Хайх

Телевизийн цувралын хорхойтнуудад: Энэ намар нээлтээ хийх цувралууд

Телевизийн цувралын хорхойтнуудад: Энэ намар нээлтээ хийх цувралууд

Шинэ ба шилдэг

Text: Г.Тэмүүлэн


Намрын улирал бол телевизийн цувралуудын жинхэнэ ид үе юм. Хамгийн сонирхолтой бөгөөд цоо шинэхэн цувралууд дэлгэцэнд шилжиж, хүмүүсийн үзэх дуртай сериалуудын шинэ улирал намар л нээлтээ хийдэг. Тэгэхээр энэ намар үзэхгүй өнгөрөөж болохгүй арван цувралыг танд толилуулж байна

"Narcos", хоёрдугаар улирал

Хэзээ: Есдүгээр сарын 2

Колумбийн алдарт хар тамхины хаан Пабло Эскобарын амьдралаар сэдэвлэн хийсэн энэхүү цувралын нэгдүгээр улирал Netrflix-ээр гарсан даруйдаа л үзэгчдийг байлдан дагуулж, маш өндөр үнэлгээ авсан. Пабло Эскобарын дүрд Бразилийн жүжигчин Вагнер Моура тоглосон бөгөөд түүний жүжиглэлтийг шүүмжлэгчид маш сайн хүлээж авсан юм. Харин Эскобарыг баривчлах үүрэгтэй, хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөгч Стив Мерфигийн дүрийг Бойд Холбрук бүтээжээ. Холбрук ихэвчлэн муу залуусын дүрд тоглодог ч тэр энэ удаа "манай" талын дүрд хувирсан байгаа.

"Divorce", нэгдүгээр улирал

Хэзээ: Аравдугаар сарын 9

HBO телевиз 12 жилийн дараагаар Сара Жессика Паркертай дахин хамтарч байна. Энэ удаад Сара Жессика Паркер "Divorce" нэртэй цоо шинэ инээдмийн цувралд нөхрөөсөө салж, бүхнийг шинээр эхлэхээр шийдсэн Фрэнсис нэртэй эмэгтэйн дүрийг бүтээнэ. Тэгэхдээ бүх зүйл тийм ч амархан бүтэхгүй. Сонирхуулахад Сара Жессика Паркер зөвхөн гол дүрд тоглоод зогсохгүй, цувралын гүйцэтгэх продюсероор ажиллаж байгаа юм.

"The Fall", гуравдугаар улирал

Хэзээ: Энэ намар

"Fifty Shades of Gray" киноны Кристиан Грейгийн дүрийг яагаад Жейми Дорнанд өгсөн юм бол гэж гайхдаг хүмүүс "The Fall" цувралыг үзсэнээр учрыг нь ойлгох болно. Жейми Дорнанаас гадна гол дүрд "X Files" цувралын од Жилиан Андерсон тоглосон байгаа. Киноны үйл явдалд Их Британий цагдаагийн газрын дарга Стелла Гибсон (Андерсон) цуврал алуурчныг (Дорнан) хайна. Цуврал аллага, адармаатай үйл явдалтай кинонд дуртай хүмүүст BBC телевизийн "The Fall" цуврал маш их таалагдана гэдэгт итгэлтэй байна. Одоогийн байдлаар шинэ улирлын нээлтээ хийх тов зарлагдаагүй ч энэ намар гарах нь тодорхой юм. Тиймээс хэрэв огт үзэж байгаагүй хүмүүс байвал эхний хоёр улирлыг нь одоо үзэхэд хамгийн тохиромжтой цаг нь ирээд байна.

"The Crown", нэгдүгээр улирал

Хэзээ: Арваннэгдүгээр сарын 4

Netflix-ийн хамгийн үнэтэй бүтээгдсэн телевизийн бүтээл (156 сая доллар) болох "The Crown" цувралд II Элизабет хатан хааны засаглалын тухай үзүүлнэ. Их Британий жүжигчин Клэр Жой хатан хааны дүрийг бүтээж байгаа бол Мэтт Смит хунтайж Филиппийн дүрд тогложээ. Тус киног өмнө нь "The Queen" киноны зохиолыг бичиж байсан Петер Морган хийж байгаа юм.

"Scream Queens", хоёрдугаар улирал

Хэзээ: Есдүгээр сарын 20

Их сургуулийн хотхоны цуврал алуурчны тухай гарах инээдмийн бөгөөд аймшгийн цувралын үргэлжлэл тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Тэгэхдээ энэ удаад үйл явдал их сургуулийн эргэн тойронд биш харин эмнэлэгт өрнөх бололтой. Ямартаа ч биднийг урдын адилаар цуст аллага, хошигнол, ээдрээтэй үйл явдал хүлээж байна. Киноны гол дүрд Эмма Робертс, Жэйми Ли Кертис, Лиа Мишель нар тоглсон байгаа. Мөн энэ улиралд Тейлор Лотнер ба өөр  бусад жүжигчид нэмэгджээ.

"Chance" , нэгдүгээр улирал

Хэзээ: Аравдугаар сарын 19

Доктор Хаус буюу Хью Лори дахиад эмчийн дүрд тогложээ. Тэгэхдээ тэр энэ удаа Hulu онлайн кино түрээсийн сайтын бүтээж байгаа "Chance" хэмээх цувралын гол дүрийг бүтээж байна. "Chance" цувралыг Оскарын шагналд "The Room" киногоороо нэр дэвшиж байсан найруулагч Ленни Абрахамсон найруулсан бөгөөд зохиолч Кем Нанны ижил нэртэй бестселлер номноос цувралыг сэдэвлэн бүтээжээ. Киноны үйл явдалд шүүх эмнэлгийн сэтгэл мэдрэлийн эмч (Лори) өвчтөн эмэгтэйд буруу онош тавих бөгөөд энэ нь өвчтөнийг үхэлд хүргэнэ. Нас барсан эмэгтэйн нөхөр түүнээс өшөө авахаар шийдсэнээр Лоригийн дүр аюултай гэмт хэргийн ертөнцөд нэвтэрдэг.

"Man with a Plan"

Хэзээ: Аравдугаар сарын 24

CBS телевизийн энэхүү инээдмийн цувралын гол дүрд "Friends"-ийн Жоуи Триббианигийн дүрээр бидэнд танил болсон жүжигчин Мэтт Леблан тоглож байгаа. Кинонд Адам Бернс гэдэг залуугийн эхнэр ажилдаа буцаж орсноор тэр хүүхдүүдээ харж гэртээ суух хэрэг гардаг. Тэрээр тун удалгүй хүүхэд өсгөх тийм ч амар ажил биш болохыг ухаарна. "Man with a Plan" цувралын зохиолыг өмнө нь "Diary of a Wimpy Kid", "That 70's Show" зэрэг инээдмийн кинонуудыг хийж байсан Жэки ба Жефф Филго нар бичжээ.

"Blindspot", хоёрдугаар улирал

Хэзээ: Есдүгээр сарын 14

Киноны үйл явдалд FBI-ийнхан нүүрнээсээ бусад бүх биеэрээ шивээстэй, ой санамжаа алдсан нэгэн эмэгтэйг олох бөгөөд үүний араас ер бусын үйл явдлууд ар араасаа цувран гарна. Мөн бүсгүйн шивээснүүд том, том гэмт хэргийн бүлгүүдийг илчлэхэд тусалдаг. Тэгэхдээ тэр засгийн газарт туслах зорилготой гэмгүй эмэгтэй мөн болов уу? "Blindspot" цувралын гол дүрд Жейми Александр, Салливан Степлтон нар тоглосон байна.

"The Flash", гуравдугаар улирал

Хэзээ: Аравдугаар сарын 4

DC Comics-ийн The Flash буюу Барри Аллены дүрээс сэдэвлэн бүтээсэн энэхүү цуврал нь ер бусын хурдтай супер баатрын тухай өгүүлдэг. Барри Алленыг хүүхэд байхад нь түүний ээж маш учир битүүлгээр нас барах бөгөөд аавыг нь энэ хэргийг үйлдсэн гэж буруутгадаг. Аллен насанд хүрээд хэргийн газрын мөрдөгч болох ба ээжийнхээ алуурчныг хайсаар л байх болно. Тэгэхдээ тэр зүгээр ч нэг мөрдөгч биш тул өөрийн супер хүчийг гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглана.

"The Blacklist", дөрөвдүгээр улирал

Хэзээ: Есдүгээр сарын 22

Киноны үйл явдалд FBI-ийн хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийн нэг Рэймонд Реддингтон маш учир битүүлгээр өөрөө бууж өгч баривчлагдана. Түүнийг байцаахад Реддингтон нэг болзолтойгоор FBI-д тусалж дэлхийн хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийг барьж өгөхөө амладаг. Тэгэхдээ тэр зөвхөн FBI-ийн тусгай ажилтан Элизабет Кинтэй л хамтарч ажиллана гэдэг болзол тавина. Киноны гол дүрд Жеймс Спейдер ба Меган Бун нар тоглосон байна.

цааш үзэх