Хайх

“Money Heist” цувралын төгсгөлийн хэсгийн трейлэр цацагдлаа

“Money Heist” цувралын төгсгөлийн хэсгийн трейлэр цацагдлаа

Хэрхэн төгсөх бол?

Text: Buro.Mongolia


Энэхүү нийтлэл нь “Money Heist” цувралын спойлер агуулсан болохыг анхаарна уу.

Netflix стриминг платформ Испанийн алдарт “Money Heist” цувралын шинэ хэсгийн трейлэрийг танилцууллаа. Өндөр амжилтад хүрч чадсан энэхүү цувралын тавдугаар улирал төгсгөлийнх байх бөгөөд хоёр хэсэгт хуваагдсан юм. Тодруулбал, эхний хэсэг өнгөрөгч есдүгээр сарын 3-нд цацагдсан бол хоёрдугаар хэсэг нь энэ оны арванхоёрдугаар сарын 3-нд гарах байна.

Тус трейлэрт Профессор өөрийн бүлэглэлийн гишүүдийн гацсан байгаа Испанийн төв банкны байранд өөрийн биеэр очиж буй харагдана. Мөн эхний хэсгийн сүүлийн ангид дур булаам, зоригтой Токио тулалдааны үеэр амиа алдсаны улмаас бүлэглэлийн гишүүд ихэд сэтгэлээр унаж, хямарсан байгаа нь илт байна.

Түүнчлэн трейлэрээс гэмт бүлэглэл болон цэргийн хүчнийхний хооронд ширүүн мөргөлдөөн үүссэнийг харах боломжтой. Бичлэгийн турш Band of Horses хамтлагийн сэтгэл хөдөлгөм "The Funeral" дуу эгшиглэж байлаа.

“Бид дээрмийг зогсоох даалгаврын дагуу ийшээ ирсэн. Тийм учраас бид зорилгоо биелүүлэх болно” хэмээн цэргийн хүчний ахлагч хэлсэн юм.

Цувралын төгсгөлийн хэсэгт Профессорын бүлэглэл Испанийн төв банкинд аль хэдийнэ 100 гаруй цагийг өнгөрүүлж, цэргийнхнээс өөрсдийгөө хамгаалах гэж оролдож буй үйл явдлуудыг харуулах болно. Энэ удаад баатрууд өөрсдийн амь насаа эрсдэлд оруулж, шийдвэрлэх тулаанд оролцох шаардлагатай болох юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх