Хайх

Хүүхэдтэй болох хосуудын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүүхэдтэй болох хосуудын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Залуу эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

Text: А.Сарнай


Хүүхэд гэдэг амьдралд олон гайхалтай өөрчлөлтийг авч ирдэг шигээ гайхалтай бус зүйлсийг ч авчрахаа мартдаггүй. Харин тэр гайхалтай бус гэж тодорхойлоод байгаа зүйлс хосуудын хувьд жинхэнэ “challenge" болдог. 2019 онд Их Британид хийсэн нэгэн судалгаагаар таван эцэг, эх тутмын нэг нь хүүхэд төрснөөс хойш нэг жилийн дотор салдаг гэжээ. Шинэхэн ээж, аавууд бие биедээ зарцуулах цаг нь багасаж оронд нь нойр дутуу явах, ядрах, маргалдах нь ихсэж эхэлнэ. Яг энэ л үед гэр бүлээ авч үлдэх, өөрсдийгөө ээж, аав гэдгээс гадна хосууд гэдгийг санах шаардлага хэн хэнд нь тулгарна. Манай гэр бүлийн хувьд учиргүй салах дээрээ тулаагүй ч үнэхээр ч нэг хэсэг гэр дотор дайны талбар байсан нь үнэн. Ээжүүд хүүхэдтэйгээ илүү их цагийг зарцуулж, ганцаараа л юм хийгээд байгаа юм шиг санагдаад их бухимддаг. Хэдий тийм ч эрэгтэй хүнд санхүүгийн асуудал, гэр бүлээ авч явах хариуцлага, мөн эхнэрийн анхаарал халамж үргэлж хэрэгтэй байдаг гэдгийг ойлгох нь чухал. Доор та бүхэнд хүүхэдтэй болсны дараа залуу хосуудад хамгийн их тулгардаг асуудлыг өөрийн туршлага болоод судалгаан дээр тулгуурлан дөрвөн хэсэгт хуваан хүргэж байна. Залуу эцэг, эхчүүд одоогоос л өөрсдийн гэрлэлтэд анхаарал хандуулахгүй бол хүүхдүүд том болоод гэрээсээ яваад өгөх үед та хоёрын харилцаа аль хэдийнээ хөндийрсөн байх болно.


САНХҮҮ

Хүүхэдтэй болох хосуудын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? (фото 1)

Асуудал:

Мөнгөөр бүхнийг худалдаж авч чадахгүй байж болох ч мөнгөнд чаддаг зүйл дэндүү олон. Бодит байдал дээр санхүүгийн боловсрол, өндөр орлого биднийг эрүүл, аюулгүй орчинд хүүхдээ өсгөх, сурч боловсрох болоод бусад олон боломжийг бий болгож өгдөг. Тэгэхээр хүүхэдтэй болохоор төлөвлөж эсвэл удахгүй шинэ хүнээ өлгийдөж авах гэж байгаа бол орлого болоод түүний эх үүсвэрийг нэмэх талаар нухацтай бод. Хүүхэд гарснаас хойш ээжүүд ихэвчлэн гэртээ сууж хүүхдээ харах ажлыг гүйцэтгэдэг. Энэ тохиолдолд гурван хүн хамтдаа нэг хүний буюу аавын цалингаар амьдарч эхэлнэ. Монгол улсын дундаж цалинг бодоод үзэхэд л санхүүгийн сайн тооцоололтой байж, хэрэггүй зардлуудыг танахгүй л бол асуудал гарах нь ойлгомжтой. Учир нь хүүхэд өсгөнө гэдэг маш өндөр зардалтай. Зөвхөн памперс, нухаш, хувцас хунараар зогсохгүй эмнэлэг, цэцэрлэг, сургууль гээд л явж өгнө. Ер нь эцэг, эх болсон л бол та хоёрын бүх шийдвэр хүүхдэд шууд хамааралтай учраас маш хариуцлагатай хандах нь чухал.

Шийдэл:

Сарын нийт орлогоо тооцож үзээд хүнс, байр, зээл, хүүхэд гэх мэтээр хуваарилаад үз. Хамгийн гол нь тухайн сардаа, тухайн зүйлдээ яг л төсөвлөсөн мөнгөө л зарцуулах хэрэгтэй, хэтэрч болохгүй. Бага зэрэг хэцүү санагдаж магадгүй, гэхдээ ингэснээр сарын сүүлээр мөнгөгүй болох, эсвэл бусдаас зээлэх гэх мэт асуудал гарахгүй харин ч амар байх болно. Мөнгөний талаар хамтрагчтайгаа ярилцах үедээ сэтгэл хөдлөл болон бусад асуудлыг хойш тавиад зөвхөн санхүүгээ хэрхэн шийдэх тал дээр л 100% анхаараарай. Уурлаж, бухимдах гээд байвал түр завсарлага аваад яриагаа үргэлжлүүлж болно. Мөн зөвхөн өөртөө зарцуулах болон хадгаламжид байршуулах бага ч хамаагүй мөнгийг заавал тусгаж өгөөрэй.


СЕКС

Хүүхэдтэй болох хосуудын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? (фото 2)

Асуудал:

Төрсний дараах эхний хэдэн сард эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог асуудал бол ямар ч сексийн дур хүсэлгүй байдаг явдал. Энэ нь төрсний дараах бие махбодын өөрчлөлт, дутуу нойр, ойрхон ахин жирэмслэх вий хэмээх айдас гэх мэт нэлээд олон шалтгаантай. Харин эрчүүдэд бол тийм биш. Хүүхэд төрсний дараа эрчүүд яг л өмнөх шигээ тогтмол харилцааг хүсдэг. Нөхөртэйгөө ойртоогүй бүтэн жил болж байгаа тухай нэгэн эмэгтэйн яриаг сонсоод тодорхой хэмжээнд ойлгож байсан ч хэтэрхий хувиа хичээсэн санагдаж байлаа. Ямар ч харилцаанд хоёр хүн хоёулаа хичээл зүтгэл гаргах ёстой. Menshealth вэбсайт дээрх нэгэн судалгаагаар аав, ээж болсон 1,000 хосоос тэдний сексийн амьдралын талаар асуухад 46% нь хүүхэдтэй болсны дараа сексийн амьдрал улам доройтсон, 47% нь сексийн давтамж буурсан гэж хариулсан байна. Эхнэр, нөхрүүд биеэрээ шүргэлцэж байж л мэдэрдэг тэр мэдрэмжийг мэдрэхгүй хэт удах нь харилцаанд маш том ан цав суулгаж эхлэхээс гадна араар тавилт, салалтад ч хүргэх эрсдэлтэй. Эмэгтэй хүний сексийн дур хүсэл байгалиасаа эрэгтэй хүнээс хамаагүй бага байдаг. Тэгвэл зөвхөн өөрийн биеийн амрыг харж хамтрагчаа үл ойшоох нь маш учир дутагдалтай юм. 

Шийдэл:

Төрөлт хэрхэн явагдахаас шалтгаалж эхний зургаагаас 12 долоо хоног хүртэл бэлгийн харьцаанд орохгүй байхыг эмч нар зөвлөдөг. Харин энэ хугацаа өнгөрмөгц хэвийн байдалдаа эргэн орохын тулд хосууд санаачилгатай байж бага, багаар урагшлах хэрэгтэй. Секс хийх тусам улам хүсэл төрнө. Яг л фитнест явахтай адил. Үүнийг зуршил болгоход тодорхой хугацаа болон хүчин чармайлт шаардагдана. Ер нь л хосууд бие биеэ эрхлүүлэх, хөтлөлцөх, үнсэх, хамт алхах гэх мэт хамтдаа цагийг өнгөрөөж, нэг нэгнээ мэдрэх зүйлсийг үргэлж хийж байх ёстой. Одоогийн энэ харилцаагаа бий болгохын тулд өмнө нь ямар их цаг зав, сэтгэл зүрхээ зориулдаг байснаа мартчихдаг. Урт удаан хамтын амьдралд секс чухал үүрэг гүйцэтгэдэг учраас энэ талаар хосууд бие, биетэйгээ нээлттэй ярилцаж, ойлголцдог байвал маш сайн. 


ЯДРАХ

Хүүхэдтэй болох хосуудын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? (фото 3)

Асуудал:

Хүүхдээ хараад гэртээ суудаг ээж нарт амралтын өдөр гэж байхгүй. Шөнө нойргүй хонох, дутуу нойртой олон хоног явах, хүүхдээ асрах, гэр орны ажил хийх гэх мэт олон ажлыг амжуулах гэж хичээх тусмаа улам ядардаг. Тэгвэл аавууд ч ялгаагүй шөнө дутуу нойртой өглөө эрт ажилдаа явах, хүүхдээ харах, гэр бүлдээ санаа тавих гээд ээжүүдтэй ижилхэн ядарч байдаг. Гэвч хосууд хэн хэн нь ижил тавцан дээр байгаагаа ойлгодоггүй бөгөөд үргэлж хэнийх нь амьдрал илүү хэцүү байгаа, хэн нь илүү ядарч байгаагаа үзэх эцэс төгсгөлгүй маргаан хийж байдаг. 

Шийдэл:

Таны хамтрагч танд "Би ядарч байна" гэж хэлэхэд та үүнийг "Би чамаас илүү ядраад байна" гэж ойлгож сонсохгүй байхыг зөвлөж байна. Хосууд өөрийн мэдрэмжийг нэг нэгэндээ нууж хаалгүй хэлдэг, сонсож буй хүн нь үүнийг нь ойлгож, ярилцдаг байх хэрэгтэй. Танд хэцүү байгаа үед таны эхнэр, нөхөр ч мөн ижил замыг туулж байгааг битгий март. Гэрийн ажлыг хоорондоо ярилцаж байгаад долоо хоног эсвэл сараар төлөвлөөд, нэгэндээ хэт их ачаалал үүрүүлэхгүйгээр маш зөв хуваарилаад, өөр өөрийн хариуцсан ажлыг сайн хийгээрэй. Зөвхөн гэрийн ажил гэлтгүй өглөө ээлжилж босох, шөнө ээлжилж сэрэх гэх мэт олон зүйлсийг хамтдаа хийхийг хичээх нь зөв. Тусламж гуйхаас битгий санаа зов. Мөн стрессээ тайлах хувийн орон зайг нь ч нэг нэгэндээ үргэлж гаргаж өгч байгаарай. 


САНАЛ ЗӨРӨЛДӨХ

Хүүхэдтэй болох хосуудын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? (фото 4)

Асуудал:

Ялангуяа анхны хүүхэд дээр эцэг, эхчүүд хүүхэд өсгөх, хүмүүжүүлэх тал дээр бие биеийнхээ сонголт болон шийдвэрийг няцааж, ялимгүй жижиг зүйлсээс том маргааныг үүсгэж байдаг. Тэр тусмаа ээжүүд хүүхдээ илүү сайн мэддэг учраас нөхрийнхөө хийж байгаа зүйлсэд хэт эмзэг хандах гээд байдаг. Нухшийг нь зөв сонгосон уу, нэг дор хэтэрхий их чихэр, жимс битгий өг, өдөр битгий удаан унтуул, битгий тэг, битгий ингэ... Харин аавуудын хувьд (эсвэл зөвхөн манай нөхрийн хувьд ч байж магадгүй) хүүхэд уйлах болон өвдөх үед их эмзэг, ууртай болчихдог. Хүүхэд яагаад ингээд байна? яагаад уйлаад байна? яагаад, яагаад гэж олон асуудаг. Хүүхдэд асуудал гарахад яагаад ч юм ээжийн буруу болчих гээд байдаг шүү.

Шийдэл:

Заримдаа зүгээр л бууж өг, хэцүү байсан ч хамаагүй нэг алхам ухраад үз. Хэрвээ та өөрийн хамтрагчдаа үргэлж яах ийхийг нь заагаад, үзэл бодлоо тулгаад байвал тэр хүүхэд өсгөх тал дээр сайн байж чадахгүй. Түүнд өөрийнхөөрөө алдаж, онож зөв, бурууг ойлгох боломжийг олгох хэрэгтэй. Хэтэрхий захирангуй байх гэсний хэрэггүй. Та өөрийн тавьж буй шаардлага бүрийг сайн бодоод үзээрэй. Нэг, хоёр удаа буруу сонголт хийж чихэр, жимс идүүлэх нь үнэхээр тийм том асуудал гэж үү?

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх