Хайх

“And Just Like That” цуврал дээрх Кэрригийн шилдэг 8 төрх ба тэдгээрийн утга санаа

“And Just Like That” цуврал дээрх Кэрригийн шилдэг 8 төрх ба тэдгээрийн утга санаа

Цувралын дизайнерууд Кэрригийн төрхийг бүтээсэн түүхээсээ хуваалцлаа

Text: Buro.Mongolia


Үйл явдлаас нь гадна бүрдүүлсэн төрхүүд нь дутахааргүй анхаарал татдаг бүтээл бол яахын аргагүй “Sex and the City” билээ. Тус цувралын үргэлжлэл болох “And Just Like That” ч мөн өнгөлөг загварууд, онцгой гоо зүйгээрээ үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чадсан юм. Арван ангийн турш кадр бүрийг нүд булаам болгосон тэдгээр загварлаг төрхүүдийн ард Молли Рожерс болон Дэнни Сантиаго гэх чадварлаг дизайнерууд ажилласан байна. Тэд дүрүүдийн хувцсыг сонгохдоо ямар утга, санааг харуулахыг зорьсон бол?


Versace-ийн даашинз

Та Кэрригийн комеди клубээс гэртээ орж ирэн орон дээрээ хэвтэхдээ бүтээлгийн оронд хуучин хувцаснуудаа гаргаж ирэн нөмөрдөг хэсгийг санаж байна уу? Тэрхүү хэсэгт Versace брэндийн даашинзыг ашиглах ёстой байсан ч кино багийнхан зураг авалтын хугацааг наймдугаар сард болгон урагшлуулснаас шалтгаалан чадаагүй байна. “Наймдугаар сард Европ даяараа амралтын горимд шилждэг. Тиймдээ ч энэ сард хэн нэгнээс далайн эргийн амралтаа цуцлан Милан руу очиж Versace-ийн архивыг ухахыг гуйж зүрхлээгүй. Ингээд л тус даашинзыг киноны өөр хэсэг болох хувцасны шүүгээтэй хэсэг дээр гаргахаар бид шийдсэн юм” хэмээн Рожерс хэлсэн байна. Түүнчлэн Сара Жессика Паркер тус даашинзтай маш болгоомжтой хандсан бөгөөд сунгахгүйн тулд өлгүүрт ч өлгөхөөс татгалзаж байсныг дизайнер онцолсон юм.

“And Just Like That” цуврал дээрх Кэрригийн шилдэг 8 төрх ба тэдгээрийн утга санаа (фото 1)

Кэрригийн үдшийн даашинз

“Энэ бол миний хамгийн дуртай төрхүүдийн нэг. Тус даашинзыг Дэнни бид хоёр винтэж хувцасны агуулах дотор маш их тоостой, сонголт хийхэд бэрх орчинд тавиур бүрийг нэгжсэний эцэст олсон юм. Ямар нэг шошгогүй бөгөөд 24 ам.долларын үнэтэй байсан. Эхлээд уг даашинзыг дангаар нь загварчлахаар төлөвлөсөн ч 0 градусын хүйтэнд яах ч аргагүй хүрэм нэмж өмсүүлэх хэрэг гарсан” гэж Молли Рожерс Glamour сэтгүүлд хуваалцжээ. Мөн уг загвартай хослуулсан Fendi брэндийн цүнхний өнгийг шөнийн гэрэлт ялгарч харагдуулах талаас нь бодож Сара Жессика Паркер өөрийн биеэр гаргасан онцлогтой байна.

“And Just Like That” цуврал дээрх Кэрригийн шилдэг 8 төрх ба тэдгээрийн утга санаа (фото 2)

Тютю юбка

Mr.Big таалал төгссөний дараа Кэрри Нью Йоркийн баруун хэсэгт байрлах орон сууц руугаа эргэн очихдоо oversize тютю юбка, судалтай цамцаар төрхөө бүрдүүлдэг. Ингэхдээ дизайнерууд дурсамж сэргээсэн Chanel брэндийн винтэж гутал, Fendi-ийн baguette цүнхээр (эдгээр загвар нь "Sex and the City" цувралын гуравдугаар бүлэгт гардаг) төрхийг чимсэн нь тус хэсгийг улам үнэ цэнтэй болгож чадсан юм.

“And Just Like That” цуврал дээрх Кэрригийн шилдэг 8 төрх ба тэдгээрийн утга санаа (фото 3)

Кэрригийн анхны болзооны төрх

Цувралын дизайнерууд Кэрри Брэдшоу болон Питерийн болзоонд зориулж нийт зургаан өөр төрлийн төрхийг бэлдсэн гэнэ. “Энэ хэсэгт болзоот хосууд хувцас руугаа бөөлждөг тул аль болох хувцасны олон сонголтууд хэрэгтэй болсон. Ингээд нийт зургаан өөр төрхийг бэлдсэнээс эхний ээлжид бие барьсан, усан цэнхэр өнгийн, Norma Kamali брэндийн даашинзыг сонгон зураг авалтаа эхлүүлсэн. Ингэхдээ бид Сара Жессика Паркерын хүсэлтээр уртаас нь үл ялиг тайрсан. Зураг авалт ч маш амжилттай болж үлдсэн таван хувцсаа ашиглах байтугай гар ч хүрээгүй. Аксесуарын хувьд могойн арьсан цүнхийг Парисын Paco Rabanne үзэсгэлэнгээс олж, харин пиджакийг Max Mara брэндээс авсан” гэж Молли болон Дэнни нар онцолжээ.

“And Just Like That” цуврал дээрх Кэрригийн шилдэг 8 төрх ба тэдгээрийн утга санаа (фото 4)

Хуримын Manolo Blahnik

Manolo Blahnik брэндийн гутал Кэрригийн амьдралтай салшгүй холбоотой. Түүний хувьд энэхүү өсгийт нь гоёмсог эдлэл гэхээсээ илүү амьдралынх нь хар, цагаан дурсамжийг хуваалцсан үнэ цэнтэй зүйл юм. Тухайлбал, Mr.Big гэрлэх санал тавихад, хосууд хуримаа хийхэд зэрэг Кэрригийн амьдралын чухал мөчүүдэд нь Manolo Blahnik хамт байсан. Тэгвэл "And Just Like That" бүтээл дээр кино багийнхан Manolo Blahnik гутлыг дахин гаргадаг бөгөөд харамсалтай нь энэ удаа Кэррид тохиосон хамгийн гунигт үйл явдал болох Mr.Big-ийн сүүлийн мөчтэй холбодог юм.

“And Just Like That” цуврал дээрх Кэрригийн шилдэг 8 төрх ба тэдгээрийн утга санаа (фото 5)

Энгийн бөгөөд орчноосоо ялгарсан төрх

“And Just Like That” киноны дөрөвдүгээр ангид Кэрри Mr.Big-тэй хамт амьдарч байсан гэрээ худалдахаар шийдэн дахин засварлагдсан гэртээ орж байгаа хэсэг гардаг. Ингэхдээ тэрээр Yves Saint Laurent брэндийн цамц, винтэж ногоон өнгийн юбка өмссөн билээ. “Кэрригийн бүрдүүлсэн гүн цэнхэр, ногоон өнгийн төрх бүхэлдээ beige өнгийн орчинтой төгс зохицож байсан” хэмээн дизайнер Variety сэтгүүлд сэтгэгдлээсээ хуваалцсан байна.

“And Just Like That” цуврал дээрх Кэрригийн шилдэг 8 төрх ба тэдгээрийн утга санаа (фото 6)

Valentino брэндийн кутюр даашинз

Кэрри Брэдшоу цувралын төгсгөлд Mr.Big-ийн чандрыг цацахдаа Valentino брэндийн кутюр даашинзаар гоёдог. Тэрээр өөрт тохиосон хамгийн гунигт явдлуудын нэгийг цувралын турш үзэгдсэн хамгийн өнгөлөг, нүсэр хувцсаар үдсэн нь Кэрригийн хувь хүний онцлогийг харуулсан дизайнеруудын сонирхолтой шийдэл байв. “Сара Жессика уг даашинзыг анх хараад ‘Өөр хувцас хайх гэсний хэрэггүй. Энэ төгс тохирч байна’ гэж хэлсэн. Бид ч эргэлзэх зүйлгүй түүний үгийг дагасан юм. Харин даашинзтай загварчилсан неон ягаан өнгийн бээлийний хувьд Сараг аль болох дулаан атлаа high fashion харагдуулахын тулд сонгосон” хэмээн Молли хуваалцсан байна.

“And Just Like That” цуврал дээрх Кэрригийн шилдэг 8 төрх ба тэдгээрийн утга санаа (фото 7)

Цэцгэн хээ

Кэрригийн бүрдүүлсэн төрхүүд дунд цэцгэн хээтэй хувцас хамгийн их давтагддаг. Тэгвэл цувралын дизайнерууд тус загвараар дамжуулан гоёмсог төрхийг бүтээхээс гадна Брэдшоугийн хүндхэн өөрчлөлтүүдийг даван туулж, зовлонгоосоо эдгэрч буйг илэрхийлсэн байна. Энэхүү бэлгэдлийн талаар дизайнер Рожерс “Амьдралд юмс бүр ээлж дараатай байдаг. Кэрригийн хувьд хүндхэн үеийг туулж байгаа ч тэр яг л даашинз дээрх цэцэг шигээ дэлбээлж эхэлсэн. Цэцэгс бол шинэ эхлэлийн бэлгэ тэмдэг” хэмээн тайлбарласан байна.

“And Just Like That” цуврал дээрх Кэрригийн шилдэг 8 төрх ба тэдгээрийн утга санаа (фото 8)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх