Хайх

9-р сард нээлтээ хийх шинэ кино, цувралууд: “Dune”, “Sex Education” болон бусад

9-р сард нээлтээ хийх шинэ кино, цувралууд: “Dune”, “Sex Education” болон бусад

Text: Buro.Mongolia


Шинэ улирал эхэлж, удаан хугацааны турш хаалгаа барьсан кино театрууд маань ч нээгдлээ. Энэ сар шинэхэн кино бүтээлүүдээ театруудаар хүлээн авахын зэрэгцээ олны тэсэн ядан хүлээсэн цувралуудыг стриминг тавцангуудаар үзээрэй.

“Dune”

Энэхүү киног АНУ-ын зохиолч Фрэнк Хербертийн "Dune" романаас сэдэвлэн бүтээжээ. Киноны үйл явдал алс холын ирээдүйд өрнөх бөгөөд Тимоти Шаламегийн тоглосон сансрын "ханхүү" нь ертөнцийн хамгийн аюултай газруудын нэг болох Арракис гариг ​​руу аялсан тухай өгүүлэх юм. Баатарыг элс, төөнөсөн аагим халуун нар, аварга том мангасууд зэрэг маш аюултай адал явдлууд хүлээх болно. Уг шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд мөн Зендея, Жейсон Момоа, Оскар Айзек нар дүр бүтээсэн байна. Сонирхуулахад, киноны зураг авалт АНЭУ, Унгар, Иордан, Норвеги, Австри, Словак гэсэн зургаан оронд хийгдсэн тул маш үзэсгэлэнтэй дүр зургуудыг кино дээрээс харах боломжтой билээ.

Венецийн кино наадам, есдүгээр сарын 3

“Money Heist”, тавдугаар улирал

Өндөр амжилтад хүрч чадсан Испанийн "Money Heist" цувралын тавдугаар улирал төгсгөлийнх байх бөгөөд хоёр хэсэгт хуваагдаж гарах юм. Тодруулбал, эхний хэсэг саяхан буюу есдүгээр сарын 3-нд гарсан бол хоёрдугаар хэсэг нь энэ оны арванхоёрдугаар сарын 3-нд гараад дуусах байна. “Бид гол дүрийн гэмт хэрэгтнүүдийн бүлэглэлийг хэрхэн тараах талаар бараг нэг жил бодож тунгаасан. Профессорыг шоронд хэрхэн оруулах вэ гээд л... Эдгээр хэцүү эргэцүүллийн үр дүн нь тус цувралын тавдугаар улирал билээ. Тэдний тулаан хамгийн дээд цэгтээ хүрч, хэрцгий болох ч энэ нь хамгийн баатарлаг, сэтгэл хөдөлгөм улирал юм шүү" хэмээн цувралын зохиолч Алекс Пина хэлсэн юм. Түүний үгэнд итгээд шинэ улирлаа хүлээж авцгаая.

Netflix, есдүгээр сарын 3

“Scenes from a Marriage”

Тус богино хэмжээний цуврал нь 1970-аад оны эхээр Шведийн найруулагч Ингмар Бергманы найруулсан цувралаас сэдэвлэн бүтээсэн сэтгэлзүйн драма юм. Энэ удаад цувралын үйл явц орчин үеийн АНУ-ын нэгэн хотод өрнөх бөгөөд Жонатан, Мира нар арван жил ханилсныхаа дараа салах шийдвэр гаргаснаар хүнд хэцүү асуудлуудтай нүүр тулах болно. Гол дүрүүдэд Оскар Айзек, Жессика Частейн нар тоглосон байна. Жүжигчид өмнө нь “A Most Violent Year” гэх гэмт хэргийн тухай кинонд гэрлэсэн хосуудын дүрд тоглож байжээ. Тэгвэл энэ сарын 13-наас тэдний шинэ баатруудын харилцаа хэрхэн өрнөхийг хамтдаа харцгаая.

HBO, есдүгээр сарын 13

“The Morning Show”, хоёрдугаар улирал

“Өглөөний шоу” нэвтрүүлгийн тайзны арын амьдралын түүх үргэлжилсээр байна. Эхний улиралд телевизийн хөтлөгч нар бэлгийн дарамттай холбоотой хэд хэдэн хэргүүдийг хав дарсан телевизийн удирдлагыг илчилсэн. Тэгвэл хоёрдугаар улиралд корпорацын тэргүүн энэхүү дуулиан шуугианыг даван туулах зорилгоор Алекс Левиг (Женнифер Энистон) “Өглөөний шоу” нэвтрүүлэгтээ буцаж ирэхийг ятгах болно. Цувралын үйл явдал коронавирусын цар тахлын үеэр өрнөх бөгөөд шинэ улирлын гол сэдвүүдийн нэг нь арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэл байх болно.

APPLE TV+, есдүгээр сарын 17

Sex Education”, гуравдугаар улирал

Netflix тавцан өсвөр насныхны тухай "Sex Education" инээдмийн цувралын шинэ улирлыг тун удахгүй толилуулах гэж байна. Мурдейл сургуульд томоохон өөрчлөлтүүд гарахаар төлөвлөгдөж буй билээ. Тодруулбал, тус сургуульд өмнө нь сурч байсан нэгэн эмэгтэй шинэ захирлаар томилогдож, сургуулиа хамгийн шилдэг боловсролын байгууллага болгохоор зүтгэхээр шийдэх болно. Гуравдугаар улиралд баатрууд ямар адал явдлуудтай нүүр тулах бол? Мөн гол дүрүүд Отис, Мэйв нар хамт байж чадах эсэх нь олны санааг зовоож буй юм. Гэсэн хэдий ч шинэ улирал шүтэн бишрэгчдийн сэтгэлд нийцэх байх гэдэгт олон хүмүүс итгэлтэй байгаа билээ.

Netflix, есдүгээр сарын 17

“The Lost Symbol”

Энэхүү кинонд залуу профессор Роберт Лэнгдон өөрийн багш Питер Соломоны алга болсон хэргийг судлах болно. Тэрээр багшийгаа хүнд бэртэл авсан гэдгээс өөр мэдээлэлгүй байх учир хайх үйл явцдаа их саад бэрхшээлтэй тулгарах юм. Энэхүү детектив триллер киног Дэн Брауны романаас сэдэвлэсэн бөгөөд “The Da Vinci Code” киноны приквел бүтээлээр тооцож болох билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх