Хайх

BIGBANG хамтлаг энэ хавар шинэ дуу гаргана

BIGBANG хамтлаг энэ хавар шинэ дуу гаргана

Мөн хамтлагийн гишүүн T.O.P. YG Entertainment компанитай гэрээгээ сунгахгүй байхаар шийджээ

Text: Buro.Mongolia


R&B, хип хоп, электро поп, trap урсгалаар уран бүтээлээ туурвидаг, өөрийн гэсэн онцлог дүр төрхтэй таван залуу саяхныг хүртэл Өмнөд Солонгосын хөгжмийн ертөнцийн гоц үзэгдлээр тооцогдож, "K-Pop хаад" хэмээн нэрлэгдэж байсан. BIGBANG хамтлаг сүүлийн жилүүдэд бие даасан төслүүд дээр ажиллаж, хэсэг хугацаанд хөгжмийн ертөнцөөс завсарлага авсан байсан бөгөөд орон орны “V.I.P.” нар (уг хамтлагийн шүтэн бишрэгчдийг ийнхүү нэрлэдэг) тэдний шинэ дуу болон цомгийг удаан хугацааны турш хүлээсээр ирсэн билээ. Тэгвэл Hypebae вебсайтын мэдэгдсэнээр K-Pop урсгалын хамгийн том төлөөлөгчдийн нэг болох BIGBANG хамтлаг энэ оны хавар шинэ хөгжмийн бүтээлээ толилуулахаар болжээ. Ингэхдээ уг хамтлаг нь G-Dragon, T.O.P., Тэян, Дэсон гэсэн дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй эргэн ирэх юм.

“BIGBANG хамтлагийн шинэ дуу энэ оны хавар олны хүртээл болно. Шинэ бүтээлийн дуу бичлэгийн ажил дууссан бөгөөд хамтлагийн гишүүд одоогоор клипний зураг авалтад бэлдэцгээж байна” хэмээн YG Entertainment-ийн төлөөлөгчид мэдэгджээ. Түүнчлэн хамтлагийн гишүүн T.O.P. буюу Чой Сын Хён хөгжмийн лейблтэй хийсэн гэрээгээ сунгахгүй байхаар шийдэж, цаашид бие даан уран бүтээлээ хийхээр болсон байна. Гэсэн хэдий ч ирээдүйд тэрээр өөрийн цаг заваа харгалзан хамтлагийн үйл ажиллагаанд чадахаараа оролцоотой байхаар шийдсэн гэнэ.

BIGBANG хамтлаг хамгийн сүүлд, 2018 онд "Flower Road" хэмээх дуугаа толилуулж байсан билээ. Уг хамтлаг нь ийнхүү бүтэн дөрвөн жилийн дараа шинэ уран бүтээлээ гаргах гэж байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх