Хайх

Загварын брэндүүд яагаад Plus size хувцас санал болгохгүй байна вэ?

Загварын брэндүүд яагаад Plus size хувцас санал болгохгүй байна вэ?

Учир шалтгаан ба үр нөлөө

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Бид загварын ертөнцөд шинээр гарч буй шинэ загвар бүрийг жирийн, дундаж хэмжээтэйгээр хардаг. Гэтэл энэ үед мариалаг хүүхнүүд юу бодож байдаг бол? АНУ-д гэхэд нийт эмэгтэйчүүдийн 65 хувь нь 14 размерын хувцас өмсдөг. Гэтэл яагаад том размерын хувцаснууд дэлхийн аль ч өнцөгт нэгэн хэвийн загвартай байж, шинэ чиг хандлага бүрээс хоцорч явдагийг бид энэ удаа сонирхож үзлээ

Масс зах зээлд хүчээ авсан, олон улсад бизнесээ явуулдаг компаниуд хувцас хийхдээ тийм ч нарийн үзүүлэлт хардаггүй. Тэд ижил загвартай хувцаснуудыг асар их хэмжээгээр үйлдвэрлэдэг нэгэн жигд үйл ажиллагаатай байдаг. Гэтэл мариалаг хүмүүсийн тоо хаа сайгүй л нэмэгдсээр.  Улмаар Plus size ангиллын хүрээ тэлж, зах зээлийн томоохон хэсгийг эзлэх болсон ч хачирхалтай нь дэлгүүрүүд, дизайнерууд, брэндүүд тэдэнд зориулсан зүйлс бага санал болгож байна. Уг нь том хэмжээтэй хувцас үйлдвэрлэж эхэлбэл брэндүүдэд илүү их ашиг авчирч болно шүү дээ. Эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдалд нэмэлт орлого  нь байгууллага болон брэнд бүрт л хэрэгтэй. 

Үүнийг дараах тоо баримтаас харж болох юм. АНУ-д гэхэд нийт эмэгтэйчүүдийн 65% нь 14 ба түүнээс дээш размерын хувцас өмсдөг бөгөөд нийт эрчүүдийн 70% нь илүүдэл жинтэй. Гэтэл plus size хувцас бэлэн хувцасны зах зээлийн ердөө 15 хувийг л эзэлж байна. Авхаалжтай бизнес эрхлэгчид зах зээлээ тэлэх олон төрлийн судалгааг сая, сая доллар зарцуулан байж хийлгэдэг ч эдгээр хүмүүсийг яагаад зүгээр орхих болов? Тэгэхээр үүний утга учир тэд хүсэхгүйдээ биш харин том хэмжээтэй хувцас хийхэд энгийн хувцас хийдгээс илүү их хүч, хөдөлмөр, нарийн хэлэлцэх асуудлууд багтдагаас шалтгаалдаг гэнэ.

Загварын брэндүүд яагаад Plus size хувцас санал болгохгүй байна вэ? (фото 1)Загварын брэндүүд яагаад Plus size хувцас санал болгохгүй байна вэ? (фото 2)

Өнөө үед plus size хувцас санал болгодог дэлгүүр эсвэл дэлгүүрийн тасаг ямар байдаг билээ. Та үүнийг хялбархан мэдье гэвэл нүдээ аниад, өөрийгөө Алла Пугачевагийн хувцасны шүүгээнд оччихсон байна гэж төсөөлөөрэй. Дуучны шүүгээнд өдөр тутамд өмсөхөд тохиромжтой, тодорхой нэг размергүй, сул, хар "нөмрөг" гэж нэрлэж болохуйц загварууд олон олдоно. Учир нь бид түүнийг дандаа л тэдгээр хувцастай нь хардаг. Түүнчлэн шүүгээнд Пугачеваг гангарах үед хэрэг болох ижил загварын боловч өөр, өөр гялалзсан материалтай хар "хучлага"-нууд бас нэлээдгүй бий. Тэгвэл ийм биш, арай моод дагасан, чиг хандлагаас хоцроогүй хувцаснууд олдохгүй гэж үү? Сентрал тауэр хийгээд Улсын Их дэлгүүрийн, эсвэл Улаанбаатарын энд тэндгүй байрлах хувцасны салонуудаас сүүлийн үеийн тренд бүхий, том размертай загварлаг хувцас олдоно гэдэг юу л бол. Харин ямар нэгэн том даавуу бүхий, өөрийгөө ороож болох зүйл илүү их олдож магад шүү. Мэдээж хэрэг мариалаг бүсгүй болгон Ким Кардашьян маягийн галбир барьсан, биеийн өнгөтэй даашинз өмсөхөд бэлэн биш. Тэгэхдээ л тэд галбирынхаа давуу талыг тодотгосон, чиг хандлага баримталсан, гоёмсог хувцас өмсөхийг хүсэж байгаа.
"Бид энэ талаар бага эргэцүүлдэг хэдий ч хэрвээ та сайтар анзаарах юм бол мариалаг бүсгүй болгон өөрийн гэсэн өвөрмөц галбиртай. Тиймээс тэд өөрийн галбиртаа тохирсон тусгай эсгүүртэй хувцас өмсөхийг хүсдэг."

Гэхдээ аз болж бүх зүйл тийм ч муугаар эргээгүй байгаа. Мариалаг биетэй хүүхнүүд олон бэрхшээлтэй тулгарч байгаа хэдий ч зарим нэг брэндүүд 2010 оноос эхлэн plus size ангиллын капсул цуглуулга гаргах болсон байна. Тухайлбал Mango ба H&M гэх зэрэг масс зах зээлийн аварга брэндүүдийн том размерын тусгай шугамуудыг нэрлэж болно. Тэгэхээр бүсгүй минь, "Угаасаа олдох биш дээ" гэж санаа зовж суухаасаа өмнө нь интернет, виза карт хоёрыг сайн хослуулбал чамгүй үр дүнд хүрч болох нь байна. Жишээ нь эндээс H&M + Plus size цуглуулгын хувцас захиалан авах юм уу, өөр бусад Монгол руу хүргэлт хийдэг Asos.com зэрэг онлайн дэлгүүрт анхаарлаа хандуулаарай. 

Тэгэхдээ л одоогоор Zara болон Massimo Dutti, Bershka, Oysho, Pull and Bear гэх зэрэг Inditex группын бусад брэндүүд энэ асуудлыг хойш тавьсан хэвээр байна. Үүний шалтгаан яг юунд байна вэ? Учрыг нь олцгооё.

Юуны түрүүнд стандарт бус загвар үйлдвэрлэхэд илүү их зардал гардгийг дурдах нь зүйтэй. Учир нь ийм загварт илүү их хэмжээний материал орохоос гадна мөн "онцгой" галбирт тааруулан хувцас оёхын тулд тусгай эсгүүрийн аргачлал шаардагддаг байна. Бид энэ талаар бага эргэцүүлдэг хэдий ч хэрвээ та сайтар анзаарах юм бол мариалаг бүсгүй болгон өөрийн гэсэн өвөрмөц галбиртай. Тиймээс тэд өөрийн галбиртаа тохирсон тусгай эсгүүртэй хувцас өмсөхийг хүсдэг. Тэгэхээр хэрэглэгч бүрийн хүслийг харгалзаж үйл ажиллагаагаа явуулна гэвэл зүгээр ч нэг тусгай шугам биш бүр тусгай дэлгүүр нээх хэрэг гардаг байна. Энэ нь үйлдвэрлэгч нар хойрго хандахад хүрдэг нэг гол шалтгаан аж.

Мөн бэлэн хувцас үйлдвэрлэгчид plus size капсул цуглуулга гаргалаа ч тэднийг дэлгүүртээ байрлуулахад бас зарим нэг асуудал тулгардаг байна. "S загваруудыг олон XL хэмжээтэй хувцастай нэг өлгүүрт байршуулах нь стандарт размертай худалдан авагчдыг үргээх үү? Мөн ингэснээр хувцаснуудын орчин үеийн бас загварлаг хэв маягийг алдагдуулах болов уу" гэх мэт маш нарийн, хэлэлцэхэд тааламжгүй  эмзэг асуудлууд сөхөгддөг гэнэ. Туршлагаас харахад томоохон компаниуд яг л ийм сэтгэхүйтэй ажилладаг бөгөөд АНУ-д хэрэглэгчид энэ асуудлаар  Abercrombie брэндтэй шүүхдэлцэж байжээ. Учир нь тус компани энэ үед үндсэн хэрэглэгчдээ алдахгүйн тулд зарим загваруудыг том размераар огт үйлдвэрлэхгүй байсан нь ихээхэн шүүмжлэлд өртөж, шуугиан дэгдээжээ. 

Загварын брэндүүд яагаад Plus size хувцас санал болгохгүй байна вэ? (фото 3)

Түүнээс гадна үйлдвэрлэлийн зардал өндөр гарах учраас бүтээгдэхүүний үнэ мөн адил нэмэгдэнэ. Энэ нь ч бас хэрэглэгчдийн дургүйцлийг их хэмжээгээр хүргэдэг байна. Жишээ нь GAP, Old Navy зэрэг АНУ-ын масс хувцасны брэндүүд ийм асуудалд орж, хэрэглэгчдийн зүгээс олон гомдол хүлээн авч байсан туршлагатай аж. Тэгэхээр асуудал бүр эрсдэл гэж харагддаг бизнест энэ том размерыг авч үзэхгүй, чимээгүй үлдээх нь илүү амар байдаг бололтой.

Хэдий тийм боловч хүмүүс бид хөгжихийн төлөө, бие биенээ ойлгож хүндлэхийн төлөө бүгдийг хийж чаддаг. Тиймээс дэлхий даяар нөхцөл байдал өөрчлөгдөж эхэлж байгааг дурдахгүй байж болохгүй. Наанадаж л гоо үзэсгэлэнгийн стандарт зүйл гэж ойлгогдоод байсан Barbie хүүхэлдэй хүртэл төгс галбираа гээж, илүү бодит биетэй болсон. Энэ нь охидыг багаас нь өөрийгөө байгаагаар нь хайрлахад чухал нөлөөтэй юм.

Хэдийгээр голлох алдартай брэндүүд, чадварлаг загвар зохион бүтээгчид, хамгийн эрэлттэй дэлгүүрүүдэд таны хайсан зүйл олдохгүй байвал мариалаг бүсгүйчүүд үүнээс болж санаа зовох хэрэггүй. Харин зүгээр л өөрийнхөө бие галбирын илүү сайхан талыг тодотгож өгч чадах зүйлсийг интернэтээс хайн олж, өөрийгөө шинээр илэрхийлж болох дүр төрхийг бүрдүүлэх боломж бий гэдгийг санаарай. Хамгийн гол нь бусдын үзэл бодол, хэл амыг огтхон ч тоохгүй байх нь чухал юм. Тэр хүний харц, дотроо бодсон зүйл өөрөөсөө өөр хэнд ч нөлөөлж чадахгүй гэдэгт итгэлтэй яваарай. 

цааш үзэх