Хайх

Нэг хувцсаа дахин дахин өмсдөг дизайнерууд, найруулагчид ба ерөнхий захирлууд: Зорилго ба шалтгаан

Нэг хувцсаа дахин дахин өмсдөг дизайнерууд, найруулагчид ба ерөнхий захирлууд: Зорилго ба шалтгаан

Энэ нь цагийн менежменттэй хамааралтай юу? Мөн энэ нь хөдөлмөрч хүний шинж тэмдэг мөн үү?

Text: Buro.Mongolia


Өөрийгөө зориуд хязгаарлах энэ илрэлийг ихэнх хүмүүс буруугаар ойлгон, тухайн хүнийг хувцаслалтын стилээ олоогүй, мэдрэмжгүй хэмээн дүгнэдэг. Гэхдээ ингэж дүгнэх нь маш шударга бус явдал юм. Нэг төрлийн хувцсаа дахин дахин өмсөж, өдөр тутмын өмсгөл болгох нь цагийн менежментийн ухаалаг алхам төдийгүй хөдөлмөрч зангийн нэгэн шинж тэмдэг болдог. Үүнийг бид загварын дизайнерууд, нөлөө бүхий эрхмүүд, зохиолчид ба ерөнхий захирлуудын жишээ дээр баталлаа.

Жонатан Андерсон

Нэг хувцсаа дахин дахин өмсдөг дизайнерууд, найруулагчид ба ерөнхий захирлууд: Зорилго ба шалтгаан (фото 1)

Жонатан Андерсоны хамгийн сүүлийн буюу хавар-зун 2018 улирлын цуглуулгыг хараад үз дээ. Энд дизайнер Жеймс Айворигийн "A Room with a View" кино, Винченцо Гальдигийн бүтээлүүд, мөнгөлөг зүрхнүүдээр чимэглэсэн тренч цув, саатай Converse гэх зэрэг олон сонирхолтой зүйлсийг нэг доор цуглуулсан. Харин одоо Жонатан Андерсон загварын шоуныхаа дараа мэхийн ёслохоор гарч ирэхдээ ямар хувцас өмсдөгийг нь хар даа. Их Британийн хамгийн дэвшилтэт дизайнерын өмсгөл Uniqlo-гийн гүн цэнхэр өнгийн свитер, Levi's эсвэл A.P.C брэндийн жийнсэн өмд болон цаг агаараас хамааран Nike-гийн пүүз эсвэл Converse-ийн кетнээс бүрддэг. Бүх хувцас нь цаг үе болон улирал үл хамаарсан, энгийн бөгөөд сонгодог шийдэлтэй байдаг. Тэрээр өөрийн урладаг хувцаснуудаасаа өмсдөггүй. Учир нь тэр ажлаасаа өөр зүйлд бусдын анхаарлыг хандуулж, аль нэг загварыг онцлохыг хүсдэггүй юм. Андерсоны Converse ба Uniqlo-д чиглэсэн дурлал түүнийг эдгээр брэндүүдтэй хамтран ажиллахад хүргэсэн. Дизайнер Converse-д зориулсан цуглуулгаа аль хэдийнээ танилцуулаад амжсан бол, Японы брэндтэй хамтарсан цуглуулгыг бид энэ намар олж харах болно. "Converse ба Uniqlo бол бид бүгдийн тэмүүлэх ёстой зүйлийг илэрхийлдэг. Тэр нь универсал байдал юм. J.W. Anderson брэндийн хувцаснууд нэг л өдөр ийм зэргийн универсал статустай болоосой гэж би хүсдэг" хэмээн Андерсон ярьж байсан юм.


Фрэн Лебовиц

Нэг хувцсаа дахин дахин өмсдөг дизайнерууд, найруулагчид ба ерөнхий захирлууд: Зорилго ба шалтгаан (фото 2)

