Загварын ертөнцийг өөрчилсөн Balenciaga брэндийн бүтээлч захирал Демна Гвасалия гэж хэн бэ?
Демна Гвасалия бол юунд ч хязгаарлагддаггүй сэтгэлгээ, тэс өөр мэдрэмжээрээ загварын ертөнцийг орвонгоор нь эргүүлсэн дизайнер. Тэрээр тансаг зэрэглэлийн брэнд, поп соёл болон алдартнуудын хувцаслалтын талаарх олны дунд тогтсон хэвшмэл ойлголтыг эвдэж загварын шоу, сурталчилгааны ажил бүрээ хэний ч санаанд оромгүй өөр өнцгөөс толилуулдгаараа бусдаас ялгардаг. Саяхан л гэхэд жишээ нь, дэлхий цар тахалд нэрвэгдэж брэндүүд загварын шоугаа толилуулж чадахгүйд хүрч, алдагдал хүлээж байх үед Демна Гвасалиягийн ахалдаг Balenciaga ордон намар-өвөл 2021 цуглуулгынхаа хүрээнд Epic Games компанитай хамтран видео тоглоом гаргаж нөхцөл байдлыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж чадсан. Түүнчлэн Balenciaga ордон Met Gala улаан хивсний ёслол дээр үзэгдсэн хамгийн дуулиантай хувцаснуудыг урлаж, Fortnite тоглоомтой хамтран виртуал хувцасны цуглуулга гаргаад зогсохгүй хавар-зун 2022 цуглуулгынхаа танилцуулгыг алдарт “The Simpsons” цувралтай хамтран арван минутын урттай тусгай анги болгосон гээд Демнагийн бүтээлч санаанууд ар араасаа ундарсаар байдаг. Тэгэхээр дан ганц загварын ч гэлтгүй дэлхийн анхаарлыг татаж буй Демна Гвасалия гэж хэн бэ?
Карьерын эхэн үе
Демна Гвасалия 1981 оны гуравдугаар сарын 25-ны өдөр Гүрж улсад төржээ. Түүний аав Гүржийн уугуул бол ээж нь Орос гаралтай юм. Демна 2001 онд Тбилисигийн Улсын Их Сургуулийг олон улсын эдийн засаг чиглэлээр төгссөн бөгөөд тэр ондоо гэр бүлийн хамт Герман улсын Дюссельдорф хот руу нүүсэн байдаг. Тэрээр бага наснаасаа л загвар зохион бүтээгч болох мөрөөдөлтэй байсан бөгөөд хүслээ биелүүлэхээр зорьж Бельгийн Хатан Хааны нэрэмжит Дүрслэх Урлагийн Академийг загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн юм. Сургуулиа дүүргээд Бельгийн Walter Van Beirendonck брэндэд дадлага хийж, дараа нь Maison Martin Margiela-д эмэгтэй загварыг хариуцан 2013 он хүртэл ажиллаж, улмаар Louis Vuitton загварын ордонд Марк Жейкобс, Николя Жескьер дизайнеруудын дор ажилласан билээ. Тэрээр Maison Margiela ордныг өөрт нь маш их зүйл сургасан хоёр дах их сургууль гэж тодорхойлдог юм.
2014 оноос эхлэн Демна