Хайх

“TUDUM”: Netflix-ийн цахим арга хэмжээ дээр танилцуулагдсан 12 кино

“TUDUM”: Netflix-ийн цахим арга хэмжээ дээр танилцуулагдсан 12 кино

Таны анхаарлыг татах кино бүтээлүүд

Text: Buro.Mongolia


Есдүгээр сарын 25-нд Netflix стриминг тавцан шүтэн бишрэгчдэд зориулсан “TUDUM: A NETFLIX GLOBAL FAN EVENT” гэх цахим арга хэмжээ зохион байгуулсан билээ. Нийт гурван цаг гаруй үргэлжилсэн тус арга хэмжээнд ойролцоогоор 70 кино болон цувралын гол дүрүүд өөрсдийн тоглосон бүтээлүүдийн талаар сонирхолтой зүйлс ярьж өгсөн байна. Мөн арга хэмжээн дээр ойрын хугацаанд олны хүртээл болох шинэ кино болон цувралуудын трейлэрүүдийг танилцуулаад амжсан юм. Тэгвэл бид Netflix-ийн танилцуулсан хамгийн сонирхол татсан 12 киноны трейлэрийг хүргэж байна.

“Stranger Things”, дөрөвдүгээр улирал

Гол дүрийн баатрууд энэ удаад нэгэн эзгүй байшинд очиж, өмнө нь тэнд ямар аймшигтай зүйлс болж өнгөрсөн талаар судлах шаардлагатай болно. Дастин Шэрлок Холмсын хэлсэн үгийг иш татаж байгаа нь тизер бичлэгээс харагдана. Бага зэрэг ойлгомжгүй байгаа ч шүтэн бишрэгчид шинэ ангиудыг тэсэн ядан хүлээж байгаа билээ. Дөрөвдүгээр улирал 2022 онд гарахаар товлогдож байна.

“The Witcher”, хоёрдугаар улирал

Цахим танилцуулга дээр цувралын шинэ улирлын бүрэн хэмжээний трейлэрийг танилцуулсан бөгөөд шинэ ангиудад орох хэсгүүдээс хуваалцсан байна. 

Эхний танилцуулсан хэсэг дээр гол дүрийн баатар Геральт хуучны найз Нивеллентай учирч буйг харуулсан юм. Нивеллений дүрийг “Game of Thrones” цуврал дээр Тормунд дүрээрээ алдаршсан жүжигчин Кристофер Хивью бүтээжээ.

Харин хоёрдугаар хэсэгт Геральт Цириг хамгаалахын тулд нэгэн айдас дагуулсан мангастай тулалдахад бэлдэж буй харагдсан юм. Хоёрдугаар улирал энэ оны арванхоёрдугаар сарын 17-нд Netflix тавцнаа гарахаар төлөвлөгдөж байна.

“The Sandman”, эхний улирал

Энэхүү цувралыг Нил Гейманы комик номоос сэдэвлэн бүтээжээ. Тус цувралд зүүдний эзэн Морфейг хэрхэн жирийн нэгэн хүн дуудаж барьж авсан талаар өгүүлэх юм. Ер бусын Морфейн дүрд Том Старриж тоглосон байна. Одоогоор цуврал хэзээ гарах нь тодорхойгүй байгаа билээ.

“Emily in Paris”, хоёрдугаар улирал

Олны хайрыг хүртсэн уг цувралын дараагийн улирал энэ оны арванхоёрдугаар сарын 22-нд гарахаар болжээ. Эмили найзуудын хамтаар Сен-Тропе хотод амарч буй нь богино хэмжээний тизер бичлэгт харагдсан юм. “Emily in Paris” цувралын хоёрдугаар улирлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.

“Army of Thieves”

Энэхүү кино нь энэ онд Netflix тавцан дээр нээлтээ хийсэн “Army of the Dead” киноны приквел бүтээл юм. Шинэ кино бүтээлд Людвиг Дитер гэх сейфний нууц кодыг гарамгай тайлдаг дээрэмчний талаар өгүүлэх бөгөөд тэрээр эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийн багт нэгддэг байна. Тэд хамтдаа хэд хэдэн томоохон дээрэм хийх болно.

“RED NOTICE”

Танилцуулгын үеэр алдарт Дуэйн Жонсон, Райан Рейнольдс, Галь Гадот нарын тоглосон шинэ киноны хэсгээс үзүүлсэн билээ. Дуэйн Жонсон энэхүү кино нь Netflix тавцангийн хамгийн гайхалтай бүтээл байх болно хэмээн амласан юм. Тус кино бүтээл энэ оны арваннэгдүгээр сарын 12-нд гарахаар товлогдож байна.

“Cowboy Bebop”, эхний улирал

Японы алдарт анимейшнээс сэдэвлэн бүтээсэн уг цуврал энэ оны арваннэгдүгээр сарын 19-нд олны хүртээл болох юм. Цахим арга хэмжээн дээр Netflix тавцан зөвхөн цувралын нүүр зургийг танилцуулсан байна.

“Ozark”, дөрөвдүгээр улирал

Алдарт гэмт хэргийн тухай цувралын дөрөвдүгээр улирал 2022 онд гарах бөгөөд энэ нь төгсгөлийн улирал болох байна. Түүнчлэн төгсгөлийн улирлыг хоёр хэсэгт хувааж гаргахаар болжээ.

“Colin in Black & White”

Тус баримтат цуврал нь Америк хөлбөмбөг тоглогч Колин Каперникийн тухай өгүүлэх билээ. Тэрээр цагдаа нарын авч буй харгис арга хэмжээнүүдийг эсэргүүцэн тоглолт бүрийн өмнө төрийн дуулал явж байхад нэг өвдөг дээрээ сөгдөн суудаг болсноороо алдаршсан юм. Түүний энэ үйлдлийг бусад тамирчид ч дагадаг болсон билээ. Энэхүү богино хэмжээний цуврал нь Колины өсөж том болж буй түүхийг үзэгчдэд харуулах юм. Хөлбөмбөгчин өөрөө цувралын турш түүхээ ярьж өгөх бөгөөд залуу Колины дүрд Жейден Майкл тоглосон байна.

“JEEN-YUHS”

Рэппер Канье Уэстын талаарх баримтат киноны нэрийг “genius” буюу суут ухаантан хэмээн орчуулж болох юм. Найруулагчид энэхүү бүтээл дээр ойролцоогоор 20 жилийн турш ажилласан бөгөөд аль 2002 оны үед хийгдсэн бичлэгийг тизерээс нь харах боломжтой байна. Уг кино гурван хэсэгт хуваагдаж гарахаар болсон бөгөөд 2022 онд нээлтээ хийнэ.

“Bridgerton”, хоёрдугаар улирал

Танилцуулга дээр мөн алдарт “Bridgerton” цувралын шинэ улирлын тизер бичлэгийг хүргэсэн байна. Бичлэгт Энтони Брижертон болон Лондон хот руу саяхан нүүж ирсэн Кэтрин Шэффилд нарын ширүүн яриаг харуулсан юм. Олны таамаглаж буйгаар хоёр баатрын хооронд хайрын харилцаа үүсэх өндөр магадлалтай байна. Цувралын хоёрдугаар улирал 2022 оны хавар гарна. 

“The Crown”, тавдугаар улирал

Харин “The Crown” цувралын тавдугаар улирлын талаар хатан хаан II Элизабет буюу жүжигчин Имелда Стонтон тизер бичлэгт ярьж өгсөн юм. Шинэ улирал 2022 оны арваннэгдүгээр сард олны хүртээл болох байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх