Хайх

Үзэгчдийн сонголт: IMDb 2021 оны шилдэг 10 цувралыг нэрлэлээ

Үзэгчдийн сонголт: IMDb 2021 оны шилдэг 10 цувралыг нэрлэлээ

“Bridgerton”, “Squid Game”, “Loki” болон бусад

Text: Buro.Mongolia


Жил бүрийн эцэст дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон стриминг платформууд өнгөрч буй оноо дүгнэн салбар, салбарын шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай билээ. Тэгвэл кино урлагийн хамгийн нөлөө бүхий эх сурвалжуудын нэг болох IMDb 2021 оны шилдэг цуврал бүтээлүүдийг жагсаасан байна. Тэд бүтээлүүдийг шалгаруулахдаа кино шүүмжлэгчдийн үнэлгээг харгалзалгүй вебсайтын хэрэглэгчдийн хайсан хайлтын дагуу боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр бүтээлүүд нь өнгөрсөн жилийн турш үзэгчдийн дунд өндөр эрэлттэй байж, тэдний сонирхлыг хамгийн ихээр татсан цувралууд гэсэн үг юм.

10. “Lucifer”

Үзэгчдийн сонголт: IMDb 2021 оны шилдэг 10 цувралыг нэрлэлээ (фото 1)

Энэ жил Netflix-ийн алдарт “Lucifer” цувралын төгсгөлийн хоёр улирал цацагдаж, шүтэн бишрэгчдийг баярлуулаад авсан юм. Нийт зургаан улирлаас бүрдэх буг чөтгөр Люциферийн адал явдлын тухай өгүүлэх уг цувралыг Нил Гейман болон Сэм Кейт нарын комик зохиолоос сэдэвлэн бүтээсэн билээ. Хайр дурлал, ер бусын ертөнцийн амьтад, нөхөрлөл, детектив гээд л сонирхол татам үйл явдлуудаар дүүрэн цуврал юм.

9. “Cobra Kai”

Үзэгчдийн сонголт: IMDb 2021 оны шилдэг 10 цувралыг нэрлэлээ (фото 2)

Ямар ч орлогогүй болсон залуу Жонни Лоуренс каратэ тулааны төв үүсгэн байгуулж, амьдралаа өөрчлөхөөр шийддэг. 2018 оноос хойш гарч эхэлсэн уг цуврал нь жил ирэх тусам үзэгчдийн анхаарлыг улам л татаж, IMDb-гийн MOVIEmeter рейтингийг тэргүүлж, таван долоо хоногийн турш уг жагсаалтын эхний аравт багтсан байна. Энэ сарын 31-ны өдөр уг цувралын дөрөвдүгээр улирал олны хүртээл болох ба Netflix-ийн хамгийн өндөр хүлээлттэй цувралуудын нэгт тооцогдож байгаа билээ.

8. “Shadow and Bone”

Үзэгчдийн сонголт: IMDb 2021 оны шилдэг 10 цувралыг нэрлэлээ (фото 3)

“Shadow and Bone” уран зөгнөлт цуврал энэ оны дөрөвдүгээр сард цацагдсан даруйдаа хит бүтээл болж, орон орны үзэгчид дараагийн улирлыг тэсэн ядан хүлээх болсон юм. Хүчирхэг генерал Кириганы дүрийг бүтээсэн жүжигчин Бен Барнес IMDb-гийн STARmeter шагналыг хүртсэн байна. Одоогоор цувралын хоёрдугаар улирал хийгдэх нь тодорхой болсон ч нээлтийн тов нь зарлагдаагүй байгаа юм. Хэрэв та эхний улирлыг нь хараахан үзэж амжаагүй бол шинэ жилийн баярын өдрүүдээр тухлан сууж үзэхийг зөвлөж байна.

7. “Mare of Easttown”

Үзэгчдийн сонголт: IMDb 2021 оны шилдэг 10 цувралыг нэрлэлээ (фото 4)

HBO Max стриминг платформын ээлжит бүтээл болох “Mare of Easttown” цувралд мөрдөн байцаагч Мейр Шиэн (Кейт Уинслэт) нэгэн аллагын хэргийг мөрдөхийн зэрэгцээ хувийн амьдралаа зохицуулахыг хичээж буй тухай өгүүлнэ. Тус цуврал нь телевизийн салбарын шилдгүүдийг тодорхойлдог Emmy шагналд нийт 16 төрөлд нэр дэвшиж, дөрвөн төрөлд ялалт байгуулсан юм.

6. “The Walking Dead”

Үзэгчдийн сонголт: IMDb 2021 оны шилдэг 10 цувралыг нэрлэлээ (фото 5)

Анх 2011 онд нээлтээ хийсэн уг цуврал нь нийт 11 улирлаас бүрдэх ба төгсгөлийн улирлын шинэ ангиуд одоогоор ч гарсаар байгаа юм. Уран зөгнөлт, айдас төрүүлэм, ээдрээтэй цувралд дуртай хэн бүхэнд гарцаагүй таалагдах бүтээл. 

5. “Bridgerton”

Үзэгчдийн сонголт: IMDb 2021 оны шилдэг 10 цувралыг нэрлэлээ (фото 6)

Өнгөрсөн жил Netflix дээр цацагдсан “Bridgerton” цувралыг үзээгүй хүн ховор биз ээ. “Squid Game” бүтээлийг дэлхийг байлдан дагуулахаас өмнө тус цуврал нь Netflix-ийн хамгийн амжилттай бүтээлээр тодорч байсан юм. Бүр тодруулбал, дэлгэцнээ гарснаас хойших эхний 28 хоногт 82 сая үзэлт цуглуулж, Японоос бусад бүх оронд эхний байрыг эзэлсэн удаатай билээ. Цувралын зохион бүтээгчид нь энэ оны нэгдүгээр сард цувралыг үргэлжлүүлэх болсноо албан ёсоор мэдэгдсэн юм. Цувралыг яагаад заавал үзэх хэрэгтэйг эндээс уншаарай.

4. “The Falcon and the Winter Soldier”

Үзэгчдийн сонголт: IMDb 2021 оны шилдэг 10 цувралыг нэрлэлээ (фото 7)

Marvel ертөнцийн бүтээсэн Шонхор болон Өвлийн Цэрэг нарын тухай өгүүлэх тус цувралд Энтони Маки, Себастьян Стэн нар дүрүүддээ эргэн ирсэн билээ. Тус цуврал нь IMDb-гийн MOVIEmeter рейтингийн шилдэг арав бүтээлийн жагсаалд хоёр сарын турш жагссан байна. Гэвч одоогоор цувралын дараагийн улирал хийгдэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.

3. “Squid Game”

Үзэгчдийн сонголт: IMDb 2021 оны шилдэг 10 цувралыг нэрлэлээ (фото 8)

Энэ оны жинхэнэ хит бүтээлүүдийн нэг. Нээлтээ хийгээд дөрөвхөн хоногийн дотор үзэгчдийн дунд дээд амжилтыг тогтоогоод зогсохгүй үзэлтээрээ нэгдүгээр байранд жагсах анхны Өмнөд Солонгосын цувралаар тодорсон “Squid Game” бүтээл олны анхаарлыг одоогоор ч татсаар байгаа билээ. Мөн одоогоор цувралын хоёрдугаар улирал хийгдэх нь тодорхой болсон ч нээлтийн тов нь зарлагдаагүй байгаа юм.

2. “Loki”

Үзэгчдийн сонголт: IMDb 2021 оны шилдэг 10 цувралыг нэрлэлээ (фото 9)

"Avengers: Endgame" киноны төгсгөлд Локи (Том Хиддлстон) ер бусын “TVA” буюу цаг хугацаа, орон зайны гадна оршдог байгууллагад олзлогдож дууссан бөгөөд цааш түүнд юу тохиолдохыг энэхүү цувралаар өгүүлэх юм. Дашрамд сануулахад, энэхүү цувралд зургаан монгол жүжигчин дүр бүтээсэн билээ. Тус цувралын үргэлжлэл гарахаар болсон нь батлагдсан.

1 “WandaVision”

Үзэгчдийн сонголт: IMDb 2021 оны шилдэг 10 цувралыг нэрлэлээ (фото 10)

Marvel-ын супер баатрууд болох Ванда Максимов болон Vision нарын тухай өгүүлэх уг цувралын үйл явдал "Avengers: Endgame" киноны дараах цаг үед өрнөнө. Тэд нэгэн жижиг хотод амар тайван амьдарч, гаднаасаа төгс хосууд шиг л харагдах болно. Гэвч удалгүй тэд өөрсдийн харилцаандаа эргэлзэж эхлэх бөгөөд энэ үеэр амьдарч байгаа ертөнц нь нэг л биш байгааг олж мэддэг. Уг цуврал Emmy шагналд нийт 23 төрөлд нэр дэвшиж, гурван төрөлд ялалт байгуулсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх