Хувцас загварын сэргэн мандалт: Сюрреализм эргэн ирсэн нь
Өвлийн От Кутюр 2026/27: Iris Van Herpen, Chanel болон бусад
Schiaparelli
Зарим талаараа тус брэндийн кутюр цуглуулга үл ялиг сэртхийлгэм байдаг. Бүтээлч дизайнер Даниел Роузберригийн урам зориг хэтэрхий гүнзгий зүйлээс эш татсан байдагтай нь холбоотой болов уу. Түүний "The Abyss" орчуулбал “Ангал” хэмээн нэрлэсэн энэхүү цуглуулга нь далайн ёроолын харанхуйн гүн дэх үл ялиг айдас болон ирээдүйд хүн төрөлхтөн хиймэл оюун ухаантай нэгдэн нэгэн цул болж хувьссан тухай түгшүүрийг ч давхар хөнджээ.
Хүний арьстай хамгийн ойролцоо мэдрэмж төрүүлэх материал хайх явцдаа Роузберри Парисын ойролцоох кино бүтээлд зориулан урладаг, бодит мэт нярай хүүхдийн манекен бүтээдэг урлантай хамтран ажиллажээ. Хамтран ажилласны үр дүнд тэд нимгэн силикон гарган авч уг материалаар болеро хүрэм, хатуу корсет зэрэг загварууд цутгаж, гялалзсан гадаргуутай бүтээлүүдийг бий болгожээ. Зарим загварууд нь далайн гүнээс харж болох амьтад, лусын дагина мэт романтик загваруудыг толилуулсанаар тус брэндийн үүсгэн байгуулагч Эльза Скиапареллигийн загваруудтай агаар нэг, амьд оршихуйг бүтээсэн нь энэ байв. Тэд урлаг, мөрөөдөл, сюрреализм, хүний төсөөллийн хязгаарыг сорьдог загварын ордон хэвээр байгаа бөгөөд загварын ертөнцөд "боломжгүй" мэт санагдах зүйлсийг бодит бүтээл болгон хувиргадаг хувцас загварын бэлгэ тэмдэг болсон ордон билээ.





























Christian Dior
Dior ирэх өвлийн от кутюр цуглуулгадаа цэцэгсийг онцолно хэмээн бараг бүгд таамаглаж байсан нь ийн биеллээ. Жонатан Андерсон тус брэндийн үнэнч хэрэглэгчдийг харгалзан үзэж, брэндийн олон жилийн турш мөрдөгдөж ирсэн тогтсон жишгийг бүр мөсөн өөрчлөлгүйгээр Dior-ийн шинэ худалдан авагч нарт чиглэсэн, илүү залуу өнгө аясыг давхар сүлэлдүүлжээ. Мэдээж “Bar” хүрэм дахин танилцуулагдаж, товчилгоог халж бэлхүүс хэсэгт зангидсан унжлагатай эсгүүрийг танилцууллаа. Материалын сонголтууд дунд анхаарал татсан хэсэг бол яах аргагүй мөнгөлөг, алтлаг даавуун малгай байлаа. Цаад утгаараа Жон Галлианогийн сюрреалист үзлийг тусгасан уу гэмээр, нөгөө утгаараа залууст Dior хэрхэн шинэ өнгө аясаар хүрэх вэ гэсэн асуултын хариултыг Жонатан ийн бодсон гэлтэй. Түүнчлэн Жонатан шинэ зүйл туршихаас айсангүй, даавууг тусгай хэлбэржүүлэгч техник ашиглан нугалаа үүсгэж түүгээрээ даашинз урласан нь сонирхолтой. Андерсон энэ удаа америкийн уран бүтээлч Линда Бенглисээс урам авчээ. Уран зураг, баримал, нэхмэлийн арга барилыг өөрийнхөөрөө өөрчилсөн Бенглисийн бүтээлүүд нь хувцсыг ороох, зангидах арга барилаар тодорхойлогддог бөгөөд энэ нь Андерсоны бүтээлч сэтгэхүйд хүчтэй нөлөөлжээ. Тэрээр Loewe-д ажиллаж байх үеэсээ Бенглистэй хамтран ажиллаж байсан түүхтэй. От Кутюр хийц нь гар ажиллагаа давамгайлсан, уран нарийн хийцээр олон цагийн үр дүнд бүтээгддэг гэх утгаараа өндөр үнээр, зорилтот худалдан авагч нарт зориулагдсан хэмээн үздэг ч Жонатан Андерсон Dior-ийн От Кутюр загваруудыг илүү өргөн хүрээний бүсгүйчүүдэд хүргэж чаддаг нэгэн гэдгээ дахин харууллаа.

































































Iris Van Herpen
Тус брэнд олон жилийн турш бусдаас ялгарах онцгой хэв маягаараа От Кутюр ертөнцөд ямагт шинэ хуудас бичилцдэг. Өөрийн үүсгэн байгуулсан брэндийг амжилттай авч яваа хуруу дарам цөөн дизайнеруудын нэгээр Айрис тэргүүн эгнээнд багтдаг. Ирэх өвлийн От Кутюр урсгалыг бас л шинэ содон туршилтуудаар тодорхойллоо. Үүний тод жишээ болох гэрлээр амилсан мини даашинз нь онцлох бүтээл байлаа. Акрил корсет бүхий даашинзнаас гэрэл цацарч, аянга шиг олон нарийн салаалж буй нь үнэндээ Лихтенбергийн дүрс (Lichtenberg figure) хэмээх физикийн үзэгдэл аж. Байгаль дээр болдог энэхүү физик үйлчлэлийн зүй тогтлыг Айрис бүтээлдээ ийн буулгажээ. Тэр бээр өөрийн танилцуулсан цуглуулгаа “Sonic Starquakes” хэмээн нэрийдсэн бөгөөд загварууд бүхэлдээ одны чичиргээ хийгээд түүнээс ялгарч буй дуу авиа нь "хөгжмийн зэмсэг" мэт хэлбэлздэг оршихуй юм гэдгийг бүтээлээрээ харуулахыг зорьжээ. От Кутюр урлалын мөн чанар нь техникийн төгс ур чадварт оршдог. Олон зууны турш уламжлагдан ирсэн эсгүүр, даашинз урлал, гараар оёх, хатгамлын арга барилын зэрэгцээ технологийн хөгжлийн ачаар бий болсон шинэ материалуудаар хийгдэх туршилтууд ч энэхүү урлагийн салшгүй хэсэг болсон гэдгийг та Iris Van Herpen ордны загваруудаас тод харж болно.


















Chanel
Chanel биднийг энэ удаад үлгэрийн орноор аялууллаа. Тэдний жил бүр шоугаа толилуулдаг ордон болох Grand Palais-ийн их танхим бүхэлдээ мөлхөө ургамлаар ороогдож, хортой цэцгүүдийн баримлаар тайзаа чимсэн нь Jumanji киноноос санаа авсан хэмээн онцолжээ. Хамгийн чухал нь загварууд. Дизайнер Матью бүтээлүүдээ туурвихдаа Жек ба буурцгийн мод, Нугасны муухай дэгдээхэй, Гуталт муур зэрэг үлгэрүүдээс санаа авсан бөгөөд эхний гарааны загвар өмсөгч гартаа жижиг ном барьсан нь Габриель Шанелийн өөрийн номын цуглуулгад багтах үлгэрийн номуудын нэг ажээ. Матью үлгэрийн баатрууд эсвэл үйл явдлуудыг тэр чигт нь хувцаснууддаа буулгасангүй, тэрээр Chanel-ийн энгийн байх гэсэн үзэлтэй хослуулж эмэгтэйчүүдэд эрх чөлөөг өгөөд зогсохгүй илүү хөгжилтэй өнгө аясыг бэлэглэлээ. Буурцгийн модны мөлхөө ишийг хүрмүүд дээр хатгамал хэлбэрээр дүрсэлж, дөнгөж өндгөө цуулж төрсөн дэгдээхэй мэт загвар танилцуулагдсан нь дээр дурдсан үлгэрүүдийн утгыг та төвөггүй тайлж болно. Хамгийн чухал нь олон орны, янз бүрийн эмэгтэйчүүд хөнгөн, өдөр тутамдаа өмсөж болохуйц загварууд танилцуулсан нь тус брэндийн мөнхийн үзэл баримтлалын нэг хэлбэр билээ. "Би үлгэрүүдийг сонирхсон. Дээр нь нэмээд өнөөдрийн эмэгтэйчүүдийн бодит түүхүүдийг сонирхсон. От Кутюр гэж яг юу гэсэн үг вэ? Chanel-ийн От Кутюр юугаараа онцлог вэ гэдгийг нухацтай бодсон. Chanel От Кутюр бол асар сүрлэг, хүмүүсийг алмайруулахын төлөө байдаг зүйл биш" хэмээн хэлсэн түүнийг үгийг бодвол тэр Chanel брэндийн мөн чанарыг аль хэдийнээ ойлгожээ.




























































