Хайх

XVIII зууны загваруудыг онцлох үзэсгэлэн Парис хотод нээлтээ хийлээ

Text: М. Анухатан


Парис дахь шоугаар загварын долоо хоног өндөрлөж, загварын ертөнцийн хамгийн хүлээлт үүсгэдэг нэгэн улирал ийнхүү өндөрлөлөө. Энэ дунд хуниасан оёдол, бэлхүүс барьсан корсет зэрэг загварууд жил бүр өөр хэлбэрээр танилцуулагдан, заавал давтагддаг бөгөөд Европ дахины хувцас загварын хувьсалд хэзээ ч орхигддоггүй болсон сэдэв байдаг. Тэгвэл эл загварууд анх хэзээ сэргэн мандаж өнөөдрийг хүртэл нөлөөгөө алдалгүй, загварын сурах бичгийн “сонгодог дэд бүлэг” болон үлдсэнийг танилцуулсан Fashion in the 18th Century: A Fantasized Legacy үзэсгэлэн дэлгэгдээд байна.

XVIII зууны загваруудыг онцлох үзэсгэлэн Парис хотод нээлтээ хийлээ (фото 1)

Франц улсын Palais Galliera музейд зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн XVIII зууны рококо чимэглэл урлагийн үед эмэгтэйчүүдийн хувцас загвар хэрхэн өөрчлөгдсөн, тухайн үеийн язгууртан Европ сэтгэлгээний хэм хэмжээ, үнэ цэн болоод цаашлаад эдүгээ поп соёлд дундад зууны загварууд хэрхэн нөлөөлснийг өртөөчлөн харуулжээ.

XVIII зууны загваруудыг онцлох үзэсгэлэн Парис хотод нээлтээ хийлээ (фото 2)

Тухайн цагт соёл болон загвар, дипломат харилцааны үлгэр жишээ болон тэргүүлж байсан Франц улс мөн гоо зүйн хэмжүүрийг ч шинэчлэн танилцуулж байлаа. Түүхийг сөхвөл Францчууд төр засгынхаа эсрэг зогссон иргэний дайн хүртэл чамгүй олон болсон байдаг. Иймдээ ч нийгмийн давхаргийн ялгаа дэндүү ихээр ихсэн, язгууртнуудын тансаглал магад зарим хүнд төсөөлж ч чадахааргүй хэмжээнд хүрч байв. Тэд тансаг даавуу, чамин гоёл чимэглэл болон хэтрүүлэгтэй үс засалтаар гоёж байсан нь нийгмийн өөрчлөлтийн замбараагүй үед эл сэхээтнүүд төсөөлөлдөө умбан, бодит байдлаас оргон зайлах мэт урьд хожид харж байгаагүй загварууд байсан тухай үзэсгэлэнгийн бичвэр дээр онцолж байв. Ингэснээр өмнөх зуунаас дамжин ирсэн эмэгтэй хувцасны загвар өөрчлөгдөн, бие галбир болон гадаад төрх байдлын талаарх шинэ ойлголтын эхлэлийг тавьжээ.

XVIII зууны загваруудыг онцлох үзэсгэлэн Парис хотод нээлтээ хийлээ (фото 3)

Хэтрүүлэгтэй чамин өнгө төрх, эсгүүрийн хамгийн өвөрмөц шийдлийг эрэлхийлсэн энэ үзэгдэл зөвхөн тухайн цаг үедээ чиг хандлага болоод зогсохгүй, бие даасан гоо зүйн хэмжүүр болон тогтсон нь энэ юм. Одоог хэр нь поп соёлын хамгийн том нөлөө хэвээр үргэлжилж буй уг түүхэн ололтыг бүтээлүүдээс харах боломжтой талаар үзэсгэлэнгийн албан ёсны тайлбар дээр онцолж байв.

Үзэсгэлэн нийт 70 гаруй загваруудаас гадна гоёл чимэглэл, нэхмэл эдлэл, график урлаг, гэрэл зургуудыг хослуулан дэглэжээ. Үзэсгэлэнгийн онцлох хэсэг буюутухайн үеийн хувцас загварын төлөөлөл болох хатан хаан Мариа Антуанеттагийн хувийн эдлэл, корсет дэлгэгдсэн нь үзэгчдийн хамгийн сонирхон хүлээж буй үзмэрийн нэг байлаа. Түүнчлэн тухайн цаг хугацааны соёлын нөлөөг өнөө цагт буулгасан алдарт загварын орднууд болох Chanel, Christian Dior, Louis Vuitton, Christian Lacroix, Vivienne Westwood, Dries van Noten зэрэг брэндүүдийн загваруудаас сорчлон дэлгэсэн нь онцлууштай. Түүхэн эх загвар цагийн эрхээр хэрхэн өөрчлөгдөн өнөөдрийн түвшинд ирснийг харьцуулан харуулсан эл үзэсгэлэн 2026 оны гуравдугаар сарын 14-өөс долоодугаар сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжлэх байна.

XVIII зууны загваруудыг онцлох үзэсгэлэн Парис хотод нээлтээ хийлээ (фото 4)
XVIII зууны загваруудыг онцлох үзэсгэлэн Парис хотод нээлтээ хийлээ (фото 5)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх