Хайх

\"Game of Thrones\" цувралын төгсгөл яагаад хүн бүхний дургүйцлийг хүргэж байна вэ?

"Game of Thrones" цувралын төгсгөл яагаад хүн бүхний дургүйцлийг хүргэж байна вэ?

Спойлероос болгоомжил!

Text: Г.Тэмүүлэн


Ингээд л гүйцээ. Нийт найман жил, найман улирал, 73 ангийн дараа HBO телевизийн алдарт "Game of Thrones" цуврал өндөрлөж бидний "манаа" дууслаа. Телевизийн салбарыг өөрчилсөн агуу бүтээл төгсөж байгаагаас илүүтэй урам хугарам төгсгөлтэй байсан нь гунигтай санагдаж байна. Долоодугаар улирал хүртэл телевизийн түүхэнд бүтээгдсэн хамгийн агуу цуврал хэмээн өргөмжлөгдөж, долоон бүлгийн түүхэнд хэзээ ч 90%-иас доош үнэлгээ авч байгаагүй энэхүү цувралын төгсгөл шүүмжлэгчдээс асар муу үнэлгээ авч, шүтэн бишрэгчдийн урмыг хугалж, үзэгчдийн итгэл найдварыг хөсөр хаяад зогсохгүй дээрээс нь гишгэлсэн юм. Хэдийгээр цувралын төгсгөлийн ангийг HBO сувгаар цацагдсан даруйд нь 13,6 сая хүн шууд үзэж, тус телевизийн хамгийн өндөр үзэлттэй шоу болсон ч сүүлчийн улирлын тавдугаар анги ("The Bell") 47% үнэлгээ авч цувралын түүхэн дэх хамгийн доод рекордыг тогтоосон. Мөн наймдугаар улирал бүхэлдээ Rotten Tomatoes вебсайтаас ердөө 67% үнэлгээ авсан юм.

Ингээд ч зогсохгүй шүтэн бишрэгчид цувралын продюсерууд болох Д.Б. Уайс ба Дэвид Бениофф нарыг "Муу кино зохиолчид" хэмээн шүүмжилж, сайн зохиол бичиж чадах шинэ уран бүтээлчдээр наймдугаар улирлыг дахин хийлгэхийг шаардсан бөгөөд 1,400,000 гаруй хүн энэ санаачилгыг дэмжин change.org тавцан дээр өргөдөл гаргажээ. Шүтэн бишрэгчдийн уур хилэн гарч, шуугиан намжаагүй байгаа энэ үед бид яагаад наймдугаар улирал ийм нөхцөл байдалд хүрснийг тайлбарлаж байна.

Тэдэнд бэлэн болсон эх зохиол байгаагүй

"Game of Thrones" цувралын төгсгөл яагаад хүн бүхний дургүйцлийг хүргэж байна вэ? (фото 1)

"Хаан ширээний тоглоом" цуврал нь Жорж Р.Р. Мартины "Гал мөсний дуун" цуврал номоос сэдэвлэн бүтээгдсэн гэдгийг хүн бүр мэдэх биз ээ. Гэхдээ алдарт зохиолч эхний таван номыг л бичсэн юм. Үүнээс цааш Дэн Уайс, Дэвид Бениофф нар Жорж Мартины "ноорог цааснуудыг" ашиглан цувралыг үргэлжүүлэх хэрэг гарсан. Өөрөөр хэлбэл тэд сүүлчийн хоёр улиралд алдарт зохиолчийн хэлж өгсөн онцлох мөчүүдийг дэлгэрүүлэлгүй, байгаагаар нь зүгээр л тоочоод орхисон мэт сэтгэгдэл төрөх болно.

Тэд дүрүүдийг хөгжүүлээгүй

"Game of Thrones" цувралын төгсгөл яагаад хүн бүхний дургүйцлийг хүргэж байна вэ? (фото 2)

Эцсийн мөчид Дейенерис Таргариеныг Жон Сноу хөнөөхийг үзэгчид хүлээж байсан нь үнэн. Үүний шалтгаан нь Дейенерис Таргариен олон сая хүнийг галд шатаан хядаж, цаашид ч Долоон вант улсад дарангуйллаа тогтоож, мөн түүний замд садаа хийсэн хэн бүхнийг арчиж хаях зорилготой байсан. Гэхдээ тэрээр аажим, аажмаар хувьсан өөрчлөгдөх бус үнэнч зөвлөхийнхөө үхлийн дараа шууд л цувралын гол дайсан болон хувирдаг. Гэтэл Миссандей Луугийн эхийг огцом "Галзуу хатан" болгох хэмжээний дүр биш. Өөрөөр хэлбэл продюсерууд Дейенерис Таргариены хар бараан тал, дотоод зөрчилдөөнийг үзэгчдэд харуулж, энэ баатрыг хангалттай хөгжүүлж чадаагүй. Мөн чухал сэдвээ хөндөж, гол асуултууддаа хариулахын оронд туслах дүрүүдийн хоорондын харилцаанд (Клигейний ах дүүсийн тулаан гэх мэт) анхаарал төвлөрүүлэн, хэт их цаг зарцуулсан, номонд гардаг догь дүрүүдийг цувралд хэт жул харагдуулсан (Эурон Грейжойг санахад л хангалттай) гэх мэт олон дутагдал бий.

Тэд цувралыг хурдан дуусгах гэж яарч, халтуурдсан

"Game of Thrones" цувралын төгсгөл яагаад хүн бүхний дургүйцлийг хүргэж байна вэ? (фото 3)

Үзэгчид цувралыг дуусгахыг хүсээгүй. Үүгээр ч барахгүй HBO телевиз ч цувралыг дуусгахыг хүсээгүй. Tус сувгийн төлөөлөгчид цувралын төгсгөлд илүү олон анги гаргахыг хүсэж, үүний тулд продюсеруудыг шаардлагатай гэсэн бүх зүйлээр нь хангаж өгнө гэдгээ мэдэгдэж байсан ч Дэн Уайс, Дэвид Бениофф нар аль болох хурдан дуусгахыг хичээж, сүүлийн улирлыг ердөө 6 ангид багтаахаар шийдсэн. Энэ явцдаа тэд цувралын эхний улирлаас эхлэн Мартины ертөнцийн түлхүүр болсон Азор Ахай буюу Вестеросыг түнэр харанхуйгаас аврах баатрын зөгнөлийг үл тоомсорлож, ямар ч хариулт өгөөгүй. Үүнээс гадна тэднийг хэт хурдан дуусгах гэж яарч, халтуурдсаныг Дейенерисийн өмнө тавьсан Starbucks-ын кофены аяга, Сэмвелл Тарлигийн хөлийн ард байсан цэвэр усны хуванцар сав, Жейми Ланнистерын ид шидийн мэтээр ургасан гар батална. Ямартаа ч кино шүүмжлэгчид болон үзэгчид "Game of Thrones"-ыг бүр мөсөн дуусгахад дахин 1-2 улирал хэрэгтэй байсан гэж үзэж байгаа бөгөөд ийм төгсгөл үзсэнээс Жорж Р.Р. Мартиныг зохиолоо бичиж дуусгахыг хүлээхэд бэлэн байгаа хүмүүс ч Twitter-т цөөнгүй байна.

Тэд биднийг гайхшруулах гэж хэт хичээсэн

"Game of Thrones" цувралын төгсгөл яагаад хүн бүхний дургүйцлийг хүргэж байна вэ? (фото 4)

Жорж Р.Р. Мартин анхнаасаа үйл явдлыг бага, багаар босгож, дүрүүдийг аажмаар холбож, хоорондоо уялдаа, авцалдаатай нэгэн бүхэл ертөнц үүсгэсэн. Мэдээж үзэгчдийг цочролд оруулах үйл явдлууд олон гарсан. Гэхдээ зохиолч үүнийг утга учиртай, логиктой хийж байсан юм. Харин цувралын сүүлийн улиралд продюсерууд ингэж чадаагүй. Жишээ нь Тормундын утга, учиргүй хошигнол, Арья ба Гендри нарын хамтдаа өнгөрүүлсэн шөнө, Жейми Ланнистерын Бриеннд гаргасан "өгөөмөр" зан гэх мэт шаардлагагүй, сул үйл явдлууд ихтэй байсан. Мөн эцэст нь Шөнийн хааныг яагаад гэнэт Арья Старк хөнөөсөн нь үнэхээр гайхалтай. Учир нь цувралд Шөнийн хаан болон түүний цагаан үхдэлүүдээс бүрдсэн арми Умардыг найман жилийн турш айдас хүйдэст автуулж, гол дайсан нь байсаар ирсэн. Тэгвэл зөгнөлийн дагуу амьд хүмүүсийн ертөнцөд Азор Ахай дахин төрж, өөрийн "Lightbringer" сэлмээр ард түмнийг аварна хэмээн зөгнөсөн байдаг. Цувралын үйл явдлын дагуу Жон Сноу эсвэл Бран Старкын хувь заяа анхнаасаа Шөнийн хаанатай нягт холбоотой байсаар ирсэн бөгөөд олон хүн тэдний нэгийг Азор Ахай хэмээн таамаглаж байсан. Мэдээж Арья хамгийн догь дүрүүдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй ч тэр Шөнийн хаан болон түүний армийн аюулын талаар дөнгөж долоодугаар улирлын төгсгөлд л олж мэддэг. Энэхүү зохиолын эргэлтийг продюсерууд "Вау-эффект" үзүүлэхийн тулд хийсэн хэмээн тайлбарласан ч эцсийн үр дүнд Жон болон Бран нарын дүр утга учраа алдаж байгаа юм.

Гэхдээ...

"Game of Thrones" цувралын төгсгөл яагаад хүн бүхний дургүйцлийг хүргэж байна вэ? (фото 5)

Ямар ч тохиолдолд энэхүү цуврал бидэнд маш их зүйлийг өгсөн. Телевизийн салбарт маш өндөр стандарт тогтоож, компьютер графикийн гайхамшгийг харуулж, цуврал киноны үнэ цэнэ, хүч чадлыг нэмэгдүүлж, жүжигчид болон бусад уран бүтээлчдийн карьерын эхлэлийг тавьж, бүр олон хүний аяллын маршрутыг хүртэл зохиож өгсөн. Ингээд ч зогсохгүй цуврал дээр суурилсан олон шинжлэх ухааны судалгаа, нийтлэлүүд төрөн гарч, хэн нэгнийг түүхийн хичээлээ дахин давтахад хүргэсэн юм. Тиймээс ямар ч төгсгөлтэй байсан орчин үеийн кино урлаг, поп-соёлын гоц үзэгдэл болсон цувралдаа Ариана Грандегийн дуу шиг "Баярлалаа, дараагийнх нь" гэж хэлээд дэлхий нийтийг дахин гайхшруулж (эсвэл уурлуулж) чадах дараагийн бүтээлийг хүлээцгээе!

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх