Хайх

Ким Кардашьян Мерилин Монрогийн өмсөж байсан даашинзаар Met Gala дээр гоёлоо

Ким Кардашьян Мерилин Монрогийн өмсөж байсан даашинзаар Met Gala дээр гоёлоо

1962 онд Жон Ф.Кеннедид зориулан "Төрсөн өдрийн мэнд хүргэе, ноён ерөнхийлөгчөө" гэж дуулахдаа өмссөн даашинз

Text: Buro.Mongolia


Ким Кардашьян Met Gala үдэшлэгт Мерилин Монрогийн даашинз өмсөх болсон талаарх цуу яриа арга хэмжээ болохоос хоёр өдрийн өмнө гараад байсан. Тэгвэл өнөөдөр энэхүү цуу яриа батлагдлаа. Тэрээр АНУ-ыг хамгийн сайн илтгэж чадах нь Мерилин Монро гэж үзэн энэ удаагийн төрхөө бүрдүүлжээ. Тэр дундаа Ким алдарт жүжигчний АНУ-ын 35 дах ерөнхийлөгч Жон Ф.Кеннедигийн 45 насны төрсөн өдөрт зориулан “Төрсөн өдрийн мэнд хүргэе, ноён ерөнхийлөгчөө” хэмээн дуулахдаа өмссөн даашинзыг сонгосон байна.

Ким Кардашьян Мерилин Монрогийн өмсөж байсан даашинзаар Met Gala дээр гоёлоо (фото 1)

Энэхүү даашинз нь Холливүүдийн хувцас дизайнер, Франц гаралтай Боб Макигийн зургаар бүтсэн бөгөөд зургаан мянга гаруй болор шигтгээгээр чимэглэсэн онцлогтой. Тус даашинзны анхны үнэ 1440 ам.доллар байсан бол 1999 онд дуудлага худалдаагаар нэг сая гаруй ам.доллараар зарагдсан байна. Улмаар 2016 онд дахин дуудлага худалдаагаар орж 4.8 сая ам.доллараар худалдаалагдсан бөгөөд дуудлага худалдаанд хамгийн өндөр үнээр зарагдсан хувцасны рекордыг эзэмшдэг юм. Одоогийн байдлаар Мерилины даашинз комик зураач Роберт Риплигийн “Ripley’s Believe It or Not!” музейд тавигджээ.

Ким Кардашьяны хувьд Мерилины даашинзыг худалдаж авч байсан эзэмшигчээр дамжуулан музейтэй холбоо тогтоож чаджээ. Даашинзыг Флорида мужийн Орландо хотоос Кимийн амьдардаг Калабасас хот хүртэл хувийн онгоцоор тээвэрлэсэн бөгөөд өмсөж үзэхэд хэмжээ нь таараагүй байна. Тухайн үед Met Gala хүртэл хэдхэн сарын хугацаа үлдсэн байсан бөгөөд даашинзандаа таарахын тулд жингээ хасах аль эсвэл өөр хувилбар олох сонголттой тулгарсан гэдгээ Ким Vogue сэтгүүлд хуваалцсан юм. Эцэст нь тэрээр жингээ хасахаар шийдсэн бөгөөд “Би өдөрт хоёр удаа сауны өмсгөл өмсөж, гүйлтийн зам дээр гүйж, элсэн чихэр болон нүүрс уснаас бүхэлдээ татгалзаж, зөвхөн хамгийн цэвэр гэсэн ногоо болон уураг хэрэглэсэн” хэмээн тайлбарласан байна.

Ким Кардашьян Мерилин Монрогийн өмсөж байсан даашинзаар Met Gala дээр гоёлоо (фото 2)

Ким Карашьян Мерилины даашинзыг улаан хивсний шатаар гарсны дараа яг ижил хувилбараар нь сольж өмссөн бөгөөд “Би энэхүү даашинзанд болон Америкийн түүхэнд эзлэх утга санаанд нь маш хүндэтгэлтэй хандаж байгаа. Би хэзээ ч уг даашинзыг өмсөөд сууж, хооллож эсвэл ямар нэг гэмтэл учруулах эрсдэлтэй алхам хийхгүй бөгөөд дийлэнх үед хийдэг биеийн будалтаасаа татгалзах болно” хэмээн Кардашьян хэлжээ.

Ким Кардашьян Мерилин Монрогийн өмсөж байсан даашинзаар Met Gala дээр гоёлоо (фото 3)
Ким Кардашьян Мерилин Монрогийн өмсөж байсан даашинзаар Met Gala дээр гоёлоо (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх