Хайх

Chanel, хавар-зун 2022: Бидний хайртай 1990-ээд он

Chanel, хавар-зун 2022: Бидний хайртай 1990-ээд он

Text: Buro.Mongolia


Chanel загварын ордон хавар-зун цуглуулгаа 1990-ээд оны хэв маяг, тухайн үеийн загварын салбарын онцлогоос улбаалан гаргажээ.

90-ээд он бол загвар өмсөгчдийн эрин үе хэмээн тодорхойлогддог бөгөөд тухайн үеийг бид алдарт Наоми Кэмпбелл, Синди Кроуфорд, Кейт Мосс, Тайра Бэнкс, Эмбер Валлетта болон бусад моделиудаар нь мэднэ. Тэдний catwalk алхаа, хээнцэр, эмэгтэйлэг байдал нь загварын шоуны салшгүй нэг хэсэг нь байсан билээ. Тэгвэл бүтээлч захирал Виржини Виар энэ удаа 1990 оныг дурсан санаж, Chanel ордны архивыг дэлгэхээр шийджээ. “Тухайн үед загварын шоунуудад оролцож байхад сонсогддог байсан зураг дарах чимээ надад таалагддаг байсан. Тиймээс тэр үед мэдэрсэн сэтгэл хөдлөлөө энэхүү цуглуулгаараа илэрхийлж байна” хэмээн тэрээр Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолсон юм.

Тайзыг тойрон хүрээлж байсан гэрэл зурагчид, мөн үсээ хаялан алхаж, камерын урд пооз аван зогсох моделиуд болон тэрхүү газарт эгшиглэж байсан дуучин Жорж Майклын "Freedom! '90" дуу нь цаг хугацааг 1990 он луу гарцаагүй ухрааж чаджээ. Түүнчлэн цуглуулгын нэг хэсэг болох хар, цагаан өнгийн дотуур хувцас нь домогт Карл Лагерфельдийн 1993 оны хаврын цуглуулгадаа зориулан урлаж байсан загвар юм. Тухайн үед Карл Лагерфельд уг хувцсыг зөвхөн дотуураа өмсөхөөс гадна дангаар нь загварчлах зориулалтаар гаргасан нь шүүмжлэл, магтаалыг зэрэг дагуулж байсан түүхтэй. Виржини Виар тус загвараас гадна мөн Chanel-ийн хавар-зун 1992 цуглуулгад багтаж байсан мини юбка, пиджакны твид хослолыг шинэчлэн гаргажээ.

Цуглуулгын онцлох загвараар эрвээхий хээтэй нэвт гэрэлтэх торгон юбка, жийнсэн комбинзон, цамц, мини даашинз тодорсон байна. Эрвээхий нь мөн л Chanel загварын ордны түүхтэй салшгүй холбоотой билээ. Тухайлбал, брэндийн үүсгэн байгуулагч Коко Шанель нэг бус удаа эмэгтэй хүнийг эрвээхийтэй зүйрлэж байсан бол Карл тэрхүү зүйрлэлээс сэдэж 2014 оны Métiers d'Art Paris-Salzburg шоуныхаа хүрээнд эрвээхийнд умбасан цуглуулгыг танилцуулсан удаатай. Тиймдээ ч бүтээлч захирал Виржини Виар одоог хүртэл эрвээхий хээндээ үнэнч үлдсэн байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх