Хайх

Венецийн кино наадам 2025: Ялагчид тодорлоо

Венецийн кино наадам 2025: Ялагчид тодорлоо

Найруулагч Жим Жармушийн шинэ бүтээл Венецийн наадмыг эзэгнэлээ

Text: Ц. Усанболор


Венецийн Лидо арал дээр зохион байгуулагдсан 82 дахь удаагийн Венецийн кино наадам өндөрлөж, ялагчдаа тодрууллаа. Энэ жил үндсэн төрөлд 21 уран бүтээл өрсөлдсөн бөгөөд тэдний дунд Бенни Сэфдигийн The Smashing Machine, Франсуа Озоны The Stranger, Йоргос Лантимосын Bugonia, Гильермо дель Торогийн Frankenstein зэрэг бүтээл багтжээ.

Наадмын хамгийн том шагнал болох Алтан арсланг Жим Жармушийн Father Mother Sister Brother кино хүртлээ. Уг бүтээлийн гол дүрд Адам Драйвер, Кейт Бланшетт, Том Уэйтс, Шарлотта Рэмпдинг нар тогложээ. Киноны гурван үйл явдлыг өгүүлэх ба “Эцэг” хэмээх сэдэв АНУ-д, “Эх” гэх сэдэв Дублин хотод, “Эгч, дүү” сэдэв Парис хотод тус тус өрнөх юм.

Венецийн кино наадам 2025: Ялагчид тодорлоо (фото 1)
Венецийн кино наадам 2025: Ялагчид тодорлоо (фото 2)

Харин наадмын Гран При шагналыг палестин охины аллагын тухай өгүүлэх The Voice of Hind Rajab кино хүртсэн бол шилдэг найруулагчийн шагналыг The Smashing Machine бүтээлээр Америкийн найруулагч Бенни Сэфди хүртсэн байна. Цаашлаад шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчнээр The Sun Rises On Us All киноны жүжигчин Синь Чилэй, шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчнээр La Grazia-гийн гол дүрийн жүжигчин Тони Сервилло нар тус тус тодорлоо.

Мөн ОХУ-ын шинэхэн найруулагч Настя Коркия өөрийн Short Summer бүтээлээр Луижи Ди Лаурентисийн шагналыг эзэн бол Швейцарийн жүжигчин Луна Ведлер, Ильдико Эньедийн Silent Friend кинонд тоглосон бүтээлээрээ Марчелло Мастрояннигийн нэрэмжит шагналын эзэн болов. Энэхүү шагналыг жил бүр хамгийн шилдэг залуу жүжигчинд олгодог уламжлалтай билээ.

Энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүнд Америкийн найруулагч Александр Пэйн, Бразилийн жүжигчин Фернанда Торрес, Италийн найруулагч Маура Дельперо, Хятадын жүжигчин Жао Тао, Ираны найруулагч Мохаммад Расулоф, Румыны найруулагч Кристиан Мунджиу, Францын найруулагч Стефан Бризе нар багтжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх