олж мэдээрэй.

2023 онд ямар ном унших вэ? Хүүхэд хүмүүжлийн тухай шилдэг 5 ном (фото 4)

"Positive Discipline"

Жэйн Нелсен

Долоон хүүхдийн ээж, зохиолч Жэйн Нелсений бичсэн энэхүү ном нь хүүхэд хүмүүжлийн гол арга барил бол шийтгэл биш харин харилцан бие биеэ хүндэтгэх явдал гэсэн санааг агуулах бөгөөд олон жилийн турш шинэхэн эцэг эхчүүдийн гарын авлага байсаар ирсэн билээ. Зохиолч энэхүү номоороо дамжуулан эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарыг эелдэг, тууштай, хэлсэн амандаа заавал хүрдэг, үнэнч байхад уриалах бөгөөд энэ нь хүүхдийг хариуцлагатай, сахилга баттай, хувийн зохион байгуулалт сайтай нэгэн болж төлөвшихөд нэн тустай талаар олон төрлийн судалгаа, бодит жишээнүүд дээр үндэслэн тайлбарлах болно.

2023 онд ямар ном унших вэ? Хүүхэд хүмүүжлийн тухай шилдэг 5 ном (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх