Мельбурн дахь Викториягийн Үндэсний Галерейд Westwood | Kawakubo үзэсгэлэн дэлгэгдлээ
2026 оны дөрөвдүгээр сарын 19 хүртэл үргэлжилнэ
Мельбурн хотын Викториягийн Үндэсний Галерей жил бүр урлаг, загварын ертөнцөд онцгой байр суурь эзэлдэг бүтээлч хүмүүст зориулсан үзэсгэлэн гаргадаг уламжлалтай. Өмнөх жилүүдэд Александр МакКуин, Жан-Поль Готье, Яйой Кусама зэрэг уран бүтээлчдэд зориулж байсан билээ. Тэгвэл 2025 оны үзэсгэлэн Westwood | Kawakubo хэмээн нэрлэгдэж, загварын домогт эрхмүүд болох Вивьен Вествуд, Рей Кавакубо нарын уран бүтээлд зориулагджээ.

Дэлхийн хоёр өөр өнцөгт, нэг жилийн зайтай төрсөн эдгээр дизайнерууд нь загварын уламжлалт болсон хэвшмэл ойлголтыг эвдсэн бүтээлүүдээрээ алдартай. Westwood | Kawakubo үзэсгэлэнд тэдний өв сангаас сонгогдсон зуу гаруй ховор бүтээл багтах юм. Үүнд Вивьен Вествудийн 1990 оны Portrait корсет, Рианнагийн 2017 оны Met Gala-д өмссөн Comme des Garçons брэндийн 2016/2017 оны намар–өвлийн цуглуулгын цэцгэн ансамбль, мөн “Sex and the City” цувралд Сара Жессика Паркерийн өмсөж байсан Vivienne Westwood даашинз зэрэг алдартай бүтээлүүд багтсан байна.














Түүнчлэн үзэсгэлэнгийн нээлтийн хүрээнд NGV Gala үдэшлэг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид загварын хил хязгаарыг давсан, эрх чөлөөг эрхэмлэсэн хэв маягийг өөр өөрийнхөөрөө илэрхийлсэн хувцаслалтыг сонгожээ. Зарим зочид Кавакубо, Вествуд нарын шинэ болон архивын бүтээлүүдээр гоёсон байлаа.













Энэхүү үзэсгэлэн нь 2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийг хүртэл дэлгэгдэх юм.






Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт