Хайх

Домогт дизайнеруудын ховор, сонирхолтой ярилцлагууд

Домогт дизайнеруудын ховор, сонирхолтой ярилцлагууд

Text: Buro.Mongolia


Зураг: Buro. Kazakhstan

Ярилцлага бол хүнийг таньж мэдэх шилдэг арга юм. Тиймээс чадварлаг сэтгүүлчдээс хүмүүс айх нь бий. Учир нь тэд ярилцаж буй хүнээсээ хамгийн тааламжгүй үнэнийг ч хүртэл гаргаж ирэх чадвартай бөгөөд яг энэ шалтгаанаар ихэнх алдартнууд ярилцлага өгөхөөс татгалзсан байдаг. Тэр дундаа загварын ертөнцөд ийм тохиолдол олон. Мартин Маржела л гэхэд хэвлэлийнхэнтэй хэзээ ч ярилцаж үзээгүй гэж хэлэхэд хилсдэхгүй бол, Рей Кавакубо цор ганц удаа The Guardian сэтгүүлд ярилцлага өгч, харин Александр Маккуин сэтгүүлчидтэй харьцахдаа өөрийгөө хүчлэн, маш их хичээл зүтгэл гаргаж байгаа нь илт харагддаг байсан. Харин бид домогт дизайнеруудын бүх цаг үеийн шилдэг ярилцлагуудыг нэг дор цуглууллаа.

Жон Гальяногийн шуугиан тарьсны дараах анхны ярилцлага

2011 онд Их Британийн дизайнер Жон Гальяно олон нийтийн газар еврейчүүдийг гарал үүслээр нь ялгаварлан гадуурхаж, доромжилсон үг хэллэг хэлсний улмаас Dior ордны бүтээлч захирлын албан тушаалаасаа халагдаж, шүүх хурал түүнд мөнгөн торгууль оногдуулж байсан билээ. Энэ дуулиант хэргийн дараа Гальяно хоёр жилийн турш олны нүднээс далд амьдарсан бөгөөд 2013 онд Charlie Rose нэвтрүүлэгт оролцсоноор загварын салбарт эргэн ирсэн байдаг. Нэвтрүүлэгт оролцохдоо дизайнер тэрхүү дуулиант хэргийн талаар анх удаа сэтгэгдлээ хуваалцаж, үйл явдлаас хойш хэрхэн амьдарснаа дэлгэрэнгүй ярьдаг юм.

Тим Блэнксийн Dior Homme брэндийн дизайнер Эди Слимантай хийсэн ярилцлага

Эди Слиман бол төдийлөн ярилцлага өгдөггүй, ярилцсан ч дэлгэрэнгүй хариулдаггүй, нууцлаг дизайнеруудын нэг юм. Ийм ч учраас загварын шилдэг сэтгүүлчдийн нэг Тим Блэнксийн Style.com вебсайтад зориулан хийж байсан ярилцлага Эдигийн өгсөн ховор ярилцлагуудын нэг болон үлдсэн байдаг. Ярилцлага ердөө зургаан минут үргэлжлэх ч эндээс та Эдигийн тухай ерөнхий ойлголтыг авах болно. Маш хаалттай, түгшсэн дизайнер сэтгүүлчийн асуултуудад тохиромжгүй хариултууд өгч, үе үе төрөлх франц хэл рүү шилжиж, ярианы нэг сэдвийг дэмжихээс татгалзана. Юутай ч та Эди гэж хэн болохыг мэдэхийг хүсвэл энэ ярилцлагыг заавал үзэх ёстой юм.

Александр Маккуин ба Ники Найт нарын ярилцлага

Александр Маккуин ярилцлага өгөхөөс татгалздаггүй байсан ч түүнийг илэн далангүй ярилцагч гэж хэлэхэд хэцүү. Тэр бол үр бүтээлтэй яриа өрнүүлэхэд бэрх, "дуугүй" хүмүүсийн нэг юм. Тиймээс i-D сэтгүүл өөр арга барил туршихаар шийдэж дизайнерын дотнын найз, загварын зурагчин Ник Найтыг түүнтэй ярилцахыг хүссэн байдаг. Нийт нэг цаг гучин минут үргэлжлэх энэхүү ярилцлага нь нэлээд замбараагүй болсон ч Маккуины талаар маш их мэдээллийг өгөх болно. Харамсалтай нь ярилцлагын бичлэг бүрэн хэмжээгээрээ хадгалагдаж үлдээгүй ч подкаст хэлбэрээр сонсох боломжтой.

Ив Сен-Лораны хамгийн эртний ярилцлагуудын нэг

Энэхүү бичлэг нь 1959 онд хийгдсэн бөгөөд бүрэн хэмжээний ярилцлага гэж хэлэхэд бэрх. Тухайн үед Се-Лоран Dior ордны уран сайхны удирдаачаар ажиллаж байсан ба дөнгөж 22 настай байсан юм. Улсын эзэмшлийн телевизэд зориулж тэрээр улирлын онцлох трендүүдийг тайлбарлахаас гадна 1959 оны Dior бүсгүй ямар харагдах учиртайг өөрийн ноорог зургаар харуулж байсан билээ.

Ив Сен-Лораны нэрийн брэндээсээ гарахаас өмнө өгсөн сүүлийн ярилцлага

2002 оны долоодугаар сарын 7-нд бэлтгэсэн INA телевизийн энэхүү архивын бичлэгт ахимаг настай дизайнер карьерээ үүгээр өндөрлөх болсноо олон нийтэд зарлаж, бүх насаараа хайрлаж ирсэн мэргэжлээсээ хагацах болсондоо гунигтай байгаагаа хуваалцдаг юм.

Сюзи Менкес ба Юбер Живонши нарын ярилцлага

Мэргэжил нэгтнүүдтэйгээ харьцуулбал Живонши үргэлж хэвлэлийнхэнтэй нээлттэй харилцаж, эелдэг байсан. Харамсалтай нь түүний оролцсон олон бичлэг, ярилцлагууд устсан байдаг ч хамгийн сүүлд хийгдсэн чухал ярилцлагуудын нэг нь бидэнд хадгалагдаж үлдсэн билээ. Сюзи Менкесийн хийсэн уг ярилцлагад дизайнер алдартнуудтай хамтарч ажилласан тухайгаа, мөн карьерынхаа оргил мөчүүдээс хуваалцах болно. Ярилцлагын үеэр Живонши санамсаргүй франц хэл рүү шилжсэнийхээ дараа маш сэтгэл хөдлөм байдлаар сэтгүүлчээс хүлцэл өчин "Миний англи хэл хангалттай сайн биш байгаад уучлаарай" гэж хэлнэ.

Наоми Кэмпбелл ба Вивьен Вествуд нарын ярилцлага

Энэхүү бичлэг нь дээрх бичлэгүүдтэй харьцуулбал харьцангуй орчин үеийнх ч дутахааргүй үнэт агуулгатай. Загварын салбарын хоёр супер од болох Вивьен Вествуд ба Наоми Кэмпбелл нар Vivienne Westwood брэндийн шоуны үеэр Наоми тайзнаа унасан тухай ярилцаж, өнгөрснөө дурсаж инээлдэнэ.

цааш үзэх