«Эмэгтэй хүн болох сонирхол зөвхөн эрэгтэй трансжендерүүдэд л байдаг. Харин жинхэнэ эмэгтэйчүүдийн хувьд эмэгтэй хүн байна гэдэг ердөө хөл бөмбөг тоглохгүй байх сайхан шалтгаан болдог» гэж Фрэн Лебовицийн хэлж байсан алдарт үгсээр түүний хувцаслалтыг тодорхойлж болно. Америкийн алдарт зохиолчийн стиль бол эрэгтэй хувцасны элементтэй power dressing хэв маяг юм. Эмэгтэйлэг байдлыг үгүйсгэж, өөртөө итгэлтэй хүчирхэг харагдах дуртай Лебовицийн өдөр тутмын өмсгөл пиджак, захтай цагаан цамц, жийнсэн өмд (эсвэл арга хэмжээнүүд дээр брюк өмд) болон эрэгтэй дизайнтай гутлаас бүрддэг. Тэр зөвхөн Hilditch & Key брэндийн эрэгтэй загварын сорочка цамц (135 фунтийн үнэтэй), Их Британийн Anderson & Sheppard брэндийн пиджак, Levi's-ийн 501 эрэгтэй загварын жийнсэн өмд сонгодог. Ийм өмсгөл нь шоппинг хийх цаг хугацааг багасгадаг бөгөөд Лебовиц нэг удаагийн худалдан авалтаараа загвар бүрээс олон ширхгийг авч, олон жил өмсөх нөөцөө бэлдчихдэг. Гэхдээ дуртай брэндийнхээ нэг төрлийн хувцсыг дахин дахин өмсдөг хүмүүст заримдаа асуудал тулгарахыг үгүйсгэхгүй. Хорин жилийн өмнө Лебовицийн худалдан авах дуртай Brooks [Brothers] брэндийн захтай цамц дахин үйлдвэрлэгдэхээ больж, тэрээр орлон тоглогчийг хайх ажилд цаг заваа үрэх шаардлагатай болсон юм. «"Анхааруулж байна, бид энэхүү гайхалтай цамцыг дахин үйлдвэрлэхгүй тул үлдсэн амьдралдаа хүрэлцэхүйц нөөцийг эртнээс бэлдэж тавиарай" гээд хэлчихсэн бол» хэмээн Лебовиц тухайн үед сэтгэгдлээ хуваалцаж байсан билээ.

Кристофер Нолан

Нэг хувцсаа дахин дахин өмсдөг дизайнерууд, найруулагчид ба ерөнхий захирлууд: Зорилго ба шалтгаан (фото 3)

«Сургуульд байхдаа би дүрэмт хувцас өмсдөг байсан. Тэр цагаас хойш би пиджакийнхаа бүх халаасыг эд зүйлсээр дүүргээд сурчихсан юм. Ингэх нь эвтэйхэн байдаг. Би юу өмсөх вэ хэмээн толгойгоо гашилгадаггүй. Зүгээр л нэг төрлийн хувцсаа дахин дахин өмсчихдөг юм» хэмээн "Dunkirk", "Inception" ба "The Dark Knight" кинонуудын найруулагч хэлж байсан. Түүний өдөр тутмын өмсгөл усан цэнхэр өнгийн захтай цамц ба хослолоос бүрддэг. Хүйтэн өдрүүдэд тэрээр мөн пиджакийнхаа дотор кардиган цамц давхарлах дуртай. Ноланы хандлагыг ойлгоход тун хялбар. Тэр хувцсанд ямар нэгэн ач холбогдол өгч, сэтгэлийн хөдөлгөөн зарцуулдаггүй. Гэхдээ тэрээр заримдаа судалтай оймс өмсөж, төрхөө бага зэрэг шинэчилдгийг нь онцлох хэрэгтэй байх.

Диана Перне

Нэг хувцсаа дахин дахин өмсдөг дизайнерууд, найруулагчид ба ерөнхий захирлууд: Зорилго ба шалтгаан (фото 4)

Газар хүрсэн урттай юбка, нимгэн цамц, хүрэм, нарны шил, платформ ултай гутал болон гивлүүр. Хамгийн гол нь бүгд хар өнгөтэй байх учиртай. Онлайн сэтгүүл зүйн анхдагч, A Shaded View on Fashion Film нэртэй фестивалийн үүсгэн байгуулагч Диана Перне эдгээр хувцаснуудыг 1980-аад оноос хойш өнөөдрийг хүртэл дахин дахин өмсөж байна. Загварын мэргэжилтэнд Лукино Висконти ба Пьер Паоло Пазолини нарын кинонд гардаг гунигтай атлаа тачаангуй бэлэвсэн эхнэрийн дүр төрх үргэлж таалагддаг байсан. Ихэнх хүмүүс үүнийг Диана Пернегийн анхны нөхөр гэнэтийн байдлаар таалал төгссөнтэй холбодог. «Хүмүүс намайг шаналал зовлон илэрхийлсэн хувцас өмсдөг гэж боддог. Гэхдээ хар өнгө болон бэлэвсэн эхнэрийн дүр төрхөд би энэ эмгэнэлт үйл явдлаас өмнө дурласан байсан» хэмээн Dries Van Noten, Haider Ackermann, Comme Des Garçons ба залуу авангард дизайнеруудын хувцсыг сонгох дуртай Перне хэлсэн байдаг. Түүний үс засалт ба платформтой гутланд ямар нэгэн далд утга байхгүй бөгөөд энэ нь ердөө л эмэгтэй хүнийг өндөр харагдуулах нэгэн аргачлал юм. Цорын ганц бэлгэдэлтэй зүйл бол түүний нарны шил. Үүний ачаар Перне бусад хүмүүстэй харьцахдаа өөрийгөө тусгаарлах боломжтой байдаг гэнэ.

София Коппола

Нэг хувцсаа дахин дахин өмсдөг дизайнерууд, найруулагчид ба ерөнхий захирлууд: Зорилго ба шалтгаан (фото 5)

Met Gala болон Канны кино наадмын улаан хивсэн дээр бид София Копполаг Marc Jacobs-ийн алтлаг даашинз, Valentino-гийн даашинз болон Chanel-ын хослолтой харж байсан. Гэхдээ баярын бус нөхцөлд кино зохиолч бүсгүй ердөө хоёрхон төрлөөр хувцасладаг. Түүний эхний төрх зураг авалтын талбарт зориулагдсан бөгөөд Charvet брэндийн захтай цагаан цамц ба Acne-гийн жийнсэн өмднөөс бүрддэг. Копполагийн хэлснээр энэ хувцаслалт нь түүнд ажилдаа төвлөрөх боломжийг олгодог байна. Харин хоёр дахь төрх нь өдөр тутамд зориулагдаж, гүн цэнхэр өнгийн иж бүрдлээс бүрддэг. Үүнд дундаж урттай даашинз, свитер цамц ба гар цүнх хамрагдана. «Миний нэг найз Louis Vuitton брэндийн гутлын дизайнераар ажилладаг юм. Тэр үргэлж намайг "София чи энэ гутлыг ч бас гүн цэнхэр өнгөтэй байгаасай гэж хүсч байна уу?" хэмээн шоглодог. Гэхдээ үнэн хэрэгтээ би бүх зүйлийн гүн цэнхэр өнгөтэй хувилбарыг хайдаг" хэмээн София Коппола Telegraph сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.

Эмили Уэйс

Нэг хувцсаа дахин дахин өмсдөг дизайнерууд, найруулагчид ба ерөнхий захирлууд: Зорилго ба шалтгаан (фото 6)

Бид богино хугацаанд хэр их шийдвэр гаргана тэр хэрээр ядардаг. Энэхүү томьёог Стив Жобс баримталдаг байсан бөгөөд тэрээр зөвхөн Иссей Миякигийн хар өнгийн хоолойтой цамц, Levi's-ийн жийнсэн өмд ба New Balance-ийн пүүз өмсдөг байсан. Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг ч бас ийм бодлогоор хувцаслаж, хувцасны шүүгээгээ аливаа бичиг логогүй саарал юүдэнтэй цамц ба футболкаар дүүргэдэг. Нэг төрлийн хувцсаа дахин дахин өмсдөг ерөнхий захирлуудын жагсаалтад мөн DEKA судалгааны компанийн Дин Кеймен ба Polyvore-ийн гүйцэтгэх захирал Жесс Лиг хамруулж болно. Дүрэмт хувцастай байх нь хөдөлмөрч хүний шинж тэмдэг гэдгийг бүгд мэддэг. Үүнийг Glossier косметик брэндийн үүсгэн байгуулагч ба CEO Эмили Уэйс батална. Тэрээр өдөр тутамдаа пүүз, жийнсэн өмд ба цайвар өнгийн топ өмсдөг хэдий ч түүнийг загварын салбарын нөлөө бүхий эрхмүүдийн нэг гэж хүн бүр хэлнэ. «Би өглөө хувцас сонгож цаг алддаггүй. Зүгээр л байгаа зүйлээсээ өмсөж, ажилдаа явдаг» гэж Уэйс хэлж байсан.

Вера Вонг

Нэг хувцсаа дахин дахин өмсдөг дизайнерууд, найруулагчид ба ерөнхий захирлууд: Зорилго ба шалтгаан (фото 7)

Ерөнхий захирлуудаас гадна нэг хувцсаа тогтмол өмсөх дуртай хүмүүсийн нэг бол загварын дизайнерууд юм. Дрис ван Нотен бараан өнгийн свитер цамцыг сул загварын брюк өмдтэй хослуулдаг бол, Жиоржио Армани цэнхэр өнгийн свитер, брюк ба теннисын гутал өмсдөг. Түүнчлэн Том Форд үргэлж брэндийнхээ хослолыг сонгож, Карл Лагерфельд, Томми Хилфигер ба Майкл Корс нар нэг хэв маягаар л хувцасладаг. Энэ эгнээнд алдарт дизайнер Вера Вонг ч бас элсэнэ. Бүсгүйчүүдийн мөрөөдлийн даашинзыг урладаг тэрээр өдөр тутамдаа маш энгийн хувцаслаж, яг л Жонатан Андерсонтой ижил бодлого баримталдаг. Тэрээр ажилдаа бүхнээ зориулах бөгөөд өөрийгөө ажлынхаа фон болгож өгдөг. Ханцуйгүй топ ба леггингс өмсдөг дизайнер хоёр дүрмийг л үргэлж мөрддөг. Тодруулбал түүний бүх хувцас хар өнгөтэй ба ханцуйгүй байх учиртай юм.

цааш үзэх