Хайх

Арьс цайруулахад туслах хосолсон нийлмэл найрлагууд

Арьс цайруулахад туслах хосолсон нийлмэл найрлагууд

Text: Ж.Булган


Азийн орнуудын дийлэнх бүсгүйчүүдийн нийтлэг арьс арчилгааны хандлага бол арьс цайруулах тухай байдаг. Хэдэн жилийн өмнө арьс арчилгааны тренд нэг үзэл рүү хэлбийж өөрт шаардлагатай найрлагуудыг дангаар нь хэрэглэх арга зонхилж байсан бол өнгөрсөн жилээс нийлмэл найрлагатай бүтээгдэхүүнүүд хамгийн үр дүнтэй арга хэмээн туршигдаж, дэлхийн арьс гоо заслын мэргэжилтнүүд зөвлөж эхэлжээ.

Арьс чангалах + цайруулах, чийгшүүлэх + цайруулах, нүхжилтийн эсрэг + цайруулах гэх мэт хосолсон үр дүнг амлаж буй брэнд бүтээгдэхүүнүүдийн тайлбарыг түр хойш тавьж ямар найрлагууд хоорондоо хамгийн сайн зохицож хурдан хугацаанд цайрч өөр бусад үйлдэл үзүүлдгийг химийн нэршлээр нь харцгаая.


ТРАНЕКСАМИНЫ ХҮЧИЛ + НИАЦИНАМИД

Арьс цайруулахад туслах хосолсон нийлмэл найрлагууд (фото 1)

Эдгээр хүчлүүд нь нийлмэл байдлаар хамгийн үр дүнтэй орцуудын нэг бөгөөд батганы сорви, нөсөө толбо бүдгэрүүлж арьсны өнгийг жигдэлж цайруулах, арьсыг чийгээр хангах үндсэн үүрэгтэй. Транексамын хүчлийн нөсөө толбо бүдгэрүүлэх үндсэн механизм нь арьсны меланины ялгарлыг сааруулж, арьсны өнгийг жигд болгодог бол ниацинамид нь арьсыг цайруулах хамгийн шалгарсан бодис юм. Өмнөд Солонгосын Chung-Ang University College of Medicine их сургуулийн Арьс судлалын тэнхим болон бусад судалгааны байгууллагуудын хамтарсан судалгаанд 42 эмэгтэйг түүврийн аргаар оролцуулж найман долоо хоногийн турш 2% ниацинамид + 2% транексамины хүчил агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж, дээрх хосолсон найрлагууд үр дүнтэй байгааг нотолсон судалгааны өгүүлэл нийтлэгджээ. Арьс цайруулах нь нэг талаараа арьсыг гэмтээж эмзэгшүүлэх эрсдэлийг дагуулж байдаг тул хэрэв таны арьс эмзэг мэдрэмтгий бол дээрх орцуудыг хэрэглэхдээ бага тунгаар эхлэхийг зөвлөж байна.


НАД + ПЕПТИД

Арьс цайруулахад туслах хосолсон нийлмэл найрлагууд (фото 4)

Хэрэв та цайруулах үйлчилгээтэй цуг хөгшрөлтийн эсрэг тэмцэж буй бол эдгээр найрлага танд тусалж дээр нь арьсны өнгийг сэргээх үйлчилгээг үзүүлнэ. Сүүлийн жил Sephora эсвэл Olive Young зэрэг гоо сайхны сүлжээ дэлгүүрүүдэд эгнэн дараалсан NAD+ гэсэн гарчгийг та анзаарсан болов уу. Тиймээ энэ бол яг одоо хамгийн тренд болоод буй найрлагуудын нэг. НАД нь никотинамид, аденин, динуклеотид хэмээх үгнүүдийн товчлол бөгөөд энэ нь биеийн эсийн энергийн солилцоонд оролцдог амин чухал коэнзим юм. Эсийн энерги ялгаруулалт нас ахих тусам буурдаг хэмээх судалгаан дээр үндэслэж энэхүү коэнзимыг ууж хэрэглэхээр гарган авч байсан бол арьс арчилгаанд ийн нэвтэрснээр арьсыг гаднаас нь залуужуулах гол орц болж худалдаалагдаад байна. Түүнчлэн хэрэв та арьсаа НАД-тэй цуг давхар гундсан арьсаа толигор болгох хүсвэл дээрх найрлагыг өөр бусад орцтой хамт хэрэглэх боломжтой. НАД болон С витамин эсвэл НАД-тэй хамт пептид агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь одоогоор хамгийн сайн үр дүн үзүүлж байгааг хэрэглэгчид онцолж байна.


С ВИТАМИН + ГИАЛУРОНЫ ХҮЧИЛ

Арьс цайруулахад туслах хосолсон нийлмэл найрлагууд (фото 7)

Дэлхийн арьс судлалын анагаах ухаанд арьс цайруулахад голчлон судлагдсан хамгийн түгээмэл найрлага бол С витамин буюу аскорбины хүчил билээ. Одоогоор аскорбины хүчлийг хамгийн зөв тунгаар олон найрлагуудтай хавсаргах олон туршилтууд хийгдсээр байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд байгалийн охь хэлбэрээр чацаргана, нохойн хошуу зэрэг бутлаг, модлог ургамлын үр жимснээс ялган авч арьс арчилгаанд нэвтрүүлээд байна. Аскорбины хүчилтэй хамгийн төгс зохицдог бодис бол гиалуроны хүчил юм. Эдгээр найрлага нь хоёулаа хүчиллэг суурьтай гэдгээрээ адил ч өөр өөрийн гэсэн үүрэгтэй. Аскорбины хүчил нь арьсыг цайруулж хялгасан үрчлээг тэнийлгэх хүртэл үр дүнг үзүүлдэг бол гиалуроны хүчил нь арьсны чийгийг хамгийн сайн хадгалдгаараа онцлог. Гиалуроны хүчлийн молекулд С витамины арьсанд удаан хугацаагаар шингэж үр дүнгээ өгч буй туршилтуудыг судалж байгаа эрдэм шинжилгээний ажлуудаас харвал энэхүү хосолсон найрлага нь арьсыг цайруулах гэх ойлголтоос давж хөгшрөлтийн эсрэг үр дүнгээ үзүүлэх боломжтойг судалсаар байна.


Арьс цайруулахад туслах хосолсон нийлмэл найрлагууд (фото 10)

Та эдгээр хос найрлагуудыг сонгон авч хэрэглэхдээ гоо сайхны мэргэжилтнүүд болон арьс гоо заслын эмч нараас нэмэлт зөвлөгөө авч өөрт хамгийн тохирсон бүтээгдэхүүнээ сонгоорой. Мөн бидний зүгээс болон өөр бусад ямар ч арьсны мэргэжилтнүүдийн нийтлэг зөвлөмжийг харгалзан, нарны тосоо түрхэхээ мартуузай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх