Тавдугаар сарын зурхай: Бүтээлч байдлаа нэмэгдүүлж, нухацтай шийдвэр гаргах үе ирлээ
Тавдугаар сарын дэлгэрэнгүй зурхай
Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2025 оны тавдугаар сарын дэлгэрэнгүй зурхайтай танилцана уу.

Тавдугаар сарын 1-ний өдөр хонины ордныхон санхүүгийн асуудлаа даван туулсан эерэг өдрийг туулах болно. Цаашлаад тавдугаар сарын 4-ний өдөр Дэлхийн ван гараг ухрах хөдөлгөөнийг хумхын ордод хийснээр та айдсаа даван туулж, зорилгоо илүү сайн тодорхойлж чадна. Харин 10-ны өдөр Буд гараг үхрийн ордод шилжих хөдөлгөөн хийхэд орон байр, мөнгө төгрөгтэй холбоотой зүйлс дээрээ маш тооцоололтой хандаж, үрлэг зарлагаа хянаарай. Бүтэн сар 12-ны өдөр гарах үеэр гэр бүлийн харилцаа илүү халуун дотно болж ирнэ. Иймд энэ үеэр хэн нэгнийг гомдоосон бол уучлал хүсэж, үл ойлголцлоо засахыг хичээх хэрэгтэй.
Сарын дундад ажил, карьертаа илүү анхаарч, хийж буй ажил тань танд үр шимээ өгч байгаа эсэхийг нягтлаарай. Тавдугаар сарын 20-ны өдөр нар ихрийн ордод шилжих хөдөлгөөн хийснээр гэрээ хэлэлцээр хийх, олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг үйл хэрэгт таатай. Сарын сүүлээр зорилгоо нарийн тодорхойлж, юун дээр анхаарал хандуулах ёстой вэ гэдгээ тунгаавал зохистой.

Тавдугаар сар үхрүүдийн хувьд тэр чигтээ томоохон шинэчлэлт, өөрчлөлт хийсэн үе байх болно. Тухайлбал өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, гадаад төрхөө өөрчлөх, шинэ найз нөхөдтэй болох зэрэг үйл хэрэг идэвхтэй байна. Тавдугаар сарын 4-нд Дэлхийн ван гараг ухрах хөдөлгөөн хийхэд зоригтой байж, үзэл бодлоо илэрхийлж, ухаалаг шийдвэр гаргах шаардлагатай.
Сарын дундад бүтэн сар хилэнцийн ордод гарснаар та амьдралдаа ямар хүмүүсийг үлдээж, ямар хүмүүсийг явуулах гэдгээ шийдсэн чухал үе тохионо. Тавдугаар сарын 18-ны өдрөөс эхэлж орлого ашгийн үүд хаалга тань нээгдэж, таатай боломжуудаар тэтгэгдэж эхэлнэ. Цаашлаад 20-ны өдөр нар ихрийн ордод шилжих хөдөлгөөн хийснээр үрлэг зарлагаа хянаж, гэр бүл, орон байртай холбоотой зүйлс дээрээ илүү анхаарлаа хандуулахыг хичээгээрэй. Сарын сүүлээр санхүү, гэр бүл, ажил төрөл дээр тань олон өөрчлөлтүүд нэг дор гарах магадлалтай. Иймд юу тарина, түүнийгээ хураана гэдэг үгийг санаж, анхааралтай байхыг хичээгээрэй.

Тавдугаар сарын эхний долоо хоногт ихрийн ордныхон нэг их өөрчлөлт мэдрэхгүй боловч 10-ны өдөр Буд гараг шилжих хөдөлгөөн хийх үеэр үрлэг зарлагаа тооцоолж, мөнгө санхүүдээ хямгатай хандаарай. Мөн энэ үеэр гар утас, чихэвч гэх мэт аливаа электрон зүйлс тань эвдэрч, алга болох магадлалтай. Харин хол газар аяллаар явах, бизнес уулзалт хийх зэрэг үйл хэрэгт таатай боловч аливаа шинэ ажил эхлүүлэх, томоохон шийдвэр гаргах гэж бүү яараарай. Тавдугаар сарын 12-ны өдөр бүтэн сар хилэнцийн ордод гарснаар ажил, карьер дээрээ анхааралтай хандах хэрэгтэй. Нөгөөтээгүүр энэ үеэр хэн танд өс санаж, ажил төрөлд тань саад болж байна гэдгийг ойлгоно.
Сарын дундад эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулахгүй бол удаан хугацаанд таныг хоргоож байсан өвчин сэдэрч магадгүй. Цаашлаад 18-ны өдрөөс азаа туршсан үйлдэл хийх, хэн нэгэнд их хэмжээний мөнгө зээлэх, хүнд амархан итгэхээс болгоомжил. Сарын сүүлээр илүү шийдэмгий байж, зоригтой алхмуудыг хийх хэрэгтэй. Мөн хэнтэй найзалж, нөхөрлөж, хэнд итгэж байна вэ гэдгээ дахин тунгааж, амьдралд тань сөргөөр нөлөөлдөг хүмүүсийг тавьж явуул.

Буд гараг үхрийн орд руу орсноор найз нөхдийн харилцаа, хүрээлэл идэвхтэй болж ирнэ. Нөгөөтээгүүр олон хүнийг хамарсан ажил зохион байгуулах, мэдээлэл түгээх, гэрээ хэлэлцээр хийх шаардлага үе эхэлж байгаа учир энэ үеэр шинэ хүнтэй танилцах, шинэ зүйл сурах, хоббигоо хөгжүүлэх бүрэн боломжтой. Тавдугаар сарын 12-нд сар хилэнцийн ордод битүүрэх ба энэ үеэр гэр бүл, үр хүүхэдтэй холбоотой зүйлс анхаарлын төвд орж ирнэ.
Сарын дунд үеэс зөн совин тань идэвхжиж, зүүд нойроороо дамжуулан олон мэдээлэл олж авах боловч нэг талаасаа нойргүйдэх, ядрах магадлалтай. Иймд энерги, эрч хүчээ нөхөж, дасгал хөдөлгөөнөөр сайтар хичээллээрэй. Тавдугаар сарын 20-ны өдөр нар ихрийн орд руу орсноор мөнгө санхүүгийн байдал тань дээрдэж, орлого ашиг нэмэгдэнэ. Сарын сүүлээр ажил карьертаа түлхүү анхаарал хандуулж, бодлоготой шийдвэр гаргаарай.

Тавдугаар сарын 4-нд Дэлхийн ван гараг ухрах хөдөлгөөн хийснээр харилцаа холбоонд тань үүсээд байсан саадууд хялбархан шийдэгдэж эхэлнэ. Тавдугаар сарын 10-ны өдөр ажил төрөлтэй холбоотой бичиг цаасны ажил цэгцлэх, төлөвлөгөө боловсруулахад таатай. Цаашлаад бүтэн сар хилэнцийн ордод гарах үеэр орон байр солих, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, нүүх зэрэг үйл хэрэг идэвхтэй болж ирнэ.
Сарын дундад ажил төрөл, дотоод сэтгэлзүйд тань үүсээд байсан айдас, стрессүүд бага багаар арилж эхлэх учир энэ үеэр бодол санаагаа цэгцэлж, зоригтой алхам хийгээрэй. Тавдугаар сарын 20-нд нар ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр таны орлого ашгийн үүд хаалга нээгдэнэ. Мөн энэ үеэр хэн нэгний туслалцаа авахаас бүү зайлсхийгээрэй. Сарын сүүлээр Санчир гараг хонины орд руу шилжих хөдөлгөөн хийх үед шинэ зүйл сурч мэдэх, орлого ашгаа нэмэгдүүлэх, хоббигоо хөгжүүлэх зэрэг үйл хэрэгт нэн таатай.

Энэ сарын эхээр Дэлхийн ван гараг ухрах хөдөлгөөн хийснээр ажил амьдрал, эрүүл мэнд дээр тань тодорхой хэмжээний өөрчлөлт гарч эхэлнэ. Жишээлбэл, ажлын байр өөрчлөгдөх, тушаал дэвших гэхчлэн эерэг боломжууд таныг хүлээж байна. Ингэснээр та илүү зорилго тэмүүлэлтэй болж, нухацтай шийдвэр гаргаж эхэлнэ.
Сарын дундад ажил карьертай холбоотой зүйлс анхаарлын төвд орж ирэх ба азаа туршсан, зоригтой шийдвэр гаргахаас бүү айгаарай. 20-ны өдөр нар ихрийн ордод шилжих хөдөлгөөн хийх үеэр бусадтай эвтэй байж, үг яриагаа цэгнэх шаардлагатай. Цаашлаад 24-ний өдөр Санчир гараг хонины ордод гарснаар хосын харилцаанд бага зэрэг үл ойлголцол үүснэ. Харин ганц бие хүмүүс илүү ганцаардал мэдрэх хандлагатай байна. Сарын сүүлээр шинэ зүйл эхлүүлэхэд нэн таатай учир хурдтай шийдвэр гаргаж, амбицтай байхыг уриалж байна.

Тавдугаар сарын 4-ний өдөр Дэлхийн ван гараг ухрах хөдөлгөөн хийснээр гэр бүлийн асуудлууд илүү эерэг тийшээ шийдэгдэж, хосын харилцаа халуун дулаан болж ирнэ. Цаашлаад 10-ны өдөр Буд гараг үхрийн ордод ирснээр хаясан гээсэн эд зүйлсээ олох, асуудлуудаа даван туулах, хэрэгтэй мэдээлэл олж авах зэрэг үйл хэрэг идэвхтэй болж ирнэ.
Бүтэн сар хилэнцийн ордод гарах үеэр үрлэг зарлагаа сайтар тооцоолж, хэрэгцээгүй худалдан авалт хийхээс болгоомжлох хэрэгтэй. Мөн 16-наас 18-ны өдрийн хооронд шинэ хүнтэй танилцах, найз нөхдийн хүрээллээ шинэчлэх, өмнө нь болзож байсан хүнтэйгээ эргэн уулзах магадлалтай. Сарын сүүлээр Санчир гараг хонины орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр хүмүүстэй харилцах харилцаандаа анхаарал хандуулж, гэр бүлийн хүнтэйгээ маргалдахаас зайлсхийгээрэй. Нөгөөтээгүүр холын орныг зорих, сургууль соёл хөөцөлдөх зэрэг үйл хэрэгт таатай.

Дэлхийн ван гараг хумхын ордод ухрах хөдөлгөөн хийх үеэр шинэ газар амьдрах, орон байраа солих, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэрэг үйл хэрэгт таатай. Тавдугаар сарын 10-ны өдөр Буд гараг үхрийн ордод шилжих хөдөлгөөн хийснээр хүмүүстэй уулзах, ярилцах, гэрээ хэлэлцээр хийх, сургалт семинар зохион байгуулах шаардлага үүсэж болзошгүй.
Сарын дундад бүтэн сар гарах үеэр сэтгэл санаа тогтворгүй болох, юмсыг хэт эмзгээр хүлээж авах, уур уцаар мэдрэх хандлагатай байгаа учир бусдад буруу ойлголт төрүүлэхээс зайлсхийж, үг яриагаа цэгнээрэй. Харин тавдугаар сарын 18-ны өдөр дотор тань хуримтлагдаад байсан айдас, стрессүүд бага багаар арилж эхэлнэ. Иймд дотоод хүнээ сайтар сонсож, өөрийгөө ойлгохыг хичээгээрэй. Мөн энэ үеэр хов жив хөөцөлдөх, бусдын ардуур худал ярих хэрэггүй. Сарын сүүлээр Буд гараг ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр сурсан, мэдсэн зүйлсээ бататгаж, ажил дээрээ бодитоор ашиглаж чадвал үр шимийг нь удалгүй хүртэж чадна.

Буд гараг үхрийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр өмнө нь хийж дуусгаагүй орхисон ажлуудаас тань үүдэн асуудал үүсэх магадлалтай. Нөгөөтээгүүр гэр бүл, ажил карьер дээр тань эерэг өөрчлөлтүүд гарч эхлэх ба энэ энерги ирэх зургаадугаар сар хүртэл үргэлжилнэ. Иймд тулгарсан асуудлуудаа хойш тавилгүй, дор дор нь шийдээрэй.
Сарын дундад эрч хүч, энерги тань бага зэрэг суларч магадгүй учир дасгал хөдөлгөөнөөр хичээллэж, эрүүл хооллоорой. Цаашлаад нумын ордныхны харилцаа холбоо идэвхжиж эхлэх ба ганц бие хүмүүс шинэ хүнтэй учирч, болзох бүрэн боломжтой. Сарын сүүлээр нар ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр гэр бүлийн харилцаа холбоо илүү бат бөх болж, халуун дулаан уур амьсгалаар бялхаж эхэлнэ. Мөн үр хүүхэдтэй нумын ордныхон дараагийн гурван жилд хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж, тэднийгээ ойлгохыг хичээгээрэй.

Тавдугаар сарын 1-нд матрын ордныхон айдсаа даван туулж, шинэ зүйл туршиж үзэх хүслээр жигүүрлэгдэнэ. Дэлхийн ван гараг ухрах хөдөлгөөн хийх үеэр гэнэтийн санхүүгийн асуудал үүсэж магадгүй учир үрлэг зарлагаа сайтар тооцоолж, хэрэггүй худалдан авалт хийхээс зайлсхийх хэрэгтэй.
Сарын дундад Буд гараг үхрийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр ажил карьер дээр тань тодорхой хэмжээний өсөлт, дэвшил гарч эхэлнэ. Харин сар битүүрэх үеэр аливаа асуудалд яарч шийдвэр гаргахын оронд хүлээцтэй, болгоомжтой хандаарай. Тавдугаар сарын 18-ны өдөр эрүүл мэнд дээр тань үүсээд байсан асуудлууд эергээр шийдэгдэж эхэлнэ. Харин шинэ сар гарах үеэр жингээ хасах, нэмэх, эмчилгээ хийлгэх, мэс засалд орох, өр ширээ дарах, хол газар зорих зэрэг үйл хэрэгт нэн таатай.

Тавдугаар сарын 1-ний өдөр Тэнгэрийн ван гараг таны ордод эерэг холбоос үүсгэнэ. Ингэснээр санхүүгийн байдал тань дээшилж, орлого ашгаа нэмэгдүүлэх шинэ боломжуудыг олж харна. Тавдугаар сарын 4-нд Дэлхийн ван гараг ухрах хөдөлгөөн хийснээр хумхын ордныхон айдсаа даван туулж, удаан хугацааны дараа тайвшралыг мэдэрнэ.
Тавдугаар сарын 10-ны өдөр Буд гараг үхрийн орд руу шилжих хөдөлгөөн хийхэд гэрийн дотоод уур амьсгал илүү сайжирна. Бүтэн сар хилэнцийн ордод гарснаар ажил карьер дээр тань шинэ боломжууд гарч ирэх учир өөртөө итгэлтэй байж, байдлыг гартаа авах шаардлагатай. Сарын сүүлээр нар ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Энэ үед бусдыг манлайлах, олон нийтийг хамарсан хурал зохион байгуулах гэхчлэн үйл хэрэг идэвхтэй болж ирнэ. Энэхүү энерги нь ирэх зургаадугаар сарын 20-н хүртэл үргэлжлэх учир шинэ ажил эхлүүлэх, зоригтой алхам хийх, удаан хугацаанд төлөвлөж байсан ажлаа бүтээхийг хичээгээрэй.

Дэлхийн ван гараг хумхын ордод ухрах хөдөлгөөн хийснээр загасны ордныхон айдсаа даван туулж, амьдралыг илүү өөдрөгөөр харж эхэлнэ. Тавдугаар сарын 10-нд Буд гараг үхрийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр маш олон ажил нэг дор гарч ирж магадгүй учир ажил амьдралаа зохицуулж, тэнцвэртэй авч явах хэрэгтэй.
Сарын дундад бүтэн сар хилэнцийн ордод гарснаар ажил үйлс тань хурдацтай бүтэж, идэвхтэй болж ирнэ. Мөн энэ үеэр эрч хүч, энерги, сүсэг бишрэл тань нэмэгдэнэ. Тавдугаар сарын 20-ны өдөр нар ихрийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр орон байраа зарах, нүүх, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах гэх мэт үйл хэрэгт таатай. Сарын сүүлээр Санчир гараг хонины орд руу орсноор мөнгө санхүү дээрээ болгоомжтой хандаж, аль болох хурааж, хуримтлуулах хэрэгтэй болно. Мөн энэ үеэр үе мөч, яс, хоолой өвдөх магадлалтай учир эрүүл мэнддээ анхаарч, дасгал хөдөлгөөн хийгээрэй.
Энэ сарын онцлох өдрүүд:
Тавдугаар сарын 4 — Дэлхийн ван гараг хумхын ордод ухрах хөдөлгөөн хийнэ.
Тавдугаар сарын 10 — Буд гараг үхрийн ордод шилжих хөдөлгөөн хийнэ.
Тавдугаар сарын 12 — Бүтэн сар хилэнцийн ордод гарна.
Тавдугаар сарын 20 — Нар ихрийн ордод шилжих хөдөлгөөн хийнэ.
Тавдугаар сарын 24 — Санчир гараг хонины ордод шилжих хөдөлгөөн хийнэ.