Хайх

Кристен Стюарт богино хэмжээний кино хийнэ

Кристен Стюарт богино хэмжээний кино хийнэ

Феминизм

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Кристин Стюарт болон бусад 11 нөлөө бүхий бүсгүйчүүд хамтран эмэгтэйчүүдийн хүчирхэг байдлыг харуулсан “ShatterBox Anthology” нэртэй богино хэмжээний цуврал кинонуудыг хийхээр болжээ

Refinery29 сайт эмэгтэйчүүдийн хүчирхэг байдлыг харуулсан богино хэмжээний цуврал кинонуудыг хийхээр төлөвлөжээ. Тэд уг төсөл дээр хамтран ажиллах саналыг Кристин Стюарт, Клоуи Севиньи, Габури Сидибе, Америка Феррера болон одоогоор нэр нь тодорхойгүй байгаа бусад алдартай эмэгтэйчүүдэд тавьжээ. "ShatterBox Anthology" нэртэй энэхүү төслийн оролцогч тус бүр нэг бие даасан кино хийхээр төлөвлөсөн байна.

"2014 оны хамгийн их ашиг орлоготой 100 кинонуудын зөвхөн 12 хувь нь л эмэгтэй гол дүртэй байсан. Энэхүү кинонуудад нийт 4,610 дүр байгаагаас 30 хувьд нь л эмэгтэй жүжигчид тогложээ. Харин энэ жил гарсан нийт кинонуудын 7 хувийг нь л эмэгтэй найруулагч, продюсер бүтээсэн. Тиймээс бид эмэгтэй залуу кино уран бүтээлчидтэй хамтарч, богино хэмжээний 12 кино хийнэ. Үүнд, дөрвөн баримтат, дөрвөн инээдмийн, хоёр анимэйшн, хоёр утга уянгын төрлийн кинонууд багтаж байгаа. Бидний бүтээж байгаа "ShatterBox Anthology" цувралд зөвхөн эмэгтэйчүүдийн тухай өгүүлнэ. Богино хэмжээний кино нь шинэ, авьяаслаг найруулагчдад кино ертөнцөд орох боломжийг нь нээж өгдөг. Тиймээс бид шинэ уран бүтээлчдэд кино урлагийн салбарт амжилт олоход нь туслах болно."- хэмээн Refinery29 сайт мэдэгджээ. Мөн тэд "Shatterbox Anthology" төслөөс гадна, спорт болон инээдмийн төрлөөр хоёр Youtube-ийн суваг нээхээр бэлдэж байна.

Клоуи Севиньигийн бүтээсэн "Kitty" нэртэй богино хэмжээний киног Каннын кино наадамд танилцуулах юм. Харин Кристен Стюарт одоогийн байдлаар кинондоо "Water" буюу Ус гэдэг нэр өгчээ. Мөн "ShatterBox Anthology" төсөлд Оскарт нэр дэвшиж байсан жүжигчин Габури Сидибе оролцож байгаа юм. Тэрээр "Миний дүр төрх, миний мэдрэмж, миний хийж байгаа бүх зүйл эрэгтэй хүний гарт байдаг. Тэр эрэгтэй нь ихэвчлэн цагаан арьстай байдаг юм."- гэж өнгөт арьст жүжигчин хэлжээ. Тиймээс энэхүү төсөл нь түүний хувьд бүх зүйлийг өөрийн гарт авах сайхан боломж болж байгаа юм.

цааш үзэх