Хайх

Арваннэгдүгээр сард цацагдах шинэ цуврал, кинонууд

Text: Buro.Mongolia


Оны сүүлээр олон чанартай бүтээлүүд зэрэгцэн нээлтээ хийж кинонд дурлагсдын мэлмийг баясгах нь ээ. Бидний зүгээс үзэгчдийн дунд хамгийн өндөр хүлээлттэй байгаа ирэх сард цацагдах цуврал, кинонуудыг онцлон хүргэж байна.


Black Cake

Цацагдах огноо: Арваннэгдүгээр сарын 1

Ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн нууцлаг, триллер төрлийн тус цувралд Элеонор Беннетт хэмээх бүсгүй хорт хавдраар өөд болж, хүүхдүүддээ Карибын тэнгисээс Америк руу аялсан аймшигт түүхээ багтаасан флашийг үлдээснээр үйл явдал эхэлнэ. Улмаар хүүхдүүд нь өвөг дээдэс, гэр бүл болон ээжийнхээ цочирдом түүхийг олж мэднэ.


Moon in The Day

Цацагдах огноо: Арваннэгдүгээр сарын 1

“Penthouse” цувралаараа олны хайрыг булааж чадсан залуу жүжигчин Ким Ён Дэгийн ээлжит бүтээл үзэгчдийн анхаарлыг ихээхэн татаж байгаа гэнэ. Учир нь маш алдартай ижил нэрт webtoon-ээс (Өмнөд Солонгосын дижитал комикс) сэдэвлэн хийгдэж байгаа ба эмэгтэй гол дүрийг Пю Еэ Жин бүтээх юм. Цувралын хувьд нэгэн алдартан залуугийн биед золгүй байдлаар өөд болсон хүний сүнс орох ба тэрээр өөрийгөө яагаад үхсэн талаар олж мэдэхээр үйл явдал эхэлнэ.


The Marvels

Нээлтээ хийх огноо: Арваннэгдүгээр сарын 10

Эмэгтэй баатруудын сүр хүчийг үзүүлэх “The Marvels” кино удаан хүлээлгэсний эцэст үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Өмнөд Солонгос улсын алдарт жүжигчин Пак Со Жүн ахмад Марвел буюу Кэрол Денверсийн нөхөр, ханхүү Яны дүрээр Холливүүдын карьераа эхлүүлж байгаа гэдгээрээ онцлог юм.


A Murder at the End of the World

Цацагдах огноо: Арваннэгдүгээр сарын 14

Технологид мэргэшсэн өсвөр насны Дарби Харт охин ямар ч системд нэвтэрч, хакердах тал дээрээ гоц гойд чадвартай. Нэгэн өдөр тэрээр нууцлаг уулзалтад найз залуугийнхаа хамтаар уригдана. Гэвч уулзалтад ирсэн зочид нэг нэгээрээ учир битүүлгээр алагдах ба Дарби өөрийнхөө чадварыг ашиглаж үхлийн шалтгааныг олохоор хичээнэ.


The Hunger Games: The Ballad of Songbirds & Snakes

Нээлтээ хийх огноо: Арваннэгдүгээр сарын 17

“The Hunger Games” буюу бидний дунд “Өлсгөлөн тулаан” нэрээрээ алдартай франчайзын сфин-офф бүтээл нь цоо шинэ түүхийг өгүүлэх бөгөөд бидний сайн мэдэх дүр Кэтнисс Эвердинд тохиолдсон явдлаас 64 жилийн өмнөх адал явдлыг тус киногоор үзэгчдэд хүргэх юм. Жүжигчдийн бүрэлдэхүүнд “Euphoria” цувралаараа алдартай жүжигчин Хантер Шафер голлох дүрүүдийн нэгт багтсан билээ.


Believer 2

Нээлтээ хийх огноо: Арваннэгдүгээр сарын 17

Эхний анги нь 2018 онд үзэгчдийн хүртээл болж багагүй амжилт үзүүлж байсан түүхтэй. Энэхүү үргэлжлэл анги дээр мөрдөгч Вон У ажилдаа эргэн ирж дахин хар тамхины хэргийг шалгаж буй талаар өгүүлэх юм. Түүнчлэн гэнэн цайлган дүрд тоглодгоороо алдартай жүжигчин Хан Хю Жу аймшигт алуурчин, хар тамхины наймаачны дүрийг бүтээж байгаа гэдгээрээ хүлээлт үүсгээд байгаа билээ.


Trolls Band Together

Нээлтээ хийх огноо: Арваннэгдүгээр сарын 17

Бяцхан троллуудын өхөөрдөм, сонирхолтой, дуу хөгжмөөр дүүрэн түүх үргэлжилсээр. Энэ удаад Брэнчийг багад нь орхин явсан төрсөн ах нар нь эргэн ирнэ. Гайхалтай нь тэд Поппигийн шүтэн биширдэг байсан алдартай хөвгүүдийн хамтлагийн гишүүд ба Брэнчийг хамтлагт нэгдэхийг шаардсанаар үйл явдал өрнөх аж.


My Demon

Цацагдах огноо: Арваннэгдүгээр сарын 24

Томоохон группийн өв залгамжлагч бүсгүй Ду Ду Хи байр сууриа алдахгүйн тулд хуурамч хурим хийхээр чөтгөртэй гэрээ байгуулна. Аймшиггүй, хүйтэн хөндий чөтгөр Ду Хи бүсгүйтэй уулзсанаасаа хойш гэнэт хүчээ алдаж, хуурамч гэрлэлтийн турш хүний дүрд хувирахаас өөр аргагүйд хүрнэ.


The Story of Park’s Marriage Contract

Цацагдах огноо: Арваннэгдүгээр сарын 27

Нэгэн бүсгүй санамсаргүй байдлаар 19-р зуунаас одоо цаг үед шилжин ирнэ. Харин түүний уулзсан хамгийн эхний хүн нь өнгөрсөнд нас барсан нөхөртэй нь яг ижилхэн царайтай төдийгүй ижилхэн зүрхний өвчтэй нэгэн байв. Ийнхүү бүсгүй түүнтэй ойртож, сонирхолтой адал явдлууд өрнөнө.


Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх