
Тимоти Шаламе, Гвинет Пэлтроу нарын тоглосон Marty Supreme киноны трейлер цацагдлаа
А24 студийн шинэ бүтээл болох Marty Supreme-ийн анхны тизер трейлер цацагджээ. Сэтгэл хөдөлгөм, спортын сэдэвтэй энэхүү бүтээлд жүжигчин Тимоти Шаламе, Гвинет Пэлтроу, Одесса А’Зион, Кевин О’Лири зэрэг чадварлаг жүжигчид дүр бүтээж буй гэдгээрээ онцлог юм. Мөн жүжигчдийн бүрэлдэхүүнд дуучин Tyler, the Creator буюу Тайлер Оконма багтсан нь олон нийтийн дунд өндөр хүлээлт үүсгээд эхэлжээ.
Кинонд жүжигчин Тимоти Шаламе Марти Маусер хэмээх мөрөөдөлдөө үнэнч, зорилгодоо тууштай залуугийн дүрийг бүтээсэн байна. Түүний гол зорилго нь ширээний теннисийг олон улсын хэмжээний спорт болгон өргөжүүлэх бөгөөд улмаар зорилгоо биелүүлэхийн тулд тэрээр маш олон адал явдлыг туулах болно. Мөн тус бүтээлийг алдарт тоглогч Марти Рейсманы амьдралаас сэдэвлэсэн ч шууд намтарчилсан зохиол биш, уран сайхны кино гэдэг талаасаа бүтээгдсэн хэмээн киноны найруулагч болох Жош Сафди онцлон дурджээ.
Marty Supreme кино нь ирэх арванхоёрдугаар сарын 25-нд зөвхөн кино театруудаар нээлтээ хийхээр товлогджээ.