
Chanel брэндийн Resort 2026 цуглуулга
Villa d’Este зочид буудалд танилцуулагдлаа
Chanel брэнд Resort 2026 цуглуулгаа 1568 онд баригдсан Villa d’Este хэмээх харшид танилцууллаа. Энэ харш нь сэргэн мандалтын үеийн язгууртны ордон байсан бөгөөд алдарт найруулагч Альфред Хичкокийн The Garden of Earthly Delights бүрэн хэмжээний кино зураг авсан газар гэдгээрээ алдартай билээ. Тус барилга Итали улсын Комо нуурын эрэг дээр байрлах ба сүүлийн 100 гаруй жилийн турш алдартнуудын амрах дуртай тансаг зочид буудал болон үлджээ.
Chanel брэнд таныг энэ удаад Комо нуурын эрэг дээрх Villa d’Este зочид буудалд буудаллаж, цагаан өнгийн хөнгөн хийгээд нимгэн халаат нөмөрч, том гар цүнх болон нарны шилээр гоёж, сандал дээр тухлан суун наранд биеэ шарахыг санал болгож байна. Дизайнеруудын баг энгийн хийгээд сонгодог хэв маягийг урьтал болгож, усан цэргийн судал, хөнгөн даавууг голлон ашиглаж, алтан, ягаан болон мөнгөлөг өнгийн гялалзсан материалыг онцлон юбка болон шоорттой твид хослол зэрэг загваруудыг танилцууллаа.
Харин аксессурын хувьд гинжин оосортой том гар цүнх, давхарласан хүзүүний зүүлт, "муурын нүд" хэлбэртэй нарны шил, өнгө өнгийн гоёмсог бүс болон бугуйвч зэргийг урласнаар цуглуулгад нарийн мэдрэмж, гялалзсан өнгө аясыг нэмсэн байлаа.
Дашрамд дурдахад, уг коллекц дээр тус загварын ордны дизайнерын баг бүрэлдэхүүн ажилласан бөгөөд саяхан бүтээлч захирлаар томилогдсон Матье Блази анхны цуглуулгаа энэ оны аравдугаар сард танилцуулах гэнэ.


































































