Хайх

III Чарльзыг хаан ширээнд өргөмжлөх ёслолын онцлох загварууд

III Чарльзыг хаан ширээнд өргөмжлөх ёслолын онцлох загварууд

Text: Buro.Mongolia


Өнгөрөгч амралтын өдөр буюу тавдугаар сарын 6-нд Лондон хотноо Их Британийн хаан гуравдугаар Чарльзыг хаан ширээнд залах ёслол сүр дуулиантай болж өнгөрлөө. Өнгөрсөн оны есдүгээр сард таалал төгссөн хатан хаан II Элизабетыг 1953 оны зургаадугаар сард хаан ширээнд залах ёслолд 8000 гаруй зочид уригдаж байсан бол 70 жилийн дараа болж буй энэхүү түүхэн ёслолд 2000 орчим зочин уригджээ. Вестминстерийн сүмд болсон хаан ширээний ёслолд Уэльсийн ханхүү Уильям, Уэльсийн гүнж Кэтрин нар бяцхан ханхүү, гүнж нарын хамт, хунтайж Харри, мөн хааны төрсөн ах дүүс болох гүнж Анна, Эдинбургийн гүн Эдвард нар оролцлоо. Түүнчлэн АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Хятадын дэд ерөнхийлөгч Хан Зэнь, Нидерланд, Бельги, Швед, Бутан, Монако, Япон зэрэг дэлхийн 100 гаруй улсын төр засгийн тэргүүн, ихэс дээдэс уригджээ. Улс төр, хүмүүнлэг, соёл урлагийн салбарын дэлхийд нэр нөлөө бүхий хүмүүс хуран цугларсан энэхүү өдрийн хамгийн эрхэмсэг, дэгжин загваруудыг онцолж байна.

Ханхүү Уильям, Уэльсийн гүнж Кэтрин болон тэдний хүүхдүүд гүнж Шарлотт, хунтайж Жорж, Луис нар энэ өдрийн голлох зочид байлаа. Нэгэн цагт Диана гүнжийн зүүж байсан алмаазан шигтгээтэй, сувдан ээмэг ба Жесс Коллетт, Александр МакКуин нарын урласан цэцгэн хэлбэрт мөнгөн хатгамалтай цагаан даашинз болон лаврын навчин хэлбэртэй цул мөнгөн толгойн зүүсгэлээр Кейт гоёсон бол, найман настай бяцхан гүнж Шарлотт тансаг цагаан даашинз болон толгойн гоёлоор ээжтэйгээ хосолсон нь хэвлэлийнхний онцлох сэдэв болсон билээ.

III Чарльзыг хаан ширээнд өргөмжлөх ёслолын онцлох загварууд (фото 1)

АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байдений ач охин Финнеган дизайнер Александра О’Нилын урин хаврын уур амьсгалыг мэдрүүлэм шаргал даашинзыг ижил өнгийн нөмрөг, өсгийт ба шар сарнайн даруулгатай хослуулан өмссөн нь залуу бүсгүйн гоо үзэсгэлэнг улам ч гэрэлтүүлжээ. Харин тэргүүн хатагтайн хувьд Ralph Lauren брэндийн гүн хөх өнгийн даашинзыг сонгосон байна.

III Чарльзыг хаан ширээнд өргөмжлөх ёслолын онцлох загварууд (фото 2)

Поп од Кэти Перри үзэсгэлэнт лаванда цэцгийн өнгөтэй зөөлөн савхин хослол, тохойноос дээш урттай ижил өнгийн бээлий, усан ягаан дэгжин торон малгай, өвөрмөц дизайнтай сувдан зүүлтээр гоёжээ. Тэрээр ёслолын маргааш нь тохиосон хүндэтгэлийн хүлээн авалтын голлох уран бүтээлч байсан юм.

III Чарльзыг хаан ширээнд өргөмжлөх ёслолын онцлох загварууд (фото 3)

Испанийн хаан Фелипе, хатан хаан Летизия нар Вестминстерийн сүмд орж ирэхэд дизайнер Каролина Херрерагийн урласан хуниастай, тод ягаан өнгийн хослол, ягаан тортой сүрлэн малгайгаар гоёсон Летизия хараа булаам үзэсгэлэнтэй харагдаж байлаа.

III Чарльзыг хаан ширээнд өргөмжлөх ёслолын онцлох загварууд (фото 4)

Их Британийн хаан ширээний ёслолд хаант засаглалтай улс орнуудын эрхэмсэг хаан хатад олноор уригдсаны нэг нь Японы ханхүү Акишино, угсаа залгамжлагч гүнж Кико нар байлаа. Гүнж гета стилийн шаахай, өргөн торгон бүс болон цайвар шаргал өнгийн кимоно өмссөн бол ханхүүгийн хувьд гурван хэсэг бүхий (morning suit) хослол өмсжээ.

III Чарльзыг хаан ширээнд өргөмжлөх ёслолын онцлох загварууд (фото 5)

Бутаны хаан Жигме Кхесар Намгл Ванчук цагаан ханцуйтай алаг эрээн “гхо" гэх уламжлалт хувцас өмссөн бол хатан Жецун Пема газар шүргэм урттай, үзмэн ягаан өнгийн зөрүү энгэртэй дээл маягийн үндэсний хувцсаараа гоён иржээ.

III Чарльзыг хаан ширээнд өргөмжлөх ёслолын онцлох загварууд (фото 6)

Тэтгэврийг насыг уртасгахтай холбоотой олон нийтийн ажил хаялт болон эсэргүүцлийн жагсаалаас үүдэн Чарльз хааны Франц дахь айлчлал нь хойшлогдоод байгаа билээ. Гэсэн хэдий ч их гүрнүүдийн найрсаг харилцааг бататгахаар хүрэлцэн ирсэн Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны гэргий, тэргүүн хатагтай Брижит Макрон уг ёслолын үеэр Louis Vuitton брэндийн бүдэг бор ягаан даашинзыг өнгө дагуу дэгжин хүрэм болон өндөр өсгийттэй хослуулан өмсжээ.

III Чарльзыг хаан ширээнд өргөмжлөх ёслолын онцлох загварууд (фото 7)

Уэльсийн гүнжийн төрсөн дүү Пиппа Миддлтон ихэс дээдсийн дизайнер гэгддэг Клэр Мишеванигийн шаргал өнгийн нэвсгэр даашинзыг сонгож, дугуй хэлбэрийн сонгодог загвартай толгойн гоёо зүүжээ.

III Чарльзыг хаан ширээнд өргөмжлөх ёслолын онцлох загварууд (фото 8)

Хатан хаан II Элизабетын охин Анна гүнж улаан цацаг бүхий хар малгай, гүн ногоон нөмрөг, хүнд алтан бүчтэй цэргийн хувцас өмссөн нь түүний сүр жавхааг улам нэмсэн бол нөхөр дэд генерал Тимоти Лоренс нь вант улсынхаа цэргийн ёслолын өмсгөл өмссөн байна.

III Чарльзыг хаан ширээнд өргөмжлөх ёслолын онцлох загварууд (фото 9)

Харин Британийн шинэхэн ерөнхий сайд Риши Сунак тус улсын Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Эннинфул болон Грекийн угсаа залгамжлагч гүнж, Данийн гүнж Мари-Шанталын нөхрийнхтэй төстэй ёслолын гурвалсан хар хослолоор гоёжээ. Түүний гэргий Акшата Мерти англи дизайнер Клэйр Мишеванигийн усан цэнхэр өнгийн цэцгэн хээтэй даашинз болон хар аксесуар сонгосон байна.

III Чарльзыг хаан ширээнд өргөмжлөх ёслолын онцлох загварууд (фото 10)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх