Хайх

2022-2023 оны хамгийн өвөрмөц кино постерууд

2022-2023 оны хамгийн өвөрмөц кино постерууд

Text: Buro.Mongolia


Кино маркетингийн хамгийн чухал хүчин зүйлсийн нэг бол тухайн уран бүтээлийн ерөнхий санааг илэрхийлж, үзэгчдийн сонирхлыг татах үүрэг бүхий зурагт хуудас буюу постер. Өвөрмөц, сонирхолтой постерын санаа олох нь кино бүтээгчдээс шаггүй мэдрэмж, туршлага шаардахаас гадна тухайн бүтээлээс олох орлогын хэмжээнд үлэмж нөлөө үзүүлдэг. Монгол кино продакшнуудын хувьд барууны кино постеруудаас санаа хулгайлдаг гэх хэл аманд багагүй өртдөг ч дизайн, хийцийн хувьд яван чангарсаар буй. Тэгвэл 1895 онд бүтээгдсэн хар цагаан дүрстэй, дуугүй, инээдмийн төрлийн богино хэмжээний франц киноны постер дэлхийн хамгийн анхны кино постер хэмээн тооцогддог ажээ. Холливудын кино постерууд анх циркийн сурталчилгааны зурагт хуудаснаас сэдэл авдаг байсан бөгөөд 1940 оноос киноны дүрүүд болон үзэгдлийг онцлон дүрсэлдэг болсон байна. 1960 онд абстракт болон минимал дизайн хүч түрсэн бол 1980 оноос гэрэл зураг орж ирснээр орчин үеийн кино урлагийн зурагт хуудасны үндсэн суурь тавигджээ. Жижиг элемент, ялимгүй өнгөний хоршил хүртэл тухайн уран бүтээлийн өнгө төрх, утга санааг илэрхийлэх хүчтэй байдаг учраас кино постер бол урлагийн дутуу үнэлж боломгүй нэгээхэн хэсэг юм. Ингээд BURO.-гийн уншигчдадаа 2022-2023 оны хамгийн өвөрмөц, мартагдашгүй кино постеруудыг танилцуулж байна.


Everything Everywhere All At Once

2022-2023 оны хамгийн өвөрмөц кино постерууд (фото 1)

Найруулагч Даниел Кванд Оскар атгуулсан энэхүү бүтээлийн постерыг зэрвэс харах төдийд л толгой эргэм, адал явдалт, сэтгэл хөдөлгөм олон ертөнцийн өнгө төрх, өгүүлэх түүхийг анзаарч болмоор баялаг бас сонирхолтой. Маш олон дүрүүд, олон салаа санаануудыг ганцхан постерт багтаахдаа үзэгчдийн анхаарлыг сарниулахгүйгээр загварчилж чадсан нь уг постерыг шилдгүүдийн эгнээнд багтааж чадсан юм.

The Batman

2022-2023 оны хамгийн өвөрмөц кино постерууд (фото 2)

Шинэ Batman бол өмнөхөөсөө илүү хар бараан бас хурц ширүүн нуар жанрыг хамгийн сайн илтгэж, гол баатрынхаа цоо шинэ төрх болон шинэ түүхийг үзэгчдэд хүргэх дохио болж өгснөөрөө уг постер кино шүүмжлэгчдээс өндөр үнэлэлт авсан байдаг. Түүнчлэн киноны гол санаа болон асуулт илэрхийлэх элементийг улаан , хар гэсэн сонгодог өнгөтэй чадварлаг хослуулсан нь киноны ерөнхий уур амьсгалыг бүрэн илэрхийлнэ.

Spider-Man: Across the Spider-Verse

2022-2023 оны хамгийн өвөрмөц кино постерууд (фото 3)

Уг киноны гол дүр Майлс Моралес бол Марвелийн цуврал комик номын зохиомол супер баатар бөгөөд зохиолч Брайан Майкл Бендис болон уран бүтээлч Сара Пичелли нар “Хүн аалз” - Питер Паркерыг нас барсны дараах залгамж дүрээр 2011 онд түүнийг “амилуулжээ”. Дөнгөж 13 настай өсвөр насны хүүгийн дүрээр эргэж ирсэн шинэ хүн аалзны урвуу харсан байрлал, түүний ард буй зохиомол баатруудын олон төрх уг киног үзэх анхны сэдлийг үзэгчдэд өгөх шилдэг маркетинг болжээ. Уг бүтээл Spider-Man: Across the Spider-Verse хэмээх нэрээр ирэх сарын хоёрны өдрөөс дэлгэцэд гарах аж.

Triangle of Sadness

2022-2023 оны хамгийн өвөрмөц кино постерууд (фото 4)

“Гунигийн гурвалжин” нь хэт туйлширсан, утга учрын хямралд өртсөн хөрөнгө чинээтэй хүмүүсийн амьдралыг егөөдсөн инээдмийн жанрын (dark comedy) кино юм. Ёс суртахууны хэм хэмжээнээс давсан, эргэлзээтэй асуултаар дүүрэн гол дүрүүд нь тодорхой нөхцөл байдалтай хэрхэн тэмцэж байгааг уг киноноос харах нь үзэгчдэд ямар мэдрэмж төрүүлэхийг дээрх постер чадмаг илэрхийлжээ. Аяганаасаа бүлтрэх гэж буй мэт дүрлийсэн, нулимстай нүдтэй баян хатагтай алтаар гулгих нь хөрөнгөтний давхаргын шилдэг хошигнол биш гэж үү? Тиймдээ ч уг бүтээл 2022 онд багагүй шуугиан тарьж, Академийн шагналын гурван төрөлд нэр дэвшсэн билээ.

Guillermo del Toro's Pinocchio

2022-2023 оны хамгийн өвөрмөц кино постерууд (фото 5)

Найруулагч Гильермо Дел Торогийн хувилбараар бүтсэн Пиноккио бол фантастик инээдмийн хөгжимт анимэйшн юм. Тайвань гаралтай уран бүтээлч Жэймс Жиний бүтээсэн уг постер Пиноккиогийн хар бараан, айдас төрөм атлаа сонирхол татам өнгө төрх болон агуулгыг төгс илэрхийлжээ. Унтлагын цагаар амилах ер бусын үлгэр мэт энэхүү зурагт хуудсанд уг киноны нарийн нандин элементүүдийг багтаасныг та харж байна. Жэймс Жиний бүтээлүүд үлгэрчилсэн мэт, өрнө дорны өнгө аясыг хослуулсан, олон агуулгыг нэг дор багтаасан байдгийг Pinocchio болон Everything Everywhere All At Once киноны постеруудаас нь харж болох юм.

Fire of Love

2022-2023 оны хамгийн өвөрмөц кино постерууд (фото 6)

Катя, Морис Крафт хэмээх галт уул судлаачдын судалгааны ажил болон хувийн амьдралын бодит түүхээс сэдэвлэсэн баримтат кино бол Fire of Love юм. Унзен хэмээх галт уулын судалгааны ажил дээр нь суурилж, хайр дурлал болон хүсэл мөрөөдлийнхөө гүнд умбаж явсан хос судлаачид тэрхүү ууландаа нас барсан гунигтай атлаа хүчирхэг түүхийг он цагийн хэлхээсээр нь баримтжуулан ийн бүтээсэн байна. Хамгаалалтын хувцас өмссөн хоёр дүр ууртай догшин, улайссан их галт уулын лавын өмнүүр алхах нь уг киноны постерыг улам хүчирхэг, сэтгэл татам болгожээ.

Don’t Worry Darling

2022-2023 оны хамгийн өвөрмөц кино постерууд (фото 7)

Өнгөрсөн оны драмын төрлийн шуугиант бүтээл Don’t Worry Darling-ийн гол дүр болох Харри Стайлс, Флоренс Пью нарын нэг оронд буй постер уг киног төлөөлж олны хүртээл болсон ч уншигч таны харж буй уг постер чанар чансааныхаа хувьд илүү жин дарна. Гол дүрийн залуу хос сонгодог загварын машиндаа халуунаар үнсэлцэх гэж буй мөчтэй давхцаж, ялалтын бэлгэ тэмдэг болсон тайван, төгс харагдах жижиг суурины цэлмэг хөх тэнгэрт нисдэг тэрэг осолдож буй нь үзэгчдийн анхаарлыг тэрхүү гол дүрүүдээс холдуулж ерөнхий үйл явдал руу чиглүүлэх үүргийг гойд сайн биелүүлжээ.

Pearl

2022-2023 оны хамгийн өвөрмөц кино постерууд (фото 8)

Жүжигчин Миа Готын гол дүрийг нь амилуулж, зохиолыг нь хамтран бичсэн Pearl хэмээх киноны постер цуст улаан гараараа өөрийнхөө таних тэмдгийг үүсгэх алуурчин охиныг өвөрмөцөөр дүрсэлжээ. Үзэсгэлэнтэй, гэм хоргүй мэт алаг нүдэн охин цустай гараараа шанаагаа тулж инээмсэглэхэд үл таних хохирогч нь түүний өмнөөс сүх далайх зураглалыг өөр нэгэн хохирогчийн урсах цусаар үргэлжлүүлж, киноны нэр рүү үзэгчдийн анхаарлыг хөтөлсөн нь уг уран бүтээлийн үндсэн мессежийг улам тодотгоcoн байна.

Barbie

2022-2023 оны хамгийн өвөрмөц кино постерууд (фото 9)

Грета Гервигийн фантастик инээдмийн төрлийн уг уран бүтээлийн ягаахан постер үнэхээр харц булаам биш гэж үү? Гол дүрийн алдартай жүжигчдээрээ “зэвсэглэсэн” уг киноны секси, ялдам басхүү хоржоонтой өнгө аясыг америк хэв маягийн стильтэй хоршуулж чадсанаараа уг постер онцгой юм. Ирэх долooдугаар сарын 21-ний өдөр Америкт нээлтээ хийх уг киноны шинэ хувилбар хүлээлт өндөр буй.

цааш үзэх