Хайх

Лондонгийн загварын долоо хоног дээр юу болж өнгөрөв? Хамгийн сонирхолтой 7 цуглуулга

Лондонгийн загварын долоо хоног дээр юу болж өнгөрөв? Хамгийн сонирхолтой 7 цуглуулга

Намар-өвөл 2021

Text: Buro.Mongolia


Хэдхэн хоногийн өмнө London Fashion Week болж өндөрлөлөө. Бусадтай харьцуулбал илүү цоглог, шинэлэг бөгөөд залуу брэндүүдийг дэмждэг гэх тодотголтой энэхүү загварын долоо хоног дээр танилцуулагдсан үндсэн цуглуулгуудыг харцгаая.

MOLLY GODDARD:

"Fair Isle" болон Шотланд хээ

Жигнэмэг мэт харагдах алдарт олон давхар тюль материалаар хийгдсэн даашинзууд моданаас гарах болоогүй бололтой. Их Британийн дизайнер Молли Годдард намар-өвөл 2021 улиралд даашинзуудаас гадна уламжлалт fair isle хээтэй ноосон загварууд болон Шотланд хээтэй пальтонуудыг онцолсон байна. Дизайнер энэ удаад мөн цуглуулгадаа эрэгтэй загварууд оруулж, эрчүүдэд зузаан ноосон хослолууд санал болголоо.


PRONOUNCE:

Эртний Хятадын шавар эдлэлүүд

Pronounce хэмээх залуу брэндийг Юшань Ли болон Жун Чоу гэх Хятадаас гаралтай хоёр дизайнер хамтран үүсгэн байгуулсан юм. Юшань Ли Central Saint Martins сургуулийг төгссөн бөгөөд өмнө нь Yeezy-д дизайнераар ажиллаж байсан туршлагатай бол Жун Чоу Лондонгийн загварын коллежийг төгсөж, Ermenegildo Zegna брэндэд дадлага хийж байжээ. Харин Pronounce брэндийн намар-өвөл 2021 цуглуулга Хятадын шавар эдлэлүүд дээр үндэслэгдсэн ба том пальтонууд, куртканууд, кардиганууд болон хослолууд бүгд шавар эдлэлийн хээгээр бүрхэгдсэн байна.


AHLUWALIA:

Хатан хаан II Элизаветагийн анхаарлыг татсан спорт хослолууд

Энэ онд хатан хаан II Элизаветагийн нэрэмжит Их Британийн загварын салбарт хувь нэмэр оруулсан бүтээлчдийг онцолдог шагналыг Ahluwalia брэндийн үүсгэн байгуулагч, эрэгтэй хувцас загварын дизайнер Прия Алувалия хүртжээ. Өөрийн цуглуулгуудыг дизайнер бүсгүй дахин боловсруулсан, мөн тэр бүр ашиглагддаггүй, эрэлт багатай материалуудаар урладаг бөгөөд дизайнаа гаргахдаа ихэвчлэн эцэг, эхийнхээ төрөлх нутгууд болох Энэтхэг болон Нигер улсуудаас бүтээлч санаа авдаг байна. Хэдий тийм ч түүний загварууд үргэлж маш орчин үеийн, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой, биед эвтэйхэн байдаг онцлогтой билээ.


BURBERRY:

Хотоос гадуур

Шинэ цуглуулга дээр ажиллахдаа Рикардо Тиши Их Британийн хөдөө нутгаас санаа авч, их хотын цэмцгэр болон хотоос гадуурх чөлөөтэй стилийг хослуулсан загварууд гаргажээ. Ингэснээр тэрээр сонгодог тренч цув дотор салгах боломжтой үслэг давхарга суурилуулж, duffle coat-г алтлаг цацгаар чимэглэж, ажил хэрэгч хослолуудыг аварга том юүдэнтэй хөвсгөр үслэг хүрэмтэй хослуулжээ. Мөн Рикардо Тиши Givenchy ордонд ажиллаж байсан үеийнхээ алдарт эсгүүр болох эрчүүдэд зориулсан юбка болон бомберын хослолыг шинэчлэн гаргасан харагдлаа.


SIMONE ROCHA:

Сурагчийн дүрэмт хувцас болон панк хэв маяг

Шинэ улиралд Симон Роша сурагчийн дүрэмт хувцаснаас сэдэвлэсэн цагаан цамц, бэлхүүс тодотгосон хүрэм, богино юбка болон өвдөг давсан урт оймснуудыг өөрийн хэв маягт оруулан олон давхар тюль материал, эрвээхий зангилаа, сувд болон шүр гэх элементүүдээр баяжуулан гаргажээ. Ингэснээр Simone Rocha-гийн "сурагчид" илүү панк хэв маягтай болж, дүрэмт хувцаснуудаа савхин хүрэм, хээтэй тирко зэрэг загваруудтай хослуулан өмссөн байлаа. Цуглуулгад багтсан гар цүнхнүүд ч мөн сургуулийн ланчбокс мэт хэлбэртэй болжээ.


CHOPOVA LOWENA:

Болгарын хуучин материалаар хийсэн цуглуулга

Central Saint Martins сургуулийн төгсөгчдийн үүсгэн байгуулсан бас нэгэн брэнд. Үүсгэн байгуулагчдын нэг Эмма Чопова нь Болгар улсаас гаралтай бөгөөд брэндйнхээ зарим загваруудыг Болгар гар урлаачдаар хийлгэдэг юм. Шинэ цуглуулгад олон төрлийн материалын өөдөснүүдээс бүрдсэн даашинзууд, хуниастай юбка, хатгамал болон наалтуудаар чимэглэгдсэн цамцнууд, савхин сарафанууд, мөн асар олон товчоор бүрхэгдсэн пальтонууд багтжээ. Цуглуулгын дийлэнх загварууд dead stock буюу худалдан авалтын дараа нэг ч өмсөөгүй хувцаснуудын өөдсөөр хийгдсэн байна.


VIVIENNE WESTWOOD:

Рококо эриний уран зураг болон дахин боловсруулсан жийнс

Франсуа Бушегийн "Daphnis and Chloe" нэртэй уран зураг бол дизайнер Вивьен Вествудийн хамгийн дуртай бүтээлүүдийн нэг юм. Рококо эриний энэхүү уран зургийг дизайнер өөрийн 90-ээд оны загварууддаа шингээсэн төдийгүй тэр үеийн Бушегийн зурагтай корсетууд өнөөдрийг хүртэл загвар цуглуулагчид дунд асар өндөр үнээр үнэлэгддэг билээ. Намар-өвөл 2021 улиралд Вествуд дахин нэг удаа "Daphnis and Chloe" бүтээлээс урам авч футболка, цамц, жийнсэн хүрэм болон парка, богино юбка, даашинз зэрэг загварууд дээр бүтээлийг хээ болгон буулгасан байна. Цуглуулгын 90% нь байгаль орчинд байж болох хамгийн бага сөрөг нөлөө үзүүлдэг материалуудаар хийгджээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх