Хайх

Pantone 2021 оны гол өнгийг нэрлэхдээ нэг биш хоёр ч өнгө сонголоо

Pantone 2021 оны гол өнгийг нэрлэхдээ нэг биш хоёр ч өнгө сонголоо

Найдвартай, тасралтгүй үргэлжилсэн байдлыг илэрхийлэх өнгөнүүд

Text: Buro.Mongolia


Зураг:

Pantone өнгөний институт жил бүрийн арванхоёрдугаар сард ирэх оны гол өнгийг нэрлэдэг уламжлалтай билээ. Тэгвэл 2021 онд зориулж тэд нэг биш хоёр өнгө сонгохоор шийдэж, Ultimate Grey хэмээх саарал болон Illuminating хэмээх пастель шар өнгөнүүдийг онцолжээ. Пастель шар өнгө нь Prada, Jacquemus, Gucci болон Givenchy брэндүүдийн хавар-зун 2021 цуглуулгуудад давамгайлсан байгаа.

Pantone 2021 оны гол өнгийг нэрлэхдээ нэг биш хоёр ч өнгө сонголоо (фото 1)
Pantone 2021 оны гол өнгийг нэрлэхдээ нэг биш хоёр ч өнгө сонголоо (фото 2)

Pantone ийнхүү хоёр өнгө сонгож байгаа нь анхны тохиолдол биш бөгөөд өмнө нь, 2016 онд, Serenity гэх усан цэнхэр болон Rose Quartz гэх ягаан өнгөнүүдийг гол өнгөөр нэрлэж байсан удаатай.

Гэхдээ 2021 онд хоёр өнгө сонгож байгаа нь илүү гүн утгатай гэнэ. "Нэг өнгөөр шаардлагатай бүхнийг илэрхийлэх боломжгүй байлаа. Тиймээс үүний оронд бид хоорондоо сайхан зохицох хоёр өнгийг сонголоо" хэмээн Pantone институтийн мэргэжилтнүүд хэлжээ. Хоёр өнгөөр дамжуулан мөн бид бие биедээ хэрэгтэй болохыг илэрхийлсэн байна.

Саарал өнгө нь хүч чадал болон тэсвэр хатуужил, найдвартай байдлыг илэрхийлдэг. "Байгальд бол энэ нь далайн эрэг дээр байдаг хайрга чулуунуудаар тодорхойлогдох өнгө. Тэд байсан газартаа байж л байдаг бөгөөд ойрын хугацаанд хаашаа ч алга болохгүй. Саарал бол бидний найдаж болох, үргэлж дэргэд байх тэсвэр тэвчээртэй зүйлийг илэрхийлдэг өнгө юм".

Pantone-ий мэргэжилтнүүд мөн карантины үеийн хамгийн эрэлттэй хувцас болох саарал өнгийн бэлтгэлийн өмдний талаар дурдан хошигножээ. "Хүмүүс 2020 оныг бүхэлд нь саарал бэлтгэлийн өмдтэйгөө өнгөрүүлсэн гэхэд хилсдэхгүй байх. Мэдээж бид үлдсэн амьдралаа тэрхүү саарал өмдтэйгөө өнгөрүүлэхгүй хэдий ч энэ өнгөрч буй онд өдөр тутамд бидний дэргэд байсан зүйл мөн гэдэг нь үнэн шүү дээ".

Харин пастель шар буюу нарны туяаны өнгө нь тасралтгүй үргэлжилсэн байдлыг илэрхийлж байгаа. "Ихэнх хүмүүсийн хувьд багаасаа л шар өнгийг найдвар, эерэг мэдрэмж болон ямар нэгэн сайхан зүйлийн хүлээлттэй холбож харсаар ирсэн. Энэ өнгө нь үргэлж л найдвар төрүүлдэг".

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх