Хайх

Stranger Things, Loki, Gossip Girl: 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй 11 цуврал

2021 онд бидний үзэх цувралууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Шинэ он гарснаар хэд, хэдэн телевизийн цувралын зураг авалт эргээд хэвийн горимд шилжиж, тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тухайлбал HBO Max стриминг тавцангийн шинэ "Gossip Girl", Disney + сувгийн "WandaVision" болон бидний үзэхийг тэсэн ядан хүлээж байгаа бусад олон бүтээлүүд нээлтээ хийх болсныг Hypebae онцоллоо.

Dickinson, хоёрдугаар улирал

Хэзээ: Нэгдүгээр сарын 8

Америкийн алдарт яруу найрагч Эмили Дикинсоны амьдралаас сэдэвлэсэн энэхүү цувралын гол дүрд дуучин, жүжигчин Хейли Сайнфилд тоглосон байгаа. Цувралын хоёрдугаар бүлэгт залуу яруу найрагч бүсгүй алдар нэрт хүрэх бөгөөд хүмүүс түүний авьяасыг үнэлэх тусам Эмили өөртөө эргэлзэж эхэлнэ.

WandaVision

Хэзээ: Нэгдүгээр сарын 15

Marvel-ын супер баатрууд болох Ванда Максимов/Scarlett Witch болон Vision нарын тухай өгүүлэх уг цувралын үйл явдал "Avengers: Endgame" киноны дараах цаг үед өрнөнө. Тэд нэгэн жижиг хотод амар тайван амьдарч, гаднаасаа төгс хосууд шиг харагдана. Гэвч удалгүй тэд өөрсдийн харилцаандаа эргэлзэж эхлэх бөгөөд энэ үеэр амьдарч байгаа ертөнц нь нэг л биш байгааг олж мэддэг.

Batwoman, хоёрдугаар улирал

Хэзээ: Нэгдүгээр сарын 17

Цувралын эхний улиралд гол баатрыг жүжигчин Руби Роуз бүтээж байсан бол шинэ улирлаас эхлэн Жависия Лесли тоглохоор болсон байна. Deadline сэтгүүлийн тодорхойлсноор шинэ Batwoman улиг болсон Америк баатар биш бөгөөд харин хөгжилтэй, замбараагүй, мөн хүн бүрт таалагдах зан араншинтай байх болно гэжээ.

Fate: The Winx Saga

Хэзээ: Нэгдүгээр сарын 22

Анх 2004 онд Nickelodeon сувгаар гарч байсан анимэйшн цувралын үргэлжлэл. Ид шидийн сургуулийн таван сурагч дагинын адал явдлыг цувралд харуулна. Дагинууд шидтэний ур чадвараа дээшлүүлэхээр суралцахын зэрэгцээ шидэт ертөнцийн цаашдын оршин тогтнолыг мангасуудаас хамгаалах хэрэг гарна.

Loki

Хэзээ: Тавдугаар сар

Та Локиг үзэн яддаг ч бай эсвэл хайрладаг ч бай, тэр ямартаа ч нөгөө ертөнцөөс эргэн ирлээ! Локи "Avengers: Endgame" кинонд цаг хугацаагаар аялуулдаг тессерактыг хулгайлдаг бол шинэ цувралд түүний энэхүү аялал хэрхэн өрнөснийг харуулах болно.

Gossip Girl

Хэзээ: 2021 оны зун

Stranger Things, Loki, Gossip Girl: 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй 11 цуврал (фото 1)

HBO Max стриминг платформ алдарт "Gossip Girl" цувралыг цоо шинэ жүжигчидтэйгээр шинэчлэн бүтээсэн билээ. Цувралын үйл явдал анхны "Gossip Girl"-ын төгсгөлөөс найман жилийн дараа Нью-Йорк хотноо өрнөж, шинэ үеийн залуус болон олон нийтийн сүлжээний эрин үеийг илүү дэлгэрэнгүй харуулна.

Colin in Black & White

Хэзээ: Тодорхойгүй

Stranger Things, Loki, Gossip Girl: 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй 11 цуврал (фото 2)

Энэхүү цуврал нь Америк хөл бөмбөгийн тамирчин, хүний эрхийн тэмцэгч Колин Каперникийн ахлах сургуульд сурч байх үе болон цагаан арьст гэр бүлд өссөн түүхийг нь харуулах юм. Жүжигчин Жэйден Майкл, Мэри Луис Паркер, Ник Офферман нар гол дүрүүдэд тогложээ.

Inventing Anna

Хэзээ: Тодорхойгүй

Stranger Things, Loki, Gossip Girl: 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй 11 цуврал (фото 3)

Алдарт продюсер Шонда Раймсын бүтээсэн энэхүү цуврал нь The New York Magazine сэтгүүлийн нийтлэлээс сэдэвлэгдсэн юм. Үйл явдалд бодит амьдрал дээр олон хүнийг хуурч мэхэлсэн Анна Дельви гэх залилагч бүсгүйн тухай өгүүлэх болно. Харин түүний дүрийг жүжигчин Жулия Гарнер бүтээсэн байна.

Never Have I Ever, хоёрдугаар улирал

Хэзээ: Тодорхойгүй

Stranger Things, Loki, Gossip Girl: 2021 оны хамгийн өндөр хүлээлттэй 11 цуврал (фото 4)

Гарсан даруйдаа асар их амжилтад хүрсэн "Never Have I Ever" инээдмийн цувралыг Netflix үргэлжлүүлэхээр болжээ. Цувралыг Минди Кэйлинг болон Лэнг Фишер нар бүтээсэн бөгөөд үйл явдалд Энэтхэг гаралтай Америк өсвөр насны охины тухай өгүүлдэг.

Sex Education, гуравдугаар улирал

Хэзээ: Тодорхойгүй

Мэйв болон Отис нар энэ удаад хамтдаа аз жаргалтай байж чадах болов уу? Энэ асуултын хариуг бид энэ онд багтаж цацагдах гуравдугаар улирлаас олж мэдэх болно. Сонирхуулахад Харри Поттерын кинонуудад Драко Мэлфойгийн аавын дүрийг бүтээсэн жүжигчин Жейсон Айзекс жүжигчдийн баг нэгдэхээр болсон байна.

"Stranger Things", дөрөвдүгээр улирал

Хэзээ: Тодорхойгүй

Өнгөрсөн улирлын төгсгөлд бид Хоппер Оросын нэгэн шоронд амьд байгааг олж мэдсэн. Тэгвэл шинэ улиралд тэрээр шоронд албан хүчээр хүнд хүчир ажил хийж байгаа нь трейлерээс тодорхой болж байна. Харин энэ хооронд "Stranger Things"-ийн гол баатрууд нөгөө ертөнцийн аймшигт мангасуудтай тэмцэх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх