Хайх

2023 оныг ашиг орлогоороо тэргүүлж буй 10 кино

2023 оныг ашиг орлогоороо тэргүүлж буй 10 кино

Text: Buro.Mongolia


Энэ онд олон даацтай бүтээл үзэгчдийн хүртээл болж, хоорондоо ашиг орлогоороо тун чиг өрсөлдөөнтэй байгаа билээ. Саяхан л гэхэд найруулагч Кристофер Ноланы “Oppenheimer” болон Грета Гервигийн “Barbie” кинонууд нэг өдөр нээлтээ хийж, үзэгчдийг талцуулаад амжсан. Ширүүхэн өрсөлдөөнт эдгээр кинонуудаас ашиг орлогоороо тэргүүлж байгаа 10 киног хүргэж байна.

10. "ELEMENTAL"

Нээлтээ хийсэн огноо: Зургаадугаар сарын 16

Гал, ус, агаар, шороо гэх байгалийн элементүүд зэрэгцэн амьдардаг ертөнцөд өрнөх өхөөрдөм, сургамжтай анимэйшн “Elemental” нь 200 сая ам.долларын төсвөөр бүтэж, дэлхий даяар нийтдээ 459 сая ам.долларын ашиг олсноор уг жагсаалтын 10 дугаар байранд оржээ.

2023 оныг ашиг орлогоороо тэргүүлж буй 10 кино (фото 1)
2023 оныг ашиг орлогоороо тэргүүлж буй 10 кино (фото 2)

9. "ANT-MAN AND THE WASP: QUANTUMANIA"

Нээлтээ хийсэн огноо: Хоёрдугаар сарын 17

Marvel-ын хамгийн алдартай дүрүүдийн нэг болох Ant-Man ба түүний эргэн тойронд өрнөх сонирхолтой түүхийг өгүүлэх тус кино нь нийт 476 сая ам.долларын ашиг олжээ. Өмнөх ангиасаа хойш таван жилийн дараа гарсан учир үзэгчдийн хүлээлт харьцангуй өндөр байсан юм.

2023 оныг ашиг орлогоороо тэргүүлж буй 10 кино (фото 3)

8. "MISSION: IMPOSSIBLE - DEAD RECKONING PART I"

Нээлтээ хийсэн огноо: Долоодугаар сарын 10

“Биелэгдэшгүй даалгавар” нэрээр сэтгэлд хоногшсон кино маань тус жагсаалтын наймдугаар байранд орж, 541 сая ам.долларын ашгийг олжээ. Нийт 291 сая ам.долларын төсвөөр бүтсэн ба үргэлжлэл анги нь ирэх онд цацагдахаар болсон байна.

2023 оныг ашиг орлогоороо тэргүүлж буй 10 кино (фото 4)

7. "THE LITTLE MERMAID"

Нээлтээ хийсэн огноо: Тавдугаар сарын 26

Бяцхан лусын дагина Ариэлийн дүрд өнгөт арьст жүжигчин тоглуулсан хэмээн цацагдахаасаа ч өмнө шүүмжлэл дагуулаад байсан кино бол “The Little Mermaid”. Disney-н хамгийн өндөр өртгөөр бүтсэн киноны нэг 250 сая ам.доллароор хийгдэж, 586 сая ам.долларын ашгийг олж чаджээ.

2023 оныг ашиг орлогоороо тэргүүлж буй 10 кино (фото 5)

6. "SPIDER-MAN: ACROSS THE SPIDER-VERSE"

Нээлтээ хийсэн огноо: Зургаадугаар сарын 10

"Spider-Man: Across the Spider-Verse" нь 100 сая ам.долларын төсвөөр бүтсэн ч 687 сая ам.долларын ашгийг олж чаджээ. Мөн “Spider-Man: Beyond the Spider-Verse” хэмээх үргэлжлэл анги нь 2024 оны эхний хагаст цацагдахаар төлөвлөгдөж байгаа гэнэ.

2023 оныг ашиг орлогоороо тэргүүлж буй 10 кино (фото 6)

5. "FAST X"

Нээлтээ хийсэн огноо: Тавдугаар сарын 19

Хамгийн амжилттай яваа цуврал бүтээлүүдийн нэг бол “Галзуу хурд”. Энэхүү франчайз нь 12 бүрэн хэмжээний киноноос бүрддэг бөгөөд “Fast X” анги нь 704 сая ам.долларын ашгийг олжээ. Шинэ ангид жүжигчин Бри Ларсон, Жейсон Момоа нар тоглосон гэдгээрээ үзэгчдийг анхаарлыг ихэд татаж чадсан юм.

2023 оныг ашиг орлогоороо тэргүүлж буй 10 кино (фото 7)

4. "OPPENHEIMER"

Нээлтээ хийсэн огноо: Долоодугаар сарын 21

Нээлтээ хийгээд дөнгөж сар гаруйн хугацаа өнгөрсөн ч жагсаалтын дөрөвдүгээр байранд “Oppenheimer” кино бичигджээ. Атомын бөмбөгийн эцэг гэгддэг Америкийн физикч Роберт Оппенхаймерын тухай өгүүлэх тус бүтээл нь дэлхий даяар нийтдээ 723 сая ам.долларын ашиг олсон ба цаашдаа ч ашгийн хэмжээ нь өсөх магадлалтай аж.

2023 оныг ашиг орлогоороо тэргүүлж буй 10 кино (фото 8)

3. "GUARDIANS OF THE GALAXY VOL. 3"

Нээлтээ хийсэн огноо: Тавдугаар сарын 5

Marvel-ийн шүтэн бишрэгчдийн хамгийн их хүлээсэн кинонуудын нэг бол мэдээж “Guardians of The Galaxy Vol. 3”. Тус кино маань 250 сая ам.долларын төсвөөр бүтэж 845 сая ам.долларын ашгийг олж чаджээ. Үүнд “cameo” дүр буюу уригдаж тоглосон Сильвестр Сталлоне, Натан Филион, Элизабет Дебики зэрэг олон алдартай жүжигчид нөлөөлсөн биз ээ.

2023 оныг ашиг орлогоороо тэргүүлж буй 10 кино (фото 9)

2. "BARBIE"

Нээлтээ хийсэн огноо: Долоодугаар сарын 21

Энэ оны хамгийн тренд болж буй “Barbie” кино жагсаалтын хоёрдугаар байранд оржээ. Ягаахан ертөнцийн Барбигийн адал явдлыг харуулах уг кино 145 сая ам.долларын төсвөөр бүтэж нэг тэрбум 286 сая ам.долларын ашгийг олсон гайхалтай амжилтыг үзүүлээд байгаа юм. Одоогоор хараахан театруудаас буугаагүй байгаа тул тун удахгүй жагсаалтын нэгдүгээр байранд жагсах магадлалтай гэнэ.

2023 оныг ашиг орлогоороо тэргүүлж буй 10 кино (фото 10)

1. " THE SUPER MARIO BROS. MOVIE"

Нээлтээ хийсэн огноо: Дөрөвдүгээр сарын 5

Мариогийн хөгжилтэй адал явдлын талаар өгүүлэх тус бүтээл нь 100 сая ам.долларын төсвөөр бүтэж нэг тэрбум 359 сая ам.долларын ашгийг олж чаджээ. Дан ганц хүүхдүүдийн сонирхлыг татаад зогсохгүй насанд хүрэгчдийн бага насны дурсамжийг нь сэдрээдэг Марио энэ хэмжээний ашгийг олох нь аргагүй биз ээ. Мөн киноны албан ёсны саундтрек болох Баузер буюу жүжигчин Жек Блэкийн дуулсан “Peaches” дуу дэлхий даяар тренд болсон ба Youtube дээр одоогоор 80 сая гаруй үзэлттэй байгаа юм.

2023 оныг ашиг орлогоороо тэргүүлж буй 10 кино (фото 11)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх