Хайх

Цагаан хэрмийг давах нь: Холливүүд яагаад Хятадыг онцгойлох болов?

Цагаан хэрмийг давах нь: Холливүүд яагаад Хятадыг онцгойлох болов?

Text: Х.Батсүх


Зураг: Hollywood Reporter

Бага зэрэг сүржин ч гэсэн, дэлхийн кино урлаг ба энтертaйнмент бизнесийн ирээдүйн уриа ийм байх нь нэгэнт тодорхой болжээ. Саяхныг болтол дэлхийн кино урлаг, бизнесийн хамгийн том гүрэн нь АНУ, хамгийн том брэнд нь Холливүүд байв. Харин өнгөрсөн таван жилийн хугацаанд энэ нөхцөл байдал орвонгоороо өөрчлөгдөж байна. Ингээд энэ удаагийн нийтлэлдээ тун удахгүй дэлхийн кино ертөнцийг байлдан дагуулах Хятадын кино театрын бизнесийн тухай дэлгэрэнгүй тайлбарлахыг хичээе.

БНХАУ-ын одоогийн кино зах зээл болон Холливүүд

Бараг 1.4 тэрбум хүнтэй энэ оронд 1990 он хүртэл суртал ухуулгын хамгийн том зэвсэг нь кино байлаа. Коммунист намын үзэл суртал, хөрөнгөтний нийгмийн эсрэг дайны эхний фронтод кино урлагийн салбар зүтгэж байсныг бид ч өөрсдийн биеэр мэднэ. Тухайн үед киног олон нийтийн хүртээл болгохын тулд үнийг нь хамгийн доод хэмжээгээр тогтоодог байсан бөгөөд 1990 он хүртэл Хятадын кино театрт нэг үзвэрийн үнэ ердөө л хоёр мо (ойролцоогоор 75 төгрөг) байсан билээ. Харин 2017 онд ажлын өдрийн энгийн үзвэр 35 юань (13,000 төгрөг) хүртлээ өсчээ. 1990 оноос улсын тодотголтой кино театруудыг хааж эхэлсэн бөгөөд 2000-аад оны эхээр "Үйлдвэрлэгчээс Хэрэглэгчийн" зах зээл рүү эрчимтэй шилжиж буй Хятадын зах зээлд хувийн кино театруудын орон зай тэлж эхэлсэн юм. Харин 2016 оны арванхоёрдугаар сард Хятадын нийт дэлгэцийн тоо АНУ-ынхыг давж, 2017 оны байдлаар дэлхийн нийт кино зах зээлийн орлогын 20 хувь, Холливүүдийн орлогын 50 хувийг дангаараа бүрдүүлэх хэмжээний зах зээл болон хувирчээ.

Вашингтонд байрлах National Association of Theatre Owners холбооны мэдээллэж буйгаар АНУ-д нийт 40,759 дэлгэцээр кино үзвэр хүргэж байгаа бол, БНХАУ-д 2016 оны арванхоёрдугаар сарын байдлаар 40,917 дэлгэцээр кино үзүүлж байна.

Цагаан хэрмийг давах нь: Холливүүд яагаад Хятадыг онцгойлох болов? (фото 1)

2013 онд БНХАУ-д нийт 20,000 гаруй дэлгэц байсан бол, сүүлийн гурван жилийн хугацаанд дэлгэц болон Кино театруудын тоо хоёр дахин нэмэгдсэн бөгөөд цаашид ч энэ байдлаараа өсөх хандлагатай байгаа юм. Лондонд байрлах зах зээлийн судалгааны IHS Markit компанийн бэлтгэсэн мэдээгээр АНУ-д нэг сая үзэгч тутамд 125 дэлгэц оноогддог бол БНХАУ-д нэг сая үзэгч тутамд 23 дэлгэц оноогдож байгаа юм байна. 2015 оны байдлаар БНХАУ-ын кино зах зээл 6.5 тэрбум доллар олсон бол АНУ, Канад 11 тэрбум долларын орлоготой ажилласан байна. Тус судалгааны байгууллага 2019 он гэхэд БНХАУ-ын кино зах зээл Холливүүдтэй тэнцэж ирнэ гэж мэдээллэжээ. Мөн дараагийн 10 жилд нэг сая үзэгчид оноогдох дэлгэцийн хэмжээ жилд 57-оор тогтмол өсөх хандлагатай байгаа аж. Нийт 22 сая оршин суугчтай Бээжин хотод л гэхэд 2016 онд 100 шинэ дэлгэц нээлтээ хийсэн байх жишээтэй.

Гэсэн хэдий ч БНХАУ-д үйл ажиллагаа явуулж буй бүх кино театрууд ашигтай ажилладаг гэвэл өрөөсгөл ойлголт болох юм. Дээр дурдсанчлан Хятадын кино урлагт баримтлах төрийн бодлогоос шалтгаалан кино үзвэрийн үнийг хямд байлгаснаас болж дунджаас дээш насны үзэгчид кино театраар үйлчлүүлэх хандлага сул байна. Орон нутгийн кино үзвэрүүд ажлын өдрүүдэд голцуу хүнгүй шахуу байдаг бөгөөд сурагчид болон оюутны амралтын улирлуудаар дийлэнх ашгаа хийдэг байна.

БНХАУ-ын гадаад кинонд баримтлах бодлого

Эрчимтэй өргөжиж байгаа энэхүү зах зээл нь мэдээж хэрэг өөрийн гэсэн дүрэмтэй. 1994 оноос эхлэн БНХАУ гадаад кинонд бодлогын зохицуулалт хийсэн бөгөөд "fenzhang pian" буюу ашгаас хуваах, "maiduan pian" буюу шууд худалдан авах заалтуудыг тусгаж өгчээ. Энэхүү зохицуулалтын дараагаас эхлэн БНХАУ-д гаргах гадаад киноны түгээгчийн онцгой эрхийг Холливүүдийн "Том зургаа" буюу Walt Disney, Warner Bros, Paramount, Fox, Sony, Universal компаниуд эзэмших болсон юм. Түүнчлэн жил бүр БНХАУ өөрийн орны үзэгчдэд үзүүлэх гадаад киноны тоог зааж өгдөг. Тухайлбал 1994-2002 оны хооронд жилд 10 кино гаргахыг зөвшөөрч байсан бол, 2002 онд БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэхдээ бэлдэн, уг тоог 20 болтол өсгөсөн байна. Харин 2016 оноос эхлэн жил бүр Холливүүдийн тодотголтой 39 киног гаргах зөвшөөрөл олгож эхэлжээ. Америкийн кино үйлдвэрлэгчдийн холбоо ба Хятадын кино группын 2015 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын дэлгэцнээ албан ёсны эрхтэйгээр импортлогдох киноны цэвэр ашгийн 25 хувийг тухайн киноны дистрибьютор авах эрхтэй болсон байна.

Цагаан хэрмийг давах нь: Холливүүд яагаад Хятадыг онцгойлох болов? (фото 2)

Тэгэхдээ энэ нь зөвшөөрөлтэй 39 киноны тоонд багтаагүй бүтээлүүд БНХАУ руу нэвтрэх ямар ч боломжгүй гэсэн үг биш юм. Албан ёсны зөвшөөрөлгүй бүтээлүүд ердөө л авах ашгийн хувьд хамаагүй өөр сонголттой нүүр тулна. Тэд киногоо шууд худалдахаас өөр аргагүйд хүрэх бөгөөд Хятадын зах зээл дээр хэр хэмжээний орлого олох нь эзэмшигч компанид огт хамаагүй болох юм. Xinhua агентлагийн сүүлд нийтлэгдсэн мэдээллээс харахад хамгийн өндөр үнийн дүнгээр худалдагдсан киногоор "Resident Evil" цувралын сүүлийн анги тодорсон байна. Тодруулбал тэд Хятадад үзүүлэх эрхээ долоон сая доллараар худалджээ. Сонирхуулахад 2016 оны байдлаар нийт 51 гадаад кино Хятадын зах зээлд нээлтээ хийсэн байгаа.

Сүүлийн жилүүдэд ашгаас хамааран орлогоо хуваах шинэ аргачлалыг нэвтрүүлээд байгаа бөгөөд БНХАУ-ын эзэмшлийн Хятадын Кино Групп өөрөө дистрибьюторын үүрэг гүйцэтгэж эхэлжээ. Эх газрын үзвэр 500 сая юаниас дээш ашиг олсон тохиолдолд нийт ашгаас хувь авах гэрээг байгуулж байгаа бөгөөд уг кинонуудад хятадын дотоод кино компани, жүжигчид оролцсон байх шаардлагыг тавьж байна.

Холливүүдийн тогтмол ойлголт болон ирээдүйн Хятад улс

10 хүрэхгүй жилийн өмнө Холливүүд дэлхийн кино зах зээлийн цор ганц тоглогч байжээ. Нээлтээ хийж буй кино эхний долоо хоногт өөрийн зардлыг олох ёстой гэсэн бичигдээгүй дүрэм үйлчилж байсан ч, өнгөрсөн жилүүдэд болсон хэд хэдэн үйл явдлууд энэ тогтсон ойлголтыг өөрчилж байна. 2016 онд нээлтээ хийсэн "Warcraft" кино Хойд Америкийн кино зах зээлд нээлтээ хийсэн долоо хоногтоо шууд дампуурал зарласан ч, Хятадын зах зээл дээр итгэмээргүй буюу 230 сая долларын ашигтай ажиллаж, Холливүүдийн киноны Хятадын зах зээл дээрх орлогын дээд рекордыг шинэчилсэн юм. Энэ цагаас эхлэн Холливүүдийн кино үйлдвэрлэгч нар Хятад үзэгчдэд таалагдах зорилгоор зохиолын ба дүрийн сонголтдоо онцгой анхаарах боллоо. 2017 онд нээлтээ хийсэн "The Fate of the Furious (F8)" кино хятадын зах зээлд дангаараа 392 сая долларын орлого олж нийт орлогынхоо 82 хувийг Хойд Америкаас гаднах зах зээлээс бүрдүүлсэн байна. Энэ тоо урьд өмнө нь харагдаж үзэгдээгүй их тоо юм. Хойд Америкт бүтээгдсэн кино нийт орлогынхоо 60-аас илүү хувийг төрөлх Хойд Америкаас олох ёстой гэсэн уламжлалт ойлголт бүр мөсөн нуран унаж байна. 2007 онтой харьцуулaхад Хойд Америк дахь кино үзэгчдийн тоо 2016 онд 14 хувиар багасаж, тасалбар борлуулалт 2 хувийн өсөлттэй буюу 11,4 тэрбум долларын ашигтай байсан бол, Хятадын кино зах зээл 2012 оноос хойш 144 хувийн өсөлттэй байгаа. БНХАУ-д оюуны өмчийн асуудал тун хурц сэдэв мөн хэдий ч, хулгайн бичлэг ба кино, дүрсний бизнес шинээр өсөн нэмэгдэж байна. Харин үүний эсрэг БНХАУ-ын засгийн газар болон хувийн байгууллагууд хүчтэй тэмцэл өрнүүлж байгаа билээ.

Цагаан хэрмийг давах нь: Холливүүд яагаад Хятадыг онцгойлох болов? (фото 3)

Хятадын үзэгчдийн болон засгийн газрын зүгээс тухайн киног таашаах үгүйгээс шалтгаалан Холливүүдийн киноны дүр төрх хэдийн өөрчлөгдөж эхэлжээ. БНХАУ өөрийн гэсэн үнэлгээний системтэй бөгөөд энэ нь Холливүүдийн стандартаас багагүй зөрүүтэй юм. Гадаад кинонд агуулагдах хүчирхийлэл, секс, улс төрийн холбогдолтой хэсгүүдийг шууд хориглодог бөгөөд Хятадын зах зээлд киногоо нийлүүлэхийн тулд киноны үйл явдлаас багагүй хэсгийг хасах ч шаардлага гардаг. Харин дээр дурдсан "The Fate of the Furious" кино нь Хятадын стандартын дагуу бүтээгдсэн анхны Холливүүд кино юм.

Дээр дурдсан бүх мэдээлэл нь ердөө кино театр болон зурагт дэлгэцтэй хамааралтай. Харин үүнээс гадна уламжлалт кино үзвэрийн бизнестэй өрсөлдөх хэмжээнд хөгжиж буй нэг том салбар нь яалт ч үгүй онлайн стрийминг юм. Хятадын онлайн худалдааны хаан Алибаба дэргэдээ кино компани нээсэн бөгөөд дэлхий дээрх хамгийн олон ухаалаг гар утас хэрэглэдэг энэ орны интернет стрийминг үйлчилгээний хамгийн том тоглогч болох зорилгоор маш эрчимтэй ажиллаж байна. 2020 он гэхэд Хятадад төвтэй онлайн стрийминг үйлчилгээнүүд бидний сайн мэдэх Netflix, Amazon Prime зэрэг одоогийн зах зээлийн том тоглогчидтой өрсөлдөх болно гэж Wall Street Journal мэдээллэжээ. 2017 оны эхний улиралд Alibaba Олон улсын Олимпын хороотой тусгай гэрээ байгуулсан бөгөөд 2028 он хүртэлх Зун, Өвлийн Олимпын наадмуудыг тусгай эрхтэйгээр Хятадад онлайнаар цацах юм байна. 2017 оны Давост болсон олон улсын эдийн засгийн чуулган дээр Алибаба группын гүйцэтгэх захирал Жэк Ма "Alibaba Хятадад байгуулагдсан Дэлхийд зориулагдсан байгууллага. Дэлхийн түвшинд байгаа энэхүү зорилтдоо хүрэхэд бидэнд Олимпын наадам маш чухал ач холбогдолтой байх болно" гэж хэлжээ.

 

цааш үзэх