Хайх

Пол Смит: Надад нийгмийн жишиг болсон эд хөрөнгө, тансаг байдлын илэрхийлэл огт сонин санагддаггүй

Пол Смит: Надад нийгмийн жишиг болсон эд хөрөнгө, тансаг байдлын илэрхийлэл огт сонин санагддаггүй

Buro 24/7 ярилцлага

Text: Бюро 24/7


Зураг:

Их Британийн загварын салбарт томоохон хувь нэмэр оруулсныхаа төлөө хатан хаан II Елизабетаас рыцарийн зэрэг хүртсэн дизайнер Пол Смит өөрийгөө “Sir” хэмээн дуудуулах дургүй нэгэн. Дизайнертай ярилцахад түүний даруу, үнэнч зан нь улам бүр илэрч, үнэхээр гайхамшигтай хүн болох нь мэдрэгдлээ

Машин гэхээсээ илүү дугуй унахыг илүүд үздэг хүмүүс энэ дэлхий дээр харьцангуй их болоод байгаа. Тэдгээр хүмүүс дунд удирдах албаны хүмүүс ч бий. Үүний тод жишээ бол дэлхийн алдарт дизайнеруудын нэгд тооцогддог хүндэт Пол Смит юм. Дизайнерт түүнчлэн нийгмийн жишиг болсон эд хөрөнгө ба тансаг байдлын илэрхийлэл огт сонирхолгүй санагддаг аж. Тэр харин байж болох бүхий л хэрэггүй эд зүйлсийг гэр орондоо цуглуулах дуртай энгийн нэгэн хүн юм. Энэ бүх зүйлийн талаар Buro 24/7 ярилцлагаас олж мэдээрэй.

Таныг сэр Пол Смит хэмээн дуудахад та дургүйцдэг гэж би дуулсан юм байна. Яагаад?

(Инээж байна.) Энэ нь миний зан чанартай огтхон ч тохирдоггүй юм аа! Би рыцарийн цол хүртэх болсноо дуулахдаа энэ цолыг хүлээж авах хэрэгтэй эсэхийг ч мэдэхгүй байлаа. Миний бодлоор хүмүүс ийм зэрэг, цолын араас нэлээд хөөцөлддөг бөгөөд үр дүнд нь цолыг хүртэх гавьяагүй хүмүүс авах нь элбэг. Энэ бүгд өөрөө цол хэргэмийн үнэ цэнийг бууруулдаг юм. Би ч мөн адил энэ цолыг хүртэх гавьяатай эсэхээ мэдэхгүй, эргэлзэж байхад миний хамт олон намайг ятгаж чадсан.

Танай хамт олон таныг сэр гэж дууддаг үү?

Тэд намайг зүгээр л Пол гэж дууддаг. Би ингэж л дуудуулах дуртай. Энэ далимд хэлэхэд би саяхан Францын гол шагнал болох "Хүндэт легион"-ий одон хүртсэн. Шагнал гардуулах ёслол Лондон хотод байрших Францын элчин сайдын яаманд зохион байгуулагдсан юм. Түүнээс гадна би бас Их Британий Үндэсний архитекторуудын хүрээлэнгээс шагнал хүртэж байсан. Ер нь их олон шагнал бий шүү! Би одоогийн байдлаар байж болох бүхий л шагнал, цолыг цуглуулсан мэт санагдаж байна.

Таны гэрт шагналуудаа цуглуулдаг тусгай газар бий юу?

Өө, үгүй дээ! (Инээж байна.) Хэрвээ тийм газартай байсан бол хэтэрхий хачин биш гэж үү.

Пол Смит: Надад нийгмийн жишиг болсон эд хөрөнгө, тансаг байдлын илэрхийлэл огт сонин санагддаггүй (фото 1)

Загварын салбарт ажиллаж эхлэхээсээ өмнө мэргэжлийн дугуйчин болох төлөвлөгөөтэй байсан гэж дуулсан. Гэхдээ та осолд орж, амьдрал өөр тийшээ эргэсэн байдаг. Энэ үйл явдал магадгүй таны амьдралд томоохон өөрчлөлт оруулсан байх?

Тийм ээ, энэ үйл явдлын ачаар би маш гэнэтийн байдлаар урлагийн ертөнцийг олж нээсэн. Ослын дараа би гурван сарын турш эмнэлэгт хэвтсэн бөгөөд тэр хугацаанд хоёр залуутай танилцсан юм. Тэдний нэг нь мотоцикль унаж яваад, харин нөгөөх нь машинтай осолдсон байсан. Бид хоорондоо нөхөрлөж, эмнэлгээс гарсны дараа ч холбоотой байхаар тохиролцсон. Эмнэлгээс гараад тун удалгүй бид амьдардаг байсан хотынхоо нэгэн жижиг пабд уулзалдахаар шийдсэн юм. Бид гурвын хэн нэгэн нь тэр пабыг сонгосонд би маш их талархдаг. Би их азтай хүн шүү! Учир нь тэр пабд урлагийн сургуулийн оюутнууд цуглардаг байсан юм билээ. Би тэр пабд суух дуртай болж, хоёр гурван удаа очсоны эцэст тэндхийн байнгын үйлчлүүлэгчидтэй танилцаж эхэлсэн юм. Би тэднээс юу хийдгийг нь асуухад зарим нэг нь загварын дизайнераар суралцаж, харин зарим нь зурагчнаар ажилладаг гэж байсан. Мөн архитектор мэргэжилтэй хүн ч бас байсан шүү. Тэр үед миний өмнө гэнэтхэн урлагийн ертөнц үүд хаалгаа нээсэн. "Хөөх, ийм сонирхолтой зүйл хийнгээ бас мөнгө олж болох юм байна" гэж би бодож байлаа. 

Та төлөвлөж байсан шиг ээ мэргэжлийн уралдаанчин болж чадаагүйдээ хэзээ нэгэн цагт харамсаж байв уу?

Би хэрвээ тэр чиглэлээр дагнасан бол тийм ч их амжилт олж чадахгүй байсан байх гэж боддог юм. Өмнө нь ч гэсэн тийм сайн байгаагүй ээ. Энэ зүгээр л мөрөөдөл байсан. Нэг өдөр би дэлгүүр нээхийг хүсч буй нэгэн бүсгүйтэй танилцсан. Тэр намайг өөрт нь туслахыг хүссэн бөгөөд бид хамтдаа тэрхүү төслийг хэрэгжүүлсэн. Харин хэсэг хугацааны дараа би өөрийн гэсэн дэлгүүрээ нээсэн юм. Аажмаар би загварын ертөнц рүү чиглэсэн жижиг алхмууд хийж, өнөөдрийн энэ нөхцөл байдалдаа хүрсэн юм даа.

Ийм зэргийн гэнэтийн тохиолдол ба уулзалт таны амьдралд багагүй үүрэг гүйцэтгэсэн юм шиг харагдлаа. Таны брэндийн таних тэмдэг болсон тод өнгийн судалтай хээ хүртэл анхандаа ердөө л нэг цуглуулгын нэгэн хэсэг байх ёстой байсан шүү дээ. Гэтэл энэ хээ нь худалдан авагчдад маш их таалагдаж, брэндийн байнга ашигладаг бэлгэ тэмдэг болон хувирсан байдаг.

Дашрамд дурдахад бид тэрхүү хээг сүүлийн үед ашиглахаа болиод байгаа. Цаашид зөвхөн хүзүүний ороолт, түрийвч болон бусад жижиг аксесуарууд дээр хэрэглэх болно. Би энэ хээг орчин үеийн харагдахаа больсон гэж үзэж, брэндийн цуглуулгын ямар нэгэн том зүйлс дээр ашиглахгүй байхыг шийдсэн юм. Гэхдээ таны асуулт руу эргэн очиход, та нэг талын зөв дүгнэлт хийжээ. Надад хамгийн том аз авчирсан тохиолдол бол унадаг дугуйн осол байсан юм. Тод өнгийн судал ч мөн адил зөвхөн нэг улирлын цуглуулгад үзэгдэх ёстой байсан ч хүн бүр "Бидэнд маш их таалагдаж байна. Энэ хээг дахин ашиглаарай!" гэж хэлэх болсон. Гэхдээ энэ хоёроос өөр чухал нөлөө үзүүлсэн гэнэтийн тохиолдол бараг байхгүй дээ.

Пол Смит: Надад нийгмийн жишиг болсон эд хөрөнгө, тансаг байдлын илэрхийлэл огт сонин санагддаггүй (фото 2)



Та мэргэжлийн спортоор хичээллэхээ больсон ч одоо хүртэл өдөр тутмын амьдралдаа дугуй унадаг хэвээрээ шүү дээ. Та магадгүй машинаас илүү дугуйг эрхэмлэдэг хүмүүсийн нэг байх?

Тийм ээ, одоо хүртэл унадаг хэвээрээ. Надад унадаг дугуйнууд их таалагддаг. Үүнд ямар нэгэн хувийн зан чанар оршиж байгаа мэт санагддаг. Дугуй унаж байх үед хүн өөрөө л үргэлж гол дүр байдаг. Харин машинаар явж байх үед хамгийн гол зүйл нь үргэлж машин л байх болно. Би мэдээж хэрэг машинаас огт татгалздаг хүмүүсийн нэг биш. Надад Mini Cooper бий. Үргэлж машин тавих зай олддоггүй Лондон хотод энэ загвар хамгийн тохиромжтой юм шиг ээ. Ерөнхийдөө би их даруу зантай хүн. Надад нийгмийн жишиг болсон эд хөрөнгө, тансаг байдлын илэрхийлэл огт сонин санагддаггүй. Би "Мини"-дээ их дуртай. Харин Италид би Land Rover унадаг.

Та мөн зурагчин болохыг хүсч байсан ба одоо ч зураг авах сонирхолтой. Таны энэ сонирхол хэрхэн эхэлсэн бэ?

Аав маань намайг 11 настай байхад камер бэлэглэсэн юм. Тэр өөрөө гэрэл зурагчин байсан бөгөөд үргэлж хальсны камераар зургаа дардаг байлаа. Манай байшингийн дээвэр дээр түүний зургийн жижиг лаборатори болон хальс угаадаг хэрэгслүүд байдаг сан. Би 12 нас хүрмэгцээ аавтайгаа хамт зураг дарж, угаадаг болсон. Тун удалгүй тэр бидний амьдарч байсан хотод нэгэн зургийн дугуйлан үүсгэн байгуулж, би түүний хичээлд сууж, гэрэл зургийн мэдлэг хуримтлуулах болсон. Харин одоогийн байдлаар би брэндийнхээ зарим сурталчилгаа болон сэтгүүлд зориулагдсан зохиомжит зургуудыг авдаг. Гэрэл зураг үргэлж миний амьдралын чухал ач холбогдолтой том хэсэг байх болно.

Та "Paul Smith: From A to Z" нэртэй ном гаргасан. Ойрын ирээдүйд өөр ном гаргах төлөвлөгөө бий юу?

Дараагийн номондоо би унадаг дугуйн спорттой холбоотой хувийн цуглуулгынхаа талаар ярих болно. Энэ нь танд уйтгартай санагдаж болзошгүй ч надад дэлхийн алдартай дугуйчдын гарын үсгээ зурсан олон эд зүйлс байдаг. Мөн дугуйтай холбоотой сэтгүүлүүд, эртний том тэмцээнүүдийн тасалбарууд гээд л дугуй сонирхдог хүмүүст харуулахаар олон содон зүйл бий. "Paul Smith's Cycling Scrapbook" гэж нэрлэх энэхүү номын бичвэрийг миний зохиолч найз бичсэн байгаа. (Бид нийтлэлээ бэлдэж байх зуур дизайнерын ном аль хэдийнэ худалдаанд гараад амжсан байна. Пол Смитийн үнэнч шүтэн бишрэгчид болон дугуй сонирхогчид шинэ номыг Amazon вебсайтаас худалдан авах боломжтой. - Редакторын тэмдэглэл.)

Өөрийгөө пуужингийн хурдаар амжилт олох ёстой гэж бодох хэрэггүй. Бага, багаар өсөн дэвжиж, үүнээсээ таашаал авах хэрэгтэй. 

Харин "А Paul Smith: From A to Z" номын хувьд гэвэл энэ бүтээлийг бид ердөө нэг цагийн дотор хийж дуусгасан. Сонин байгаа биз? Ном гарахын өмнөхөн Европын ARTE суваг миний тухай "Gentlemen Designer" нэртэй баримтат кино хийж байсан юм. Тухайн үедээ нэвтрүүлэг маш амжилттай болж байсан шүү. Та сонирхвол Netflix-ээс үзээрэй. Киноны зураг авалт дуусч, телевизийн хамт олон надаас DVD-ний нүүр хуудсанд юу бичихийг хүсч байна вэ гэж асуухад би үзэгчдэд хүргэхийг хүссэн бүхнээ ярьж эхэлсэн. Хэн нэгэн нь тэгэхэд тэвчихээ байж, "Хэтэрхий их мэдээлэл болоод байна!" гэж хэлсэн юм. Би хэтэрхий удаан яриад байсан юм шиг байна лээ. Тэр үед би гэнэтхэн "Ингэхэд хэдүүлээ ном гаргавал ямар вэ?" гэсэн санаа гаргаж, зураг авалтын хамт олонтой хамт, ердөө цагийн дотор номын бүтэн санааг буулгасан. А үсэг ийм зүйлийн талаар, Б үсэг өөр нэгэн зүйлийн талаар өгүүлнэ гээд л... Бүх зүйл маш гэнэтийн, бас хурдтай болж өрнөсөн шүү.

Пол Смит: Надад нийгмийн жишиг болсон эд хөрөнгө, тансаг байдлын илэрхийлэл огт сонин санагддаггүй (фото 3)

Пол Смит: Надад нийгмийн жишиг болсон эд хөрөнгө, тансаг байдлын илэрхийлэл огт сонин санагддаггүй (фото 4)

Таны ажлын байранд маш том номын сан байдаг гэж би дуулсан юм байна?

Тийм шүү, ма-а-а-ш том.

Түүнчлэн таныг алдартай хүмүүсийн намтар унших дуртай гэж ярьдаг?

Надад тухайлбал Ив Сен-Лораны намтар их таалагддаг. Би энэ намтрыг дөнгөж загварын салбарт хөл тавьж байхдаа уншиж байсан. Надад их тус болсон шүү. Агуу Сен-Лоран яаж ажилладаг байсан, түүний загварын ордны хамт олон урлаг ба бизнесийг хэрхэн хослуулдаг байсан талаар олж мэдэх сонирхолтой байсан. Юу гээч, Paul Smith бол нэг төрлийн маш өвөрмөц компани юм. Учир нь энэ компанид ямар нэгэн толгой групп гэж байхгүй. Энэ нь зөвхөн миний эрх мэдэлд байдаг төсөл юм. Миний ба манай хамт олны ажил их хэцүү. Бид дизайн ба бизнес өнцгийн зөв тэнцвэрийг олох хэрэгтэй байдаг. Тэгэхээр бусдын ажлыг судалж, намтар унших нь их тустай зүйл юм.

Та компаниа яагаад өөрийн эрх мэдэлдээ үлдээхээр шийдсэн бэ? Танд тухайлбал LVMH группийн нэг хэсэг болох боломж бий шүү дээ.

Тийм ээ, өнөөдрийн зах зээлд энэ нь ойлгомжгүй алхам байж магад. Орчин үеийн брэндүүд үндсэн хоёр бүлэгт хуваагдах болсон. Нэг хэсэг нь бие даасан хэрнээ маш жижигхэн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бол, нөгөө хэсэг нь маш том хэрнээ ямар нэгэн группийн эзэмшилд байдаг. Та өөрийн компанийхаа хүрээг тэлж, үйл ажиллагааг өргөжүүлэхийг зорьдог, бас эрх мэдлийг гартаа авч үлдэхийг хүсч байвал хамгийн гол нь маш тайван бас тэвчээртэй байх хэрэгтэй. Өөрийгөө пуужингийн хурдаар амжилт олох ёстой гэж бодох хэрэггүй. Бага, багаар өсөн дэвжиж, үүнээсээ таашаал авах хэрэгтэй. Би тухайлбал агуу их эд хөрөнгөтэй болохыг мөрөөддөггүй, олсон мөнгөө эргүүлээд өөрийн бизнестээ хөрөнгө оруулт болгодог. Paul Smith-ийн үйл ажиллагааг явуулдаг төв барилга миний мэдлийн үл хөдлөх хөрөнгө юм. Би энэ газрыг түрээслээгүй, харин худалдаж авсан. Брэндийн ихэнх нэрийн дэлгүүрүүдийн байр ч бас миний эзэмшлийнх байдаг. Би мөнгөө хувийн онгоц гэх зэрэг зүйлсэд үрэхийг хүсдэггүй. Надад өөр зүйлс сонин байдаг. Би ийм л хүн.

Пол Смит: Надад нийгмийн жишиг болсон эд хөрөнгө, тансаг байдлын илэрхийлэл огт сонин санагддаггүй (фото 5)

Өнөөдрийн байдлаар Paul Smith брэндийн нэрийн доор зөвхөн хувцас гэлтгүй мөн өөр бусад маш олон төрлийн шугам бий. Та энэ бүгдийг өөрөө удирдахыг хичээдэг үү?

Тийм ээ, таны зөв. Бид маш өргөн хүрээтэй компани. Бараг долоо хоног бүр бидэнд ямар нэгэн шинэ зүйлийн дизайн гаргах захиалга ирдэг. Автомашин, тавилга, зочид буудал гээд л ямар ч салбарын ямар ч зүйл байж болно. Ихэвчлэн би эдгээр хүсэлтүүдэд татгалзсан хариулт өгдөг. Яагаад тэгдэг вэ гэхээр үнэндээ би маш завгүй хүн. Харин ийм зэргийн захиалгыг би өөрөө хариуцаж хийхийг илүүд үздэг. Учир нь тэдгээр нь надад өөрт маань ч их сонирхолтой байдаг. Хэрвээ хангалттай зав байдагсан бол надад таалагдсан шинэ даалгавар бүрийг дуртайяа биелүүлж, шинэ салбар бүрт 100 % хичээл зүтгэлээ гаргаж, өөрийгөө сорих байсан. Би хүмүүсийн санал хүсэлтийг сонсмогцоо шууд хариугаа өгдөг. Хэрвээ миний сонирхлыг татаагүй зүйл бол би хэзээ ч тэрхүү төсөл рүү орохгүй.

Тухайлбал бидэнд Leica Cameras компаниас хамтран ажиллах хүсэлт ирсэн. Би энэ төслөөс яагаад ч татгалзаж чадаагүй. Миний аав гэрэл зурагчин байсныг та санаж байгаа биз дээ. Тэр хэзээ нэгэн цагт Leica-гийн камер худалдан авахыг мөрөөддөг байсан юм. Энэ төслийг эхлүүлэхэд би хувцасны загвар зохион бүтээхээс тэс ондоо, цоо шинэ салбар луу нэвтэрч, бүх зүйл нь их сонирхолтой байсан.

Таныг олон төрлийн, асар том хувийн цуглуулгатай "шуналтай цуглуулагч" гэж ярьцгаадаг. Энэ талаар ярьж өгөөч? Танд сонирхдог эд зүйлсээ цуглуулах онцгой аргачлал бий юу?

Үгүй ээ, ямар нэгэн аргачлал надад байхгүй. (Инээж байна.) Миний нэг танил бүсгүй саяхан намайг таны адил "шуналтай цуглуулагч" гэж нэрлэсэн. Би тэгэхэд "Миний цуглуулагч гэж юу байх вэ дээ? Надад ердөө л нэг төрлийн зүйлсийн иж бүрдэл олноороо байдаг юм" хэмээн хариулахад тэр надад, "Үүнийг чинь л цуглуулагч хэмээн нэрлэдэг юм шүү дээ" гэж хэлсэн. Гэхдээ надад ямар нэгэн аргачлал, эсвэл дүрэм байхгүй ээ. Би зүгээр л өөрт таалагддаг зүйлсээ худалдан авах дуртай.

Таныг загварын мэргэжлээ эхлүүлж байх үе болон одоо цагийг харьцуулбал дизайнер хүний үүрэг, ажлын нөхцөл байдалд ямар өөрчлөлт орсон байна вэ?

Бараг бүх зүйл өөрчлөгдсөн шүү! Өнөө цагт интернет болон олон нийтийн сүлжээний ачаар бүх зүйл их хурдан өрнөдөг болсон. Түүнчлэн H&M эсвэл Zara гэх зэрэг масс зах зээлийн брэндүүд маш олон болсон. Тэд дизайнеруудын шоу дуусмагц, харсан зүйлсээ хуулбарлаж түргэн худалдаанд гаргадаг. Бүр дизайнерууд өөрсдөө цуглуулгаа бүхлээр нь оёж дуусаагүй байх үед шүү дээ. Энэхүү өрсөлдөөн ихтэй орчин үеийн зах зээлд дизайнер хүн маш хүчирхэг үзэл бодол, концепцтой байх хэрэгтэй. Брэндийг эргэн тойрч буй бүх зүйлс компанийн үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг юм. Зөвхөн загвараар амьсгалж, зөвхөн хувцас урлаж амьдарч болохгүй.

цааш үзэх