Хайх

“Чебурашка, чи жинхэнэ найз”: Бидэнд хүүхэд насыг бэлэглэсэн Эдуард Успенский

Оросын алдарт хүүхдийн зохиолч Эдуард Успенскийн гэгээн дурсгалд зориулав

Text: Buro.Mongolia


Зураг:

“Чебурашка, чи жинхэнэ найз”: Бидэнд хүүхэд насыг бэлэглэсэн Эдуард Успенский

ЗХУ-ын үеийн хүн бүрийн хүүхэд насных нь гэгээхэн дурсамжтай салшгүй холбоотой бүтээлүүдийг туурвисан, алдарт зохиолч Эдуард Успенский өчигдөр 80 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Магадгүй Чебурашка ба Гена матар, Простоквашиногийн тухай цуврал байгаагүй бол бидний хүүхэд нас огт өөр дүр төрхтэй байх байсан ч юм билүү. Алдарт зохиолчийн гэгээн дурсгалд зориулж Бюро 24/7 түүний бүтээсэн хамгийн алдартай хүүхэлдэйн баатрууд ямар байсныг эргэн санахаар шийдлээ.

Эдуард Успенский эхлээд ЗХУ, дараа нь ОХУ-ын иргэдэд хүүхэд насны мэдрэмжийг өгөхөд бараг бүхий л амьдралаа зориулсан байдаг. Авга ах Фёдорын тухай анхны номууд 1974 онд хэвлэгдсэнээс эхлээд "Тавтай нойрсоорой, багачуудаа", "Радио асрагч" нэвтрүүлгүүдийн анхны дугаарууд гээд Успенский үргэлж хүмүүст хүүхэд насны баяр баяслыг мэдрүүлэхийг хүсдэг байсан. Тэрбээр өөрийн номууд, хүүхэлдэйн кинонууд, мөн залуу зохиолчдод зориулан явуулдаг байсан илтгэлүүдээрээ дамжуулан хүмүүсийг сургахыг хүсдэг байв. Харин уран бүтээл туурвихаас гадна тэр хүнд суртлын эсрэг идэвхтэй тэмцэгч байсан бөгөөд ард түмний зохиолч гэсэн байр сууриа ашиглан маш олон соёлын төслүүдийг амжилттай сурталчилж иржээ.

“Чебурашка, чи жинхэнэ найз”: Бидэнд хүүхэд насыг бэлэглэсэн Эдуард Успенский (фото 1)

Чебурашка ба түүний нөхөд

Шинжлэх ухаан хэзээ ч сонсож байгаагүй, "жүржин тэжээлтэй", уярмаар зан араншин ба аварга том чихтэй Чебурашка гэх амьтан нь Успенскийн бүтээсэн хамгийн анхны баатруудын нэг юм. Тэрээр 1966 онд "Гена матар ба түүний нөхөд" нэртэй номонд гарч ирсэн байдаг. Тухайн үед түүнийг найруулагч Роман Качанов анзаарч харснаар Успенский зөвлөлтийн үеийн хүүхэлдэйн киноны гол хүн болсон түүхтэй. Ер нь л хамтарч ажиллах хүмүүсийн тал дээр түүнд үргэлж аз таарч ирсэн юм. Хамгийн анхны Чебурашка дээр тухайн үед маш залуу байсан Норштейн ажиллаж, харин Василий Ливанов (Гена матар) Шаинскийн хөгжим дээр дуулж байлаа. Хэрэв "Гена матар ба түүний нөхөд"-ийн удиртгал хэсэгт итгэх юм бол Успенский өөрийн хүүхэд байхдаа тоглодог байсан туулай эсвэл баавгайн төрхтэй эв хавгүй тоглоомоос Чебурашкагийн дүрийг сэдэвлэн бүтээсэн байдаг. Харин өнөөдөр Чебурашка бараг л Оросын бэлгэ тэмдэг болон хувирчээ. Тэрээр Оросын аман зохиол ба онигооны гол баатар болж, 2004 оны зуны Олимпийн наадмаас эхлэн ОХУ-ын Олимпийн шигшээ багийн бэлгэ тэмдэг болсон юм. Олимпийн наадам зохион байгуулагдах бүрт Чебурашка өнгөө сольж, дүр төрхөө шинэчилдэг уламжлалтай. Үүний үр дүнд манай хөрш улсад зочилсон жуулчин бүр гэртээ харихдаа заавал авдаг бэлэг дурсгалын зүйл нь Чебурашка болжээ. Ялангуяа Япончуудад Чебурашка маш их таалагддаг. Магадгүй тэд өөрсдийн дурладаг Миязакигийн стилийн хачирхалтай амьтдын эгнээнд Чебурашкаг ч багтаах хүсэлтэй байдаг бололтой.

“Чебурашка, чи жинхэнэ найз”: Бидэнд хүүхэд насыг бэлэглэсэн Эдуард Успенский (фото 2)

Простоквашино тосгон

Успенский Простоквашино тосгоны тухай хүүхэлдэйн киноны гол уран бүтээлч Аркадий Шерээс ердөө долоо хоногоор л илүү насалсан юм. Анхандаа тус хүүхэлдэйн киноны баатрууд Успенскийн "Авга ах Фёдор, нохой ба муур" гэх зохиолд гарч байсан ч эндээс тэд "Простоквашиногоос ирсэн гурав" хүүхэлдэйн кино болон дэлгэцнээ танилцуулагджээ. "Союзмультфильм" одоог хүртэл Успенский ба Шер нарын бүтээсэн баатруудын дүр төрхийг ашигласан хэвээр байгаа бөгөөд авга ах Фёдор, Матроскин муур, шууданч Печкин, Шарик нохой нарын адал явдлыг харуулсан шинэ улирлуудыг бүтээсээр байгаа билээ. Шинэ Простоквашиног Youtube тавцан дээр олон сая хүн үзэж байх зуур сүүлийн зургаан сарын турш Успенский "Союзмультфильм"-ийг оюуны өмч хуулбарласан хэрэгт буруутгаж, тэдэнтэй заргалдахыг оролдсон бөгөөд шинэ улирлыг "аймшигтай" хэмээн нэрийдэж байсан юм. Зарим нэг нь алдарт зохиолчийг харамч гэж дуудаж байсан бол өөр бүлэг хүмүүс түүнтэй санал нэгдэж, шинэ Простоквашино үнэхээр аймшигтай болсон гэлцэж байв.

Юу ч тохиолдсон Простоквашино Эдуард Успенскийн уран бүтээлийн ертөнцийн нэг хэсэг гэдгийг хүн бүхэн хүлээн зөвшөөрөх болно. Чебурашкатай адил Простоквашиногийн баатрууд ч мөн Оросын соёлын чухал хэсэг болон үлджээ. Мэргэн цэцэн хэллэгүүд, хошигнолууд нь ард түмний дунд хэвшээд удаж байгаа юм. "Фёдор ах, та хачиртай талхаа буруу идээд байна","Ямар нэг хэрэгцээгүй зүйл зарахын тулд эхлээд хэрэгцээгүй зүйл худалдаж авах хэрэгтэй" гэх зэрэг хэллэгүүд нь Оросын хэд, хэдэн үеийн иргэдийн тархины гүнд шигджээ.

“Чебурашка, чи жинхэнэ найз”: Бидэнд хүүхэд насыг бэлэглэсэн Эдуард Успенский (фото 3)

"Мөрдөлтийг Өнхрүүшүүд явуулж байна"

"Мөрдөлтийг Өнхрүүшүүд явуулж байна" ("Следствие ведут Колобки") нэртэй энэхүү хүүхэлдэйн кино нь Артур Конан Дойлын зохиосон Шерлок Холмс ба Доктор Ватсон нарын адал явдлын тухай өгүүлэх детектив зохиолуудыг элэглэсэн бүтээл юм. Хүүхэлдэйн киноны гол дүрд ах дүү хоёр хувийн мөрдөгч алга болсон заанаас эхлээд уран зургийн хулгай хүртэлх янз бүрийн ээдрээтэй хэргүүдийг мөрдөнө. Уг хүүхэлдэйн кино нь "Союзмультфильм" бүтээгээгүй Успенскийн цорын ганц бүтээл болсон юм. Харин тус хүүхэлдэйн киног "Экран" нэртэй жижиг студи гаргаж байсан түүхтэй. Бүр хоёр ч удаа шүү. Хамгийн анх тэд 1983 онд найруулагч Аида Зябликовагийн хүүхэлдэйн киног бүтээж байсан бол 1986 онд Александр Татарский ба Игорь Ковалёв нарын зурсан хувилбарыг нь дэлгэцнээ амилуулсан байдаг.

Зябликовагийн хувилбарт өвөө, эмээгээс зугтсан өнөөх Өнхрүүш өөрийн туслах Булочкины хамт гардаг бол, Татарский ба Ковалёв нарын хувилбарт хүүхэлдэйн баатрууд Зөвлөлтийн үеийн амьдралд шилжсэн байх болно. Татарский ба Ковалёв нар анхны хувилбарын хошигнолыг хадгалж үлдсэн ч гол баатруудыг зөвхөн хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчдэд сонирхолтой байдлаар бүтээсэн байдаг. Гэхдээ хүүхдийн зохиолд нь илүү дурладаг насанд хүрэгчид ч олон бий.

цааш үзэх