Хайх

Хуанжу Гэгийн дүрээр танигдсан Жао Вэйн талаарх мэдээлэл интернет орчноос устгагджээ

Хуанжу Гэгийн дүрээр танигдсан Жао Вэйн талаарх мэдээлэл интернет орчноос устгагджээ

Text: Buro.Mongolia


Жао Вэй бол кино салбарт үзэгчид, мэргэжилтнүүдийн дунд өндрөөр үнэлэгдэх олон бүтээлийг найруулсан, өөрийн поп дууныхаа цомгийг сая сая хүмүүст борлуулсан найруулагч, жүжигчин, дуучин төдийгүй технологийн салбарын томоохон хөрөнгө оруулагчдын нэг бөгөөд Хятадын Weibo олон нийтийн сүлжээнд 86 сая дагагчтай инфлюэнсер билээ. Монголчууд түүнийг “My Fair Princess” кинонд бүтээсэн Хуанжу Гэгийн дүрээр сайн мэднэ. Гэвч өнөөдрийн байдлаар түүний талаарх бүх мэдээлэл Хятадын интернет орчноос устгагдаад байна.

Тодруулбал, Хятадын хамгийн том видео стримингийн сайт дээр Жао Вейн талаарх мэдээлэл болон алдарт “My Fair Princess” цувралын бичлэгүүд устгагджээ. Мөн тус улсын Wikipedia-тай адил мэдээллийн сайт дээрх Жао Вейн “My Fair Princess” киноны найруулагчаар ажиллаж байсан түүх нь алга болсон байна. Түүний мэдээллийг интернет орчноос устгах шийдвэрийг наймдугаар сарын 26-ны өдөр Хятадын Засгийн газраас хэрэгжүүлсэн бөгөөд БНХАУ-ын Коммунист намын үзэж буйгаар алдартнуудын эрүүл бус соёлыг таслан зогсоох зорилготой гэнэ. Тус улсын Засгийн Газар Жао Вэйн мэдээллийг устгахаасаа өмнө олон нийтэд зарлаагүй нь түүний шүтэн бишрэгчид болон бусад алдартнуудыг айдаст автуулаад байна.

Одоогийн байдлаар Засгийн Газраас яагаад тус шийдвэрийг гаргах болсон талаар дэлгэрэнгүй тайлбарыг хэлээгүй ч дэлхий даяар өөрсдийн таамгаа дэвшүүлсээр байгаа юм. Тухайлбал, Өмнөд Калифорниягийн их сургуулийн БНХАУ-ын улс төр, кино урлаг судлаач, профессор Стейнли Роузен “Хятадын Засгийн Газар энэхүү шийдвэрээрээ дамжуулан хэн ч, ямар ч хэмжээний эд, баялагтай байсан бидний хувьд давж чадахааргүй саад биш юм гэдгээ Жао Вей уран бүтээлчээр илэрхийлсэн. Мөн түүний үйлдэл нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх ёсгүй жишээ гэдгийг олон нийтэд харуулж байна. Уг явдлаас улбаалан бусад алдартнууд ч мөн үйл хөдлөлөө цэгнэж, тогтоосон дэглэмд нийцэхийн тулд хичээх болно” хэмээн хэлсэн байна. Өөрт тохиолдсон явдлынхаа талаар Жао Вэй албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч шүтэн бишрэгчдийнх нь дунд түүнийг хувийн онгоцоороо Франц улсыг зорьсон гэх яриа таржээ. Мөн уран бүтээлч өөрийн Instagram хуудсандаа Бээжин хотод эцэг, эхтэйгээ байгаа талаараа нийтэлсэн ч пост нь хэдэн цагийн дараа устсан байна. Жао Вей нь хэд хэдэн дуулианыг дагуулж байснаас 2001 онд загварын сэтгүүлийн нүүрэнд гарахдаа Японы дайны тугтай даашинз өмсөж, 2016 онд түүний найруулсан кинонд дүр бүтээсэн Тайван жүжигчин нь улсынхаа тусгаар тогтнолыг дэмжсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байсан билээ.

Түүнчлэн сүүлийн долоон хоногт татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон жүжигчин Жэн Шуан, Япон улсад байрлах Дэлхийн хоёрдугаар дайнтай холбоотой нэгэн сүмд болсон найзынхаа хуримд уригдан очсон Жан Жэхан нарын мэдээллийг олон нийтийн сүлжээнээс устгажээ. Одоогийн байдлаар Засгийн Газраас интернет орчинд олны танил хүмүүсийг эрэмбэлэхийг хориглосон бөгөөд телевиз, онлайн тавцангуудад улс төрийн бодлого, ёс суртахууны шаардлагад нийцэхгүй алдартнууд болон тэдний үр удмыг энтертэйнмент шоу, нэвтрүүлэгт оруулахгүй байхыг тушаасан байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх