LVMH, Loro Piana брэндийн Монголд хэрэгжүүлж буй төсөл
LVMH, Loro Piana, UNCCD, SFA, OCT хамтран Монгол улсад хэрэгжүүлж буй төслийн нээлттэй хэлэлцүүлгийг COP17-гийн үеэр зохион байгуулж, эхний үр дүнгүүдээ танилцууллаа.

‘’Дасан зохицохуйн зам: Малчин, мал амьтан, тал хээрийн нэг эрүүл мэнд’’ төсөл нь Монголын тал хээрийн бүсийн малчид, мал амьтан, тэдгээрийн бэлчээрийн даац, тогтвортой байдлыг хангаж бэхжүүлэхэд Loro Piana болон LVMH групп, Одиссей Консервейшн Траст (ОСТ), НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD), Тогтвортой ноос ноолуурын эвсэл (SFA) зэрэг байгууллагууд нэгдэж Сүхбаатар аймгийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичигт талууд гарын үсэг зурснаар 2025 оны аравдугаар сараас эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд нийт таван жилийн хугацаанд үргэлжилнэ.
Монгол ноолуур ба Loro Piana



Итали улсаас гаралтай дэлхийн алдарт ноолууран хувцасны брэнд Loro Piana Монгол улсаас ноолуурын түүхий эдийг 40 жилийн турш импортоор авч байгаа алтан түншлэгч компани юм. Ноолуур дотроос Улаан үүлдрийн ямаанаас самнадаг нарийн ширхэгтэй ноолуур нь улаан туяа бүхий цайвар өнгөтэй, уян зөөлөн, торгомсог ширхэгтэй бөгөөд үйлдвэрт боловсруулахад будаг сайн авдаг зэрэг давуу талуудтайг үнэлж тус компани онцгойлон худалдан авсаар өдийг хүрчээ. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) үеэр дээрх байгууллагууд хамтарч улаан үүлдрийн ямааг хамгаалах, малчдын амьжиргааг дээшлүүлэх, цөлжилтөөс үүдэлтэй ургамлын ургалтыг сайжруулах цогц арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд Сүхбаатар аймгийн Мөнххаан, Баяндэлгэр суманд явуулын эмнэлэг байгуулж малчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулан, анхан шатны эмнэл зүйн тусламж үйлчилгээг сүүлийн найман сарын байдлаар нийт 75 малчдад үзүүлээд байна. Үүний зэрэгцээ малын эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг давхар хийж, малаас хүнд халдварлах өвчний эрсдэлийг бууруулахад анхааран ажиллаж байгаа аж. Ийнхүү мал, бэлчээр, малчдын эрүүл мэндийг тус тусад нь бус, харилцан хамааралтай нэг экосистем болгон авч үзэж “Нэг эрүүл мэнд (төслийн нэрийг хураангуйлав)” төслийг тухайн сумуудад хэрэгжүүлж байна.



Малчдын амьдралын чанар төслийн гол зорилго

Хэлэлцүүлгийн үеэр LVMH группийн Байгаль орчин, тогтвортой хөгжлийн захирал Элен Валад Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй төслийн тэргүүлэх зорилго нь малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх гэдгийг онцоллоо. Тэр дундаа эмэгтэй малчдыг дэмжих, жендерийн эрх тэгш байдалд суурилсан тусламж, үйлчилгээг хүргэхэд анхаарч ажиллаж буйгаа тэмдэглэсэн юм.

Түүнчлэн “Нэг эрүүл мэнд” зорилтын хүрээнд хөдөө орон нутагт ажиллах сургагч багш нарыг бэлтгэх хөтөлбөр мөн үе шаттай хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар хүний эрүүл мэнд болон мал эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр хос сертификаттай 30 гаруй мэргэжилтэн бэлтгэгджээ. Тус сургалтыг Их Британийн Эзэн хааны мал эмнэлгийн коллеж болон Бельгийн Льежийн их сургуулийн мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлсэн байна. Сургагч багш нарыг бэлтгэх нь ямааны зохиомол хээлтүүлэг хийх, малын үржлийн чанарыг сайжруулахын зэрэгцээ бэлчээрийн мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн НҮБ болон олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй бусад төсөл, хөтөлбөртэй уялдах чухал алхам хэмээн мэргэжилтнүүд үзэж байв.

Хэлэлцүүлгийн үеэр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Д.Ганзориг: “Улаан ямааны ноолуурын гарцыг сайжруулах, үржүүлэх төслийг улсаас 1980-аад онд хийж байсан, энэ жил олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохиомол хээлтүүлгийг бид амжилттай эхлүүлээд байна. Үүний үр дүнд сайн чанарын ноолуур гаргаж чадна гэдэгт малчин би итгэж байна” хэмээлээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн яамны зүгээс Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр тус хурлын үеэр хэрэгжиж буй уг төсөл хөтөлбөр нь малчдын эрүүл мэндийг хамгаалах зорилтыг улсын хэмжээнд зөв үлгэр дуурайлал болно гэдэгт итгэж, цаашлаад жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхдүүдийн эрүүл байх үндэсний бодлоготой нийцүүлж ажиллахыг уриаллаа.
Зудын бэлэн байдал, бэлчээрийн даацыг хэрхэх вэ?
НҮБ-ын салбар байгууллагуудын аливаа бодлогод ган, зудын гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд тусгагддаг (FAO, UNICEF, WHO, UNESCO гэх мэт) ба олон талт хамтарсан төслүүд энэхүү асуудалд өөр өөрсдийн зүгээс оролцсоор ирсэн билээ. Малчдын ахуй, өвөрмөц аж байдал, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний төсөл хөтөлбөрүүдтэй НҮБ-ын бүхий л салбарууд, олон улсын байгууллагууд тусламжийн гараа сунгасаар байдаг бөгөөд тогтвортойгоор бие даан явуулах үндсэн үүрэг нь Монгол Улсын засгийн газар, эрх баригчдаас хамаардаг. Үүний адилаар тус хурлын үеэр энэхүү төслийг цаашид амжилттай авч явахад олон талт хамтын оролцоо тэр дундаа төр болон хувийн хэвшлийн үүрэг маш чухал гэдгийг Азийн хөгжлийн банкны Зах зээлийн хөгжүүлэлт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн (PPP) газрын захирал С. Бхаскар Шах цохон тэмдэглэсэн юм.

Монголын тал нутаг уудам авч, бэлчээрийн даац хэтэрсэнээр энэ уудам газрын ургамлын бүрхэвч жилээс жилд бага багаар хумигдаж байна. Улсын хэмжээнд бэлчээрт ашиглаж буй нийт газар нь 110 сая га буюу нийт газар нутгийн 70 орчим хувийг эзэлдэг. Нүүдлийн мал аж ахуй, түүнийг дагасан амьдралын хэв маяг олон зууны турш үргэлжилсэн ч бэлчээрийн даац хэтрэхийн хэрээр ургамлын бүрхэвч багасаж, газрын доройтол хурдсаж цөлжилт бүрэн тархах аюул нүүрлээд байна.
Энд нэгэн сонирхолтой зөрчилдөөн үүсээд буй. Монголын ноолуур дэлхийн хамгийн тансаг түүхий эдийн нэг хэвээр байхыг дэлхийн загварын зах зээл хүсдэг. Харин тэр ноолуурыг бий болгодог ямаа улам олон болох тусам бэлчээрийн даацад дарамт нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, илүү их ноолуур үйлдвэрлэх нь өөрөө цөлжилт үүсгэх хүчин зүйл юм.
Тиймээс асуудал нь ямааны тоо толгойг зүгээр л цөөрүүлэхэд оршихгүй. Малчин хэрхэн амьжиргаагаа хадгалах вэ, малын тоо бэлчээрийнхээ даацтай хэрхэн нийцэх вэ, ноолуурын чанар болон гарцыг бууруулахгүйгээр байгальд үзүүлэх дарамтыг хэрхэн багасгах вэ гэдэг асуултууд зэрэгцэн гарч ирж байгаа юм.
Түүхий эдээс экосистемийн тогтвортой байдал руу

LVMH групп, Loro Piana, Одиссей Консервейшн Траст (OCT), НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD), Тогтвортой ноос, ноолуурын эвсэл (SFA) болон Сүхбаатар аймгийн хамтарсан энэхүү төсөл нь нэг талаас Монголын онцгой чанартай ноолуурын түүхий эдийн эх үүсвэрийг хамгаалах, нөгөө талаас түүнийг бэлтгэж буй малчдын амьжиргаа, малын эрүүл мэнд, бэлчээрийн экосистемийг зэрэг авч үзэж буйгаараа онцлог. Нөгөө талаараа Монголын нүүдлийн соёлын хамгийн эртний асуултуудын нэг болох “Байгаль хэдийг хүртэл тэтгэх вэ?” гэсэн асуултад орчин үеийн тансаг хэрэглээний салбарын зүгээс хариу эрэлхийлж буй тусч оролдлого гэж тайлбарлаж болох юм.

Цаашид энэхүү санаачилга Монгол Улсад хэрэгжиж буй байгаль хамгаалал, цөлжилттэй тэмцэх бусад төсөл, хөтөлбөртэй хэрхэн уялдаж, орон нутгийн малчдын амьдрал болон бэлчээрийн экосистемд ямар бодит үр дүн авчрах нь анхаарал татсан хэвээр байна.

Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт