Хайх

Надад төрсөн 5 бодол: “Хасын Хүлэгүүд” багийнхны загварлаг төрхүүдийг харцгаая

Надад төрсөн 5 бодол: “Хасын Хүлэгүүд” багийнхны загварлаг төрхүүдийг харцгаая

Quinto concept store "Хасын Хүлэгүүд" багтай хамтран сурталчилгааны зураг авалт хийлээ

Text: Б.Энххүслэн


Ажлын онцлог л байх. Би загвартай холбоотой аливаа зураг авалтыг ажихгүй өнгөрүүлж чаддаггүй юм. Моделиор хэнийг оролцуулсан, яагаад сонгосон, сет дизайныг юунаас сэдэвчилсэн, зурагчин, стилист нь хэн байсан зэрэг асуултын хариуг олох их сонирхолтой санагддаг. Тэгвэл энэ удаа дотроо л бодоод өнгөрөхгүйгээр загварт хайртай BURO.-гийн уншигчидтайгаа ч мөн өөрийн бодлоосоо хуваалцъя. Ганцхан зураг авалтын цаана олон хүний хөдөлмөр, өгүүлэмж агуулагдаж байдаг ба лавшруулж харах тусам шинэ өнцөг нээгддэг нь хэзээ ч уйдаадаггүй. 

Хамгийн сүүлд сонирхлыг минь татсан зураг авалтаар Quinto concept store болон “Хасын Хүлэгүүд” багийн хамтралыг нэрлэнэ. Нэгдүгээрт, энэхүү зураг авалтаар эрчүүд, тэр дундаа сагсан бөмбөгийн тоглогчдыг онцолсон байсан нь их анхааралд өртсөн. Хоёрдугаарт, дүр төрхийг нь тодорхойлсон хувцаслалт нь таалагдсан төдийгүй монголын спорт болон загварын салбарууд хоршиж байгаа нь тун баярлууштай хэрэг билээ. Quinto Concept дэлгүүр сагсан бөмбөгийн “Хасын Хүлэгүүд” багтай хамтарснаар Монголын сагсан бөмбөгийн салбарыг загварын талаас нь хөгжүүлэхийг зорьж, хамтарсан сурталчилгааны зураг авалт хийжээ.

Загвар өөрөө бүх төрлийн салбарт нөлөөллөө бий болгож байдаг. Яг л гранж хөгжмийн жанр үүсэхэд бие даасан загварын гранж урсгал дэлгэрсэн шиг, аль эсвэл хипстерүүдийг тодорхойлох чухал хүчин зүйлийн нэг нь тэдний хувцаслалт байдаг шиг. Нэг зоосны хоёр тал гэдэг дээ. Спорт ч яг үүнтэй адил. Жишээ нь, NBA-ын тоглогчдын хэв маяг бараг л загварын дэд урсгал болтлоо хөгжиж буй. Месси, Рональдо, Бэкхем нар зарим загварын инфлюэнсерээс ч илүү нөлөөлөл үүсгэж, сурталчилсан нэг пүүзнийхээ араас хүмүүсийг шууруулж чаддаг. Дээрээс нь саяхан алдарт теннисчин Серена Уильямс CFDA наадамд Fashion Icon буюу жилийн хамгийн загварлаг хүнээр тодорсон гээд дурдаад байвал дуусахгүй. Харин Монголын хувьд энэ түвшинд хараахан хүрээгүй байгаа ч өнөөдрийн бидний ярих зураг авалт спорт болон загварын ертөнцийн уялдааг харуулах ба энэ холбоог цааш нь дэлгэрүүлэх сэдлийг төрүүлж чадах болов уу.


БОДОЛ 1: МОНГОЛ ТАМИРЧИД УУ?


Шууд төрсөн эхний бодол бол “Энэ монгол тамирчид уу?”. Сагсан бөмбөгийн спортын талаар цухас мэддэг миний хувьд “Хасын Хүлэгүүд” гэх гарчгаас нь л монгол тоглогчид юм байна гэдгийг ойлгосон юм.

Эдгээр зураг нь яг л туннелээр дамжин стадион руугаа орж яваа NBA-ын тоглогчдын камерт өртсөн зургуудыг санагдуулах ба стадионы тэрхэн хэсэг газрыг хэвлэлийнхэн “сагсчдын загварын шоу”, “бетонон загварын тайз” ч гэж тодорхойлдог. Тэгвэл монголын сагсчдын дунд ч гэсэн энэ соёл дэлгэрэх бололцоо байгаа юм биш үү?

Надад төрсөн 5 бодол: “Хасын Хүлэгүүд” багийнхны загварлаг төрхүүдийг харцгаая (фото 1)

БОДОЛ 2: ШАРГАЛ ЦАЙРАЛТТАЙ ЖИЙНС, OVERSIZED КУРТКА, АНОРАК ХҮРЭМ... ТРЕНДИ ХУВЦАСНУУД НЬ ЯМАР БРЭНДИЙНХ ЮМ БОЛ?


Quinto-г хүмүүс Gucci, Dior, Balenciaga зэрэг брэндийг албан ёсны эрхтэйгээр нэгтгэсэн зөвхөн эрчүүдэд зориулсан хувцас, эдлэл санал болгодог концепци дэлгүүр гэдгээр нь мэднэ. Тэгэхээр эдгээр сагсчид яг аль брэндийн хувцсаар нь гоёсон юм бол? Судлаад үзэх юм бол тэд Balenciaga-гийн анорак хүрэм, Gucci-гийн цүнх, Celine-ийн өмд, Dior-ын сорочкан цамц гэх зэргээр төрхөө бүрдүүлжээ. Мэдээж хэрэг oversized силуэт, streetwear хэв маяг давамгайлдаг Balenciaga-гийн загварууд зонхилсон харагдлаа.

Надад төрсөн 5 бодол: “Хасын Хүлэгүүд” багийнхны загварлаг төрхүүдийг харцгаая (фото 2)
Надад төрсөн 5 бодол: “Хасын Хүлэгүүд” багийнхны загварлаг төрхүүдийг харцгаая (фото 3)
Надад төрсөн 5 бодол: “Хасын Хүлэгүүд” багийнхны загварлаг төрхүүдийг харцгаая (фото 4)
Надад төрсөн 5 бодол: “Хасын Хүлэгүүд” багийнхны загварлаг төрхүүдийг харцгаая (фото 5)
Надад төрсөн 5 бодол: “Хасын Хүлэгүүд” багийнхны загварлаг төрхүүдийг харцгаая (фото 6)
Надад төрсөн 5 бодол: “Хасын Хүлэгүүд” багийнхны загварлаг төрхүүдийг харцгаая (фото 7)

БОДОЛ 3: СПОРТ БОЛОН ЗАГВАР. ҮҮСЭХ ЁСТОЙ Л ХОРШИЛ


Загварынхан спортынхны дүрэмтээс сэдэлжиж, эсрэгээрээ спортынхон шинэ улирлын цуглуулгаар хувцасласаар ирсэн. Тэдний хоршил яг л харилцан ашигтай хэлцэл л гэсэн үг. Спортын шүтэн бишрэгчид ямар хүчтэйг мэднэ дээ. Тэд л Рональдог Instagram-ын хамгийн их дагагчтай хүн болгосон. Тэд л Мессигийн өмссөн Adidas брэндийн ягаан жерсиг “ууршиж алга болтол” нь худалдаж авсан хүмүүс. Загварын орднуудад тийм хүчтэй шүтэн бишрэгчид таалагдах нь аргагүй учраас тэд тамирчдыг өөрсдийн төлөөлөгч, нүүр царайгаар сонгох нь бий. Тэр чинээгээрээ спортынхны ч карьерын зам тэлдэг уламжлалтай. Тамирчид загварын шоунуудын хүндтэй зочин болж нэгдүгээр эгнээний суудалд заларна. Зарим нь бүр (Серена Уильямс, Дэвид Бэкхем, Леброн Жеймс) өөрсдийн хувцасны брэндээ ч үүсгэн байгуулдаг. Энэ жишээ эрт ч бай, орой ч бай Монголд бий болох нь лавтай.

Надад төрсөн 5 бодол: “Хасын Хүлэгүүд” багийнхны загварлаг төрхүүдийг харцгаая (фото 8)

БОДОЛ 4: ЦААШДАА БҮР Ч ИЛҮҮ ХӨГЖИЖ ОЛОН ҮҮД ХААЛГА НЭЭГДЭНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА


Зураг авалтыг хараад спорт болон загварын салбарыг тэр чигт нь өөрчилсөн 2008 онд болсон нэгэн үйл явдал санаанд орсон юм. Тухайн үед АНУ-ын эрэгтэй тамирчид Олимпын наадамд оролцохоор Шанхай хотод хүрэлцэн ирээд байлаа. Леброн Жеймс онгоцноосоо буун камерын дуранд өртөхдөө бидний сайн мэдэх Beats-ын чихэвчийг зүүжээ. Beats by Dre брэнд үүсгэн байгуулагдаад удаагүй байсан ба тэд бүтээгдэхүүнийхээ хөгжүүлэлтийг түлхүү хөгжмийн салбарынхантай хамтарч хийхээр төлөвлөсөн байсан юм. Гэвч Леброн Жеймсийн Beats чихэвчийг зүүсэн зургийн ачаар үүсгэн байгуулагдаад удаагүй байсан компанийн хувь заяа ганцхан шөнийн дотор хүн бүрийн хүсэмжит брэнд болох хүртлээ өөрчлөгдсөн билээ. Сагсчид сайн тоглогч, үлгэрлэгч байхын хажуугаар загварын нөлөөлөгч ч байж болдгийг тухайн үед салбараараа ойлгож авсан юм.

Харин Монголын хувьд сагсан бөмбөгийн спорт цар хүрээгээ улам тэлсээр, тоглолтыг нь алгасалгүй үздэг шүтэн бишрэгчдийн тоо нэмэгдсээр байгаа билээ. Цаашдаа ч энэхүү спортын хөгжлийн зам зурайж загварын салбарыг багтаах орон зайтай хүртэл болохыг үгүйсгэшгүй. Ингэснээр монгол тамирчдыг камерын дурандаа буулгадаг street style зургаар дагнасан тусгай платформ үүсэж, тамирчдын төрхийг бүрдүүлж өгөх стилистүүдийн эрэлт нэмэгдэж, загвар болон спортын контент бүтээгчдийн сэдэв нэгээр нэмэгдэх нь лавтай. Хамгийн багаар төсөөлөхөд л энэ бөгөөд бидэнд бүр ч олон үүд хаалга нээгдэх боломж бий.

Надад төрсөн 5 бодол: “Хасын Хүлэгүүд” багийнхны загварлаг төрхүүдийг харцгаая (фото 9)
Надад төрсөн 5 бодол: “Хасын Хүлэгүүд” багийнхны загварлаг төрхүүдийг харцгаая (фото 10)
Надад төрсөн 5 бодол: “Хасын Хүлэгүүд” багийнхны загварлаг төрхүүдийг харцгаая (фото 11)
Надад төрсөн 5 бодол: “Хасын Хүлэгүүд” багийнхны загварлаг төрхүүдийг харцгаая (фото 12)
Надад төрсөн 5 бодол: “Хасын Хүлэгүүд” багийнхны загварлаг төрхүүдийг харцгаая (фото 13)
Надад төрсөн 5 бодол: “Хасын Хүлэгүүд” багийнхны загварлаг төрхүүдийг харцгаая (фото 14)
Надад төрсөн 5 бодол: “Хасын Хүлэгүүд” багийнхны загварлаг төрхүүдийг харцгаая (фото 15)
Надад төрсөн 5 бодол: “Хасын Хүлэгүүд” багийнхны загварлаг төрхүүдийг харцгаая (фото 16)

БОДОЛ 5: ДАН ГАНЦ САГСЧИД ГЭЛТГҮЙ МОНГОЛ ЭРЧҮҮД Ч ГЭСЭН ӨӨРИЙН ГЭСЭН СТИЛЬ, ЗАГВАРЫН МЭДРЭМЖТЭЙ БАЙХААС БҮҮ ЖИЙРХЭЭРЭЙ


Тархиа ч эрдмээр цэнэглээд, биеэ ч брэндээр хувцаслаад явахад юу нь болохгүй гэж? Хэт туйлширсан, цаг үеэ өнгөрөөсөн хэвшмэл ойлголтоос болоод монгол эрчүүд өөрсдийн гадаад төрхөө бүү хойш тавиасай. Харин ч орчин үеийн залуучууд өөрийн гэсэн стильтэй, хувцас загварын талаар үзэл бодолтой, чанартай хэрэглээг эрхэмлэдэг хүмүүсийг тэр чинээгээрээ өөртөө цаг зав гаргадаг, өөрийгөө хүндэлдэг гэдгээр нь сайшаах болсон. Стилиэ бүтээнэ гэдэг тийм амар эд биш шүү дээ. Өөрийнхөө юунд дуртайг мэдэх хэрэгтэй, загварын ядаж анхан шатны мэдлэгтэй байх ёстой, хувцасны деталийг анзаарч эхэлбэл тустай, тоосонд дарагдсан бүтээлч хөдөлгүүрээ зүтгүүлэх хэрэгтэй. Тиймээс төрхөө тордсон хүн бүр бэл бэнчнээ гайхуулах гэсэн хүмүүс байдаггүй юм. Энэ бол маш их сэтгэл, цаг заваа зориулж байж хүрдэг ажил бөгөөд үр дүн нь таныг дотор болон гаднаас нь орвонгоор нь өөрчлөх чадалтай.

Надад төрсөн 5 бодол: “Хасын Хүлэгүүд” багийнхны загварлаг төрхүүдийг харцгаая (фото 17)

Quinto concept store

Хаяг: Шангри-ла молл, 1 давхар

Утас: 7555 5151, 9322 5555

Facebook: Quinto concept store

Instagram: @quinto_concept_store

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх