Хайх

Загварын уран барималч Ирис фан Херпен

Загварын уран барималч Ирис фан Херпен

Velin сэтгүүлийн зургаа дахь дугаарт багтсан нийтлэлээс хүргэж байна

Text: Д.Чанцалдулам


Бүтээлч хүмүүс элдвийг сонирхож, салбар дамнан эрэлд гарах нь цөөнгүй. Харин цөмийн судалгааны төв рүү гүйдэлтэй болж, физикч, эрдэмтэдтэй мөр зэрэгцэн ажиглалт хийнэ гэдэг загвар зохион бүтээгчийн хувьд ховор тохиол биз ээ. Женев хотноо байрлах Европын Цөмийн Судалгааны Байгууллагын (CERN) газар доорх цөмийн хурдасгуурыг харсан цагаас хойш Ирис фан Херпен ховсдуулсан мэт болсон гэдэг. Эгэл бөөмийн физик судалгаа тэгтлээ юунд анхаарлыг нь татсан гээч? Бөс материалын судалгаа хийж явахдаа материйн ертөнц рүү нэвтэрсэн нь энэ. Аливаа юмсын зүй тогтолцоо, амьд организмын бүтэц түүний сонирхлыг ихэд татна.

Ваал мөрний эрэг дээрх Нидерландын нэгэн жижиг тосгонд Ирис 1984 оны зургаадугаар сарын таванд мэндэлжээ. Загварын сэтгүүл ч байдаггүй, орчин үеийн техник технологиос хол, хөдөө буйд нутгаас гаралтай энэ охин хожим Парисын “Декоратив Урлагийн музей”-д ганцаарчилсан үзэсгэлэнгээ дэлгэж, загварын салбаруудын онцлох шагналуудыг түүх юм гэж хэн ч үл санана. Ялангуяа загварын салбарт шинэ технологи ашиглан, урьд өмнө огт байгаагүй арга барилаар, өөрийн бий болгосон материалаар хувцас урлахыг хэн таах билээ.

Ирис багадаа бүжигчин болохыг мөрөөдөж, сонгодог балетаар хичээллэж эхэлжээ. Чөлөөт цагаараа хийл тоглож, уран зураг зурж, яваандаа уран баримал сонирхов. Дунд сургуулиа төгсөж, мэргэжлээ сонгохдоо бүжиг, зураг, уран баримал гурвын алийг сонгохоо мэдэхгүй тээнэгэлзэж яваад загварын салбартай учирчээ. Загвараар дамжуулж, өөрийн бүх сонирхлоо нэгтгэн, бүтээлч мэдрэхүйгээ илэрхийлж болох юм байна гэдгийг тэр ухаарч, Лондон хотноо Александр Маккуин, Амстердам хотод Клауди Ионгстра нарын дэргэд дадлага хийж, Урлагийн академийн загварын факультетыг амжилттай дүүргэжээ. Төгсөөд, 2007 онд нэрийн брэндээ үүсгэн байгуулав.

Загварын уран барималч Ирис фан Херпен (фото 1)

Байгаль эх түүний хувьд бүхний үүтгэл. Ялангуяа уснаас бүх зүйл эхэлжээ. Түүний өссөн гэрийн цонхоор Ваал мөрөн харагддаг байсан бол Амстердам дахь урлангийнх нь цонхоор мөн л ус харагдана. Ажилдаа очихдоо усны хажуугаар алхана.

Ус түүний онгод. Үл шавхагдах, мөнхийн чанартай ус шиг даашинз бүтээх хүсэлдээ хөтлөгдөн туршиж байхдаа уламжлалт аргаар, зүү утсаар энэ санаагаа хэрэгжүүлж чадахгүй юм байна гэдгээ анзаарчээ. Тэрээр нэг ярилцлагадаа “Ус, утаа, агаар гэх мэт хувцас загварт ашиглаж болохгүй элементүүд үргэлж миний сонирхлыг татдаг. Энэ боломжгүй байдал нь өөрөө надад урам, түлхэц өгдөг” гэж дурдсан. Сурсан бүх арга барилынхаа эцэст хүрлээ, одоо өөр боломж үлдсэнгүй гэдгээ мэдэх үед түүнд шинэ санаа төрдөг аж.

Тухайн үед архитекторууд 3D хэвлэлийн машинаар төслийн макетаа гаргаж байгааг анзаарсан Ирис “Бентем Кроуэл Архитекторууд”-тай хамтран, ус шиг даашинзаа урлах туршилтаа хийж эхэлжээ. Нэвт харагддаг материал 3D-гээр хэвлэх технологи хараахан бүрдээгүй байсан ч эдгээр туршилтууд түүний бүтээлч ертөнцөд олон шинэ хаалга нээв. Загвар зохион бүтээхэд архитектур, шинжлэх ухаан, технологи зэрэг бусад салбараас зүгээр нэг санаа авах бус тэдэнтэй нэгдэж, бүтээх ёстой юм байна гэдгийг тэр ойлгожээ.

Загварын уран барималч Ирис фан Херпен (фото 2)
«Dimensionism» даашинз, 2020 он. Бернд Вайнмаертай хамтран бүтээсэн. Халуунд тэсвэртэй SIMAX шилэн материалаар, галдаж, үлээж, гараар хэлбэр оруулж урласан даашинз

2010 оны “Талстжилт” цуглуулга нь 3D болон лазер зүсэлт ашигласан, архитектортой хамтарсан анхны цуглуулга байв.

Загварын уран барималч Ирис фан Херпен (фото 3)
Талстжилт, 2010, Ирисийн анхны 3D хэвлэл ашиглан бүтээсэн загвар. Яс, хясааны холимог материалаар дижитал загварчилж, хэвлэн гаргасан. 0.1 мм нарийхан нэг давхаргыг гаргаж авахад хавтгайгаар хэвлэх бөгөөд нийт 6 өдөр тасралтгүй зарцуулжээ.
Hydroza“ даашинз, 2023, Тосон будгаар зурж, лазераар зүсэж, 3D хэвлэсэн хэсгүүдийг халуун цавуугаар холбож урласан.
Загварын уран барималч Ирис фан Херпен (фото 4)

Ирис өөрөө бүжигчин болохоор хүний бие, хөдөлгөөний тусламжтайгаар хэрхэн өөрчлөгдөж, “урсаж” байдгийг хувцас загвартаа буулгахыг хүсдэг. Хөдөлгөөн бол түүний хувьд загварын салшгүй нэгэн элемент. Бие, сэтгэл, оюун гурвыг холбож буй мэт хувцас, бие, хувь хүний оршихуй гурвыг нэгтгэсэн тийм бүтээл урлахыг тэр эрмэлздэг. Түүний хувцсыг өмссөн хүний биеийг хүрээлэн микро бүжгийн хөдөлгөөнүүд үүсэж, биеийн хөдөлгөөнтэй эвсэж буй мэтээр тэр төсөөлдөг ажээ.

Харамсалтай нь бидний мэдэх уламжлалт материалуудыг “хөдөлгөөнтэй” болгож эсгэхэд хэт хүнддэх гээд байдаг тул өөр, хөнгөн материалын эрэлд гарч, туршилт хийдэг нь яг л лабораторид бодис холигч, химич мэт. Тэрээр шинэ загвар эхлэхдээ хэзээ ямар үр дүнд хүрэхээ үл мэднэ. Зарим туршилт жил хагас үргэлжилнэ, зарим нь бүтэлгүйтнэ. Иймд хэзээ ч зохион бүтээх процесстоо дуусах тов тавьдаггүй. Загварын ертөнц гэвч тов, дэгтэй, хурдтай салбар. Бүтээлч үйл тулгамдуу байхад тэр дургүй. Загвар түүнийхээр баригдмал, тогтсон зүйл бус харин хувирч, хувьсаж байдаг үйл явц юм.

Хэдийгээр Ирис фан Херпен шинэ техник технологи ашигладаг ч уламжлалт гар урлал, ялангуяа түүх судалгаанд чухал ач холбогдол өгдөг нь тэрээр хэрхэн судалгаа хийдгээс илт. “Harmonia Macrocosmica” нэрт тэртээ 1600 оны ном уншаад шинэ санаа олж авна, эсвэл 1899 онд хэвлэгдсэн Эрнст Хеклийн “Байгалийн урлаг” бүтээлүүдтэй танилцаад, улмаар музей орж, мэдлэгээ бататган, далайн бичил биет болон вирус, бактерийн ертөнцийг холбосон цуглуулга бүтээнэ.

Биологич мэт, тэрээр байгалийн зөвхөн сайхныг гайхширах бус түүний ахин сэргэх хүч, нөхөн төлжих тогтолцоог судалдаг. Түүний сонирхдог сэдвүүд ус, агаар, жингүйдэл, араг яс, ахин төрөлт, ховс, зүүд. Байгаль хүн хоорондын харилцаа, нүднээс далд орших энергийн харилцан хамаарал түүнийг увдис мэт татна.

Загварын уран барималч Ирис фан Херпен (фото 5)
“Gaia” даашинз, Ахин төрөлтийн үндэс цуглуулга, 2021
Загварын уран барималч Ирис фан Херпен (фото 6)
“Decrypt dust” кимоно, 2018
Загварын уран барималч Ирис фан Херпен (фото 7)
Ирис Фан Херпен: « Мэдрэхүйг урлах нь » үзэсгэлэн
Загварын уран барималч Ирис фан Херпен (фото 8)
Epicycle” даашинз, Ховс цуглуулга, 2019
Загварын уран барималч Ирис фан Херпен (фото 9)

Байгалийн хуулиас гадна өөр хүч бий юу гэдгийг эрэлхийлэх мэт тэрээр загвараа экстрим спорттой холбосон хоёр цуглуулга гаргасан. Чөлөөт уналтын дэлхийн аварга Домитил Кигертэй тэнгэрийг эзэгнэсэн бол чөлөөт шумбагч, спортын аварга Жюли Гутиертэй усны гүнд зураг авалт хийж, усны даралттай “халз тулсан”.

Ирис 17 настайдаа Австралид анх шүхрээр үсэрч үзжээ. Үсрэхийн өмнөх айдас, үсэрсний дараа хэрхэн өөрчлөгдөж, бүх эд эсийг нь сэргээж байсныг тэр хэзээ ч мартдаггүйгээ дурдсан байдаг. Шүхрээр доош унаж буй ганц минутын турш төрөх мэдрэмжүүдээ тэрээр цуглуулгаараа илэрхийлэхийг хүсжээ. Дэлхий аварга Домитил чөлөөт уналт хийхийг харахаар тэнгэрт бүжиж буй мэт санагдсан болохоор, түүнд кутюр даашинз өмсгөн, тэнгэрт бүжиглүүлэн, наранд уусаж буй мэтээр кино хийхийг хүссэн. Мэдээж энэ бүхэн эрсдэлтэй, онгоцноос үсрэхэд нь саад болохгүй материалаар даашинзаа хийхгүй бол амь насанд нь аюултай. Ирис материалаа Нидерландын чөлөөт уналтын төвд, хаалттай орчинд олон удаа туршиж байж сая “нисгэсэн”.

40 настай Ирис ирээдүйд ямар бүтээлүүд урлах бол?

Загварын уран барималч Ирис фан Херпен (фото 10)

“4D хэвлэх технологи нь бүрдчихлээ, өмссөн хувцас маань ирээдүйд бидний сэтгэл хөдлөлийг шууд илэрхийлэгч болбол ямар вэ?” гэж тэр хариулна. Одоо сонирхож буй сэдэв нь: хүний тархи, мэдрэлийн тогтолцоо. Түүнчлэн дуу чимээ аливаа гадаргууд нэвчихээрээ долгион үүсгэж, мөр үлдээдэг бөгөөд түүнийг загвараараа илэрхийлэх хүсэл түүнд бий. Түүний болохгүйг болгох гэдэг зүтгэл, шинийг эрэлхийлэх зоригийн илрэл болсон бүтээлүүд ирээдүйд биднийг улам алмайруулах биз ээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх