Хайх

DUNE 3 киноны трейлерийг шинжихүй

DUNE 3 киноны трейлерийг шинжихүй

DUNE 3: Шинэ анги ба өмнөх ангиудын уялдаа холбоо

Text: З. Зоригт


Америкийн шинжлэх ухааны зөгнөлт зохиолч Фрэнк Гербертийн ижил нэрт цуврал романаас сэдэвлэсэн, Дени Вильнёв найруулагчийн алдарт Dune киноны гуравдугаар ангийн трейлэр цацагдлаа. Дэлхий дахины хүчний төлөөх өрсөлдөөн, геополитик, дарангуйлал, удирдагчдын тэмцлийг уран зөгнөлт хэв маягаар зүйрлэн илэрхийлсэн тус бүтээл энэ оны сүүлээр кино театруудаар нээлтээ хийх гэж байна. Dune киноны эхний анги 431 сая ам.доллар, хоёрдугаар анги нь өмнөх амжилтаа давуулан биелүүлж 700 гаруй сая ам.долларын орлого олсон нь энэхүү бүтээлийн гуравдугаар анги ямар өндөр хүлээлттэй байгааг харуулж байна. Хоёрдугаар ангийн төгсгөлд өөрийн зөгнөлийн дагуу дайсан Фейд Ратнаг хороон, Падишахын эзэн хаан 4-р Шаддамыг буулгаж авсан Пол Атрейдес нэгэнтээ галактикийн хамгийн агуу удирдагч болж дууссан билээ. Хэдий тийм ч уг зөгнөлийн мөн сүүдэртэй тал нь хэрвээ Пол уг хувь заяаг сонговол төлөөсөнд нь “Жихад” хэмээх галактикийн агуу дайн өрнөх эрсдэлтэй байв. Тэгвэл шинэ анги дээр хэдийнээ өрсөлдөгчгүй агуу хаан болсон Пол Атрейдесийн хувь тохиол хэрхэн өөрчлөгдөх үү гэдгийг бид энэ оны арванхоёрдугаар сарын 18-нд үзэх л үлдлээ.

Дэлхий даяар тус киноны гуравдугаар ангийн талаар таамаг, онол дэвшүүлж байгаа эдгээр өдрүүдэд манай хамт олон уг трейлерээс ямар сэжүүр анзаарч болохыг мэдээ байдлаар бэлтгэн хүргэхээр шийдлээ. Үүнээс өмнө эхлээд өмнөх ангиудын үйл явдлыг эргэн санацгаая.


Dune: Part One - Пол Атрейдес өөрийгөө хайсан нь

Киноны гол дүр Пол Атрейдес нь гүн Лето Атрейдес, түүний татвар эм хатагтай Жессика нарын хүү бөгөөд эх талаасаа ер бусын чадвар өвлөсөн өсвөр насны хүү юм. Түүний аав Падишахын эзэн хаан 4-р Шаддамын тушаалаар Арракис гаригийн удирдагчаар, Барон Владимир Харконнены оронд томилогддог. Тус гариг “spice” хэмээн нэрлэгдэх од хоорондын аялалд гол түлш болдог сэтгэцэд нөлөөлдөг тоосонцрын эх үүсвэр бөгөөд Фременүүд хэмээх уугуул иргэдтэй. Арракисын шинэхэн удирдагч Лето Атрейдес уугуул иргэд Фременүүдтэй дипломат түншлэлийн замаар уг тоосонцрыг ашиглах ёстой хэмээн үзэх бөгөөд энэ нь эзэн хаан Шаддам өөрийн сүр нөлөө, хүч сулрахвий гэсэн айдсыг төрүүлж улмаар Барон Владимир Харконнентэй хуйвалдан гэнэтийн довтолгоо хийж Лето Атрейдес алагдана. Хүү Пол Атрейдес нь уг довтолгооны үеэр ээж Жессикатай оргон зугтдаг бөгөөд улмаар уугуул Фременүүдтэй хэлцэл хийн тэдний дунд амьдрахаар болдог. Ээж Жессика нь Бене Гессерит ахлагчтай ер бусын зөн билгийн чадвартай эгч дүүсийн бүлгэмийн нэг бөгөөд түүнд хэрвээ охин төрүүлбэл хүн төрөлхтнийг илүү гэрэлтэй ирээдүй рүү хөтлөхийг сануулсаар байсан ч Жессика үгийг үл тоож, өөрийн хүү Полыг төрүүлсэн билээ. Үүнээс Пол нь төрөхөөсөө хувь заяа нь гашуунаар зурагдсан нэгэн болохыг бид мэдэж авах бөгөөд нэгдүгээр ангийн турш уг хувь заяатайгаа Пол эвлэрэх үү үгүй юу гэдэг дээр киноны гол үйл явдал өрнөдөг билээ.

DUNE 3 киноны трейлерийг шинжихүй (фото 1)
Dune: Part One (2021)

Dune: Part Two - Пол Атрейдес өөрийгөө олсон нь

Уг анги дээр Пол Атрейдес салаа замын уулзвар дээр гацна. Тэрээр өөрийн онцгой чадвараа ашиглан сансар огторгуйн алс ирээдүйг зүүдэндээ зөгнөн харах бөгөөд эцгийнхээ өшөөг авч галактикийн агуу удирдагч болох замналтайг олж мэдэх аваас “Жихад” хэмээн нэрлэгдэх агуу галактикийн дайн өрнөхийг ч мөн олж харна. Түүний дурлалт бүсгүй Чани болзошгүй аюулаас сэрэмжлэн түүний агуу удирдагч болох шийдвэрт эсрэг байр суурьтай хандана. Хэдий тийм ч Пол эцсийн тулаанаа хийж Фейт Раднаг хороон, Падишахын эзэнт хаан 4-р Шаддамыг буулгаж авснаар өөрийн хувь заяагаа өөрийнхөөрөө шийдсэнээр дуусдаг.

DUNE 3 киноны трейлерийг шинжихүй (фото 2)
Dune: Part Two (2024)

Dune: Part Three - Трейлэрийн анхаарал татах хэсгүүд

DUNE 3 киноны трейлерийг шинжихүй (фото 3)

Тэгвэл өчигдөр шөнө Dune киноны гуравдугаар ангийн трейлер цацагдаж, бид Пол Атрейдесийн шийдвэр сансар огторгуйн энх тайванд хэрхэн аюултайгаар заналхийлснийг зэвсэгтэй жагсах цэргийн флотууд, дэлбэрэлт, шатаж буй гарагуудын зураглалаас мэдэж авч болох бөгөөд хаан ширээнд залрах Пол Атрейдес үсээ хуссан дүр төрхтэйгөөр үзэгдэж буй нь өмнөх ангиуд дээр гарах өөрийгөө хайж бэдэрсэн Пол бус, өөрийн хатуу заяа тавиландаа шаналах Пол харагдана. Мөн уг шийдвэрт эргэлзсээр ирсэн дурлалт бүсгүй Чани, Пол хоёрын харилцаа уг анги дээр зөрчилдөх өндөр магадлалтай бөгөөд тэдний дундаас төрөх хүүхэд киноны үйл явдлын зангилаанд хэрхэн нөлөөлөх нь харин оньсого хэвээр байна. Мөн Полын шинэ дайсан гарч ирсэн нь Скиталын дүр бөгөөд галактикийн эрх мэдлийг өөртөө бүрэн төвлөрүүлсэн Полтой хэрхэн дайсагналцах уу гэдэг нь үзэгчдийн анхаарлыг татаж байна. Үзэгчдийн таамаглаж буйгаар Скитал өөрийн зальжин аргын дагуу Полын хүрээллийг хагалан буталж, өөрийнх нь эсрэг хорон ажиллагаанууд нууцаар хийх магадлал тун өндөр байна. Агуу хаан Пол Атрейдес өөрийн шийдвэрийн үр төлөөс болох “Жихад” дайныг хэрхэн сөрөн тэмцэх бол? Хувь тавиланг бид өөрсдөө бүтээх үү, аль эсвэл зурагдсан зүйл үү гэдгийг бид найруулагч Дени Вильнов Dune кино дээр хэрхэн өөрийнхөөрөө тайлж зурагласныг үзэхэд бидэнд яг найман сарын зай байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх