Хайх

Нью-Йоркийн загварын долоо хоног дээр юу болж өнгөрөв? Хамгийн үзэсгэлэнтэй цуглуулгууд

Нью-Йоркийн загварын долоо хоног дээр юу болж өнгөрөв? Хамгийн үзэсгэлэнтэй цуглуулгууд

Text: Buro.Mongolia


Хэдхэн хоногийн өмнө Нью-Йорк хотод намар-өвөл 2021 улирлын загварын долоо хоног болж өндөрлөлөө. Дараагийн буюу Лондонгийн загварын долоо хоног дээр төвлөрөхөөсөө өмнө Нью-Йоркод танилцуулагдсан хамгийн үзэсгэлэнтэй цуглуулгуудыг харцгаая.

PROENZA SCHOULER:

ТАНСАГ НЭХМЭЛ ДААШИНЗУУД БОЛОН ШИНЭЛЭГ ТЕЙЛОРИНГ

Нью-Йоркийн Proenza Schouler брэнд шинэ цуглуулгаа онлайн хэлбэрээр танилцуулсан бөгөөд зураг авалтдаа АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрисын дагавар охин Элла Эмхоффыг оролцуулснаар загварынхны гол ярианы сэдэв болоод байна. Гэхдээ шинэ цуглуулга өөрөө үзэгчдийг дутахааргүй гайхшруулж чадсан ба намар-өвөл 2021 улирлын гол чиг хандлагуудыг тодорхойлоод авлаа. Тодруулбал брэндийн дизайнерууд нэг товч бүхий хурц эсгүүртэй пиджакуудыг шууд нүцгэн бие дээр өмсөхийг санал болгосноос гадна гараар нэхсэн гүн ухлаадастай даашинзуудыг үдшийн гоёлд өмсөх хэрэгтэйг, мөн нам суудалтай юбкануудыг улирлын гол тренд загвар болохыг харуулсан юм.

GABRIELA HEARST:

ДАЙЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ГАЙХАЛТАЙ СҮЛЖМЭЛ ЗАГВАРУУД

Одооноос хоёр долоо хоног ч хүрэхгүй хугацааны дараа дизайнер Габриэла Херст шинэхэн томилогдсон Chloé брэндэд зориулсан анхны цуглуулгаа танилцуулах гэж байна. Тэрээр аль хэдийнэ шинэ албан тушаалынхаа талаар ярилцлагууд өгөөд эхэлсэн бөгөөд одооноос давхар хариуцаж явах нэрийн Gabriela Hearst болон Францын Chloé брэндүүдийг хэрхэн хооронд нь ялгаж, брэнд тус бүрт ямар бодлого баримтлахаа онцлоод амжсан юм. Түүний хэлснээр Chloé бол хайр, гоо үзэсгэлэнгийн бурхан Афродита бол Gabriela Hearst нь мэргэн ухаан, шударга дайны бурхан Афина гэнэ. Үүний дагуу Gabriela Hearst-ийн цуглуулгуудад өвдөгнөөс дээш урттай юбка эсвэл спорт хослолууд орохгүй бөгөөд ихэвчлэн ажил хэрэгч бүсгүйчүүдийг чиглэсэн практикал, биед эвтэйхэн, хээнцэр загварууд давамгайлах юм. Харин шинэ улирлын хувьд өглөө ч, орой ч өмсөж болох нэхмэл даашинзууд, ноосон хослолууд, нимгэн ноолууран свитерууд, пончонууд багтжээ.

JONATHAN SIMKHAI:

ЭМЭГТЭЙЛЭГ, РОМАНТИК НООСОН ЗАГВАРУУД

Жонатан Симкайн хувьд дотуур хувцасны сэдэв нь зүгээр нэг түр зуурын тренд биш харин бүхэл бүтэн брэндийнх нь нэрийн хуудас юм. Шинэ улиралд дизайнер мөн л энэ сэдвээ баримтлан цээж хэсгийг тодотгосон бие барьсан сүлжмэл даашинзууд, усны хувцас мэт нэхмэл топууд зэргийг танилцуулсан байна. Товчхондоо бүх загварууд нь маш эмэгтэйлэг, зөөлөн бөгөөд хээнцэр болжээ.

3.1 PHILLIP LIM:

1970-ААД ОНУУДЫН ХИТ ЗАГВАРУУД

Филипп Лим 1970-аад онуудаас бүтээлч санаа аван тухайн үеийн хит загваруудыг контемпорари хэв маягт оруулсан байна. Ингэхдээ тэрээр эрвээхий зангилаатай цамцнуудын хэмжээг томсгож яг л гадуур хувцас шиг эсгүүртэй болгосон төдийгүй 70-аад онд тренд болж байсан торгон загваруудыг орчин үеийн спорт аястай өнгөнүүдээр будсан байлаа. Дизайнер мөн маш их хэмжээний хамба хилэн материал ашиглаж, төрөл бүрийн богино юбканууд болон хослолуудыг урлажээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх