Хайх

Леонардо ДиКаприо 20 жил мөрөөдсөн зүйлдээ хүрлээ

Леонардо ДиКаприо 20 жил мөрөөдсөн зүйлдээ хүрлээ

24 төрлийн хүн

Text: Buro.Mongolia


Нэг хүний дотор маш олон төрлийн зан чанар зөрчилдөж байна гэдэг энгийн хүмүүст төсөөлшгүй зүйл. Гэвч ийм хүмүүс үнэхээр байдаг ба тэдэн дотроос хамгийн өвөрмөц, хүнд хэцүү амьдралтай хүн болох Билли Миллиганы бодит амьдралаас сэдэвлэн бүтээж буй кинонд Леонардо ДиКаприо тоглохоор болжээ

Билли Миллиган хойд эцэгтээ байнга зодуулж, гэр бүлийн хүчирхийлэл дор бага насаа өнгөрөөсний улмаас 24 төрлийн өөр зан авиртай буюу 24 хүний хуурамч дүрд хувирдаг мэдрэлийн өвчтэй болсон аж. Тэрээр 2014 онд 59 насандаа өөд болсон бөгөөд амьд байх хугацаандаа хүн барьцаалсан, галт зэвсэгтэй хулгай хийсэн, хүчирхийлэл үйлдсэн гэх мэт олон гэмт хэрэгт холбогдож байсан юм. Гэвч тэр цагдаад мэдүүлэг өгөхдөө энэ үйлдлүүдийг өөрөөс нь өөр хүн хийсэн гэж ярьдаг байжээ. Цагдаа, эмч, өмгөөлөгч нар үүнийг нь баталсан ба түүний дотор оршдог "өөр" төрлийн хүмүүс тэдгээр гэмт хэргийг үйлдсэн гэсэн дүгнэлтэнд хүрч, Миллиганыг шоронд бус сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлжээ. Тэрээр ийнхүү хүн төрөлхтний түүхэнд үйлдсэн хэргээ өөрөө хариуцахгүй, дотоод хүндээ тохож, ял авалгүй үлдсэн хамгийн анхны хүн болсон байна.

Түүний амьдралын тухай өгүүлсэн ном зохиол Франц, Япон, Тайван гэх зэрэг 14 орны хэл дээр орчуулагдан гарсан ба кино бүтээл болох гэж байжээ. Гэвч тэрхүү кино төслийн явцдаа асуудалтай тулгарсан байна. Учир нь алдарт найруулагч Жeймс Камерон уг киног бүтээж байх үед номын зохиолч нь нэмэлт мөнгө шаардаж, асуудал шүүхэд шилжсэнээр тэд кино төслөө цуцалжээ. Энэ үеэр жүжигчин Жонни Дeпп, Брэд Питт нар энэхүү киноны гол дүрд тоглох хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан ба найруулагч Дэвид Финчер, Жоэл Шумахер нар Билли Миллиганы киног найруулах хүсэлтээ тавьж байжээ.

Тэгвэл одоо алдарт зохиолч Даниел Кийсийн бичсэн "Билли Миллиганы бодол" хэмээх намтар номоос сэдэвлэж энэхүү киног дахин бүтээхээр болжээ. The Crowded Room гэх нэртэй гарах киноны гол дүрд Леонардо ДиКаприо тоглох ба 1997 оноос хойш тэрээр энэхүү дүрд тоглохыг хүсдэг байсан юм. Одоо ДиКаприогийн хувийн компани киноны зохиолыг бичүүлэхээр Жэйсон Смиловик, Тодд Кацберг нартай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн ба кино зохиол гарсны дараа найруулагчаа сонгоно гэж мэдэгдсэн байна.

Билли Миллиганы эгч Кeти Престон хэлэхдээ "Би Биллигийн тухай кино гарахад дургүйцэхгүй. Учир нь хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн сэтгэл зүйд анхаарал тавилгүй зөнгөөр нь орхивол хүний амьдралыг хэрхэн өөрчилж, аюултай үр дүнд хүрдэгийг мэдэж аваасай гэж хүсэж байна" гэжээ.

Судлаачид Биллиг амьд байх хугацаандаа дотроо 24 төрлийн өөр хүн тээж явсан гэж тогтоосон аж. Үүнээс арав нь ухамсартай, 13 нь бие даасан ухамсаргүй буюу тогтворгүй, нэг нь бие даасан хүн гэж тодорхойлж байжээ. За тэгэхээр Леонардо ДиКаприо бид бүхэнд удахгүй Билли Миллиганы дотор оршиж байсан 24 хүний дүрийг танилцуулах нь ээ. 

цааш үзэх