Хайх

Найм, есдүгээр сард нээлтээ хийх цомгууд

Blackpink, Оззи Осборн, Stereolab болон бусад

Text: Buro.Mongolia


Madonna – Finally Enough Love: 50 Number Ones

Хэзээ: Наймдугаар сарын 19

Найм, есдүгээр сард нээлтээ хийх цомгууд (фото 1)

Попын хатан хаан гэгддэг дуучин Мадонна өмнө жил 63 насны төрсөн өдрөөрөө Warner Records Inc. дуу бичлэгийн компанитай хамтарч өөрийн бүтээлүүдийг эмхэтгэн, томоохон делюкс цомгууд болгон гаргахаар болж энэхүү цомог нь ойрын хэдэн жилийн турш үргэлжлэх гэрээт ажлынх нь эхлэл болж байна. Тус цомог нь Мадоннагийн Billboard-ын Dance Club Songs жагсаалтыг АНУ-д тэргүүлж байсан 50 дуу, ремиксүүдээс бүрдэх ба саяхан буюу зургаадугаар сард “Finally Enough Love” нэртэйгээр, 16 дуунаас бүрдэх цомог дижитал хэлбэрээр цацагдсан билээ.

Muse – Will of the People

Хэзээ: Наймдугаар сарын 26

Найм, есдүгээр сард нээлтээ хийх цомгууд (фото 2)

“Supermassive Black Hole” дуу нь “Twilight” кинонд аяга цахилгаантай борооноор Каллены гэр бүл бейсбол тоглодог хурц хэсэгт ашиглагдаж олон улсад анх танигдсан английн Muse хамтлаг ес дэх цомгоо гаргахад бэлэн болоод байна. Тус хамтлагийн харьяалагддаг лейбл “шилдгийн шилдэг хитүүд”-ээс бүрдсэн цомог гаргах тухай санал тавихад гишүүд эрс эсэргүүцэж, оронд нь өмнөх найман цомогт нь ашиглагдсан олон төрлийн дуугаралт, элемент, жанрыг нийлүүлж цомог бүтээхээр шийдсэн ба хамтлагийн дуучин Мэт Беллами “шилдгийн шилдэг хитүүд цомог, гэхдээ шинэ дуунуудаас бүрдсэн” хэмээн тодорхойлжээ. Иймд энэхүү цомог нь олон урсгалын дуунуудаас бүрдэнэ гэсэн үг юм.

Stereolab – Pulse of the Early Brain (Switched On, Vol.5)

Хэзээ: Есдүгээр сарын 2

Найм, есдүгээр сард нээлтээ хийх цомгууд (фото 3)

1990-ээд оны хамгийн нөлөө бүхий хамтлагуудын нэг Stereolab 2009 онд 10 жилийн турш завсарласны эцэст аялан тоглолтууд хийж эхэлсэн билээ. 1992 оноос эхлэн “Switched On” нэртэй, хамтлагийн уран бүтээлийн тодорхой үеэс түүвэрлэсэн цомгууд гаргаж эхэлсэн бөгөөд одоо тав дахь цувралаа гаргах гэж байна. Энэхүү цомог нь биетээр гурван пянз, эсвэл хос CD байдлаар цацагдах ажээ.

Ozzy Osbourne – Patient Number 9

Хэзээ: Есдүгээр сарын 9

Найм, есдүгээр сард нээлтээ хийх цомгууд (фото 4)

Английн рок хөгжмийн амьд домгуудын нэг Оззи Осборны 13 дахь бие даасан студийн цомог худалдаанд гарах гэж байна. Өмнөх цомгийн ажилд оролцож чадаагүй учраас гитарчин Зак Вайлд удахгүй гарах энэхүү цомогт бүх л хүчин чармайлтаа гаргаж байгаа гэнэ. Саяхан бүх л амьдрал нь шийдэгдэж болзошгүй, чухал хагалгааг амжилттай давсан Осборны бие одоогоор сайн тэнхэрч буй бөгөөд “Өвчтөн дугаар ес” цомгоо есдүгээр сарын есний өдөр цацахаар байгаа юм.

John Legend - Legend

Хэзээ: Есдүгээр сарын 9

Найм, есдүгээр сард нээлтээ хийх цомгууд (фото 5)

Америкийн энтертэйнмент салбарын оргил болсон шагналууд болох Эмми, Грэмми, Оскар, Тонийг бүгдийг нь хүртсэн цорын ганц өнгөт арьст уран бүтээлч Жон Леженд Sony Music компанитай 17 жилийн турш хамтран ажилласан гэрээгээ дуусгавар болгож Republic Records компанитай шинэ гэрээ үзэглэсэн байна. Шинэ лейблтэйгээ гаргах эхний цомгоо өөрийн овгоор нэрлэж, үнэхээр л “домог” мэт байна гэдэгтээ тэрээр итгэлтэй байгаа бөгөөд хоёр хэсгээс бүрдэх шинэ цомог нь сонсогчдыг жаргал, зовлон, эдгэрэл дундуур аялуулах аж.

Blackpink – Born Pink

Хэзээ: Есдүгээр сарын 16

Найм, есдүгээр сард нээлтээ хийх цомгууд (фото 6)

Өмнөд Солонгосын поп хөгжим дэлхий нийтийг байлдан дагуулж буй эрин үед бид амьдарч байна. Тэдгээр уран бүтээлчдийн нэг болох, олон дээд амжилтуудыг шинэчлэн тогтоож чадсан Blackpink хамтлаг хоёр дахь бүрэн хэмжээний цомгоо сонсогчдодоо толилуулахад бэлэн болоод байна. Тэдний харьяалагддаг YG Entertainment лейблийн зүгээс тус цомгийг сурталчлах ажлын хүрээнд хоёр клипний зураг авалт хийхээр төлөвлөөд байгаа ба урьд өмнө байгаагүй өндөр өртөгтэйгөөр хийгдсэн клип байх болно гэдгийг мөн мэдээлсэн билээ. Энэхүү цомгийн анхны сингл “Pink Venom” энэ сарын 19-ний өдөр цацагдах юм байна.

Lou Reed – Words & Music, May 1965

Хэзээ: Есдүгээр сарын 16

Найм, есдүгээр сард нээлтээ хийх цомгууд (фото 7)

Алдарт Энди Уорхол менежер хийдэг байсан The Velvet Underground хамтлагаас эхэлж, ганцаараа туурвисан уран бүтээлээрээ нийт 20 цомог гаргасан Лу Рид хэдийгээр 2013 онд өвчний улмаас таалал төгссөн ч 1965 онд буюу уран бүтээлийнх нь эхэн үед зохиож байсан дуунуудаар нь цомог гарахаар болжээ. Энэхүү цомогт багтсан дуунууд нь Лу Ридийн тэр үед зохиож байсан дуунуудынх нь демо хувилбаруудаас бүрдэх бөгөөд үнэнч фен, цуглуулагч нарын хувьд тун ч таатай мэдээ болж байгаа юм.

Slipknot – The End, So Far

Хэзээ: Есдүгээр сарын 30

Найм, есдүгээр сард нээлтээ хийх цомгууд (фото 8)

Хүнд метал хөгжмийн элементүүдийг хип хоп, гранж, фанк зэрэг урсгалуудтай хольж тоглодог нью метал урсгалын томоохон төлөөлөгчдийн нэг Slipknot 12 дуунаас бүтсэн 7 дахь студийн цомгоо гаргахад бэлэн боллоо. Тус цомогт ашиглагдсан дуугаралтууд, sample-ууд нь өөр гарагийн мэт сэтгэгдэл төрүүлэх тухай хамтлагийн дижей Сид Уилсон онцолж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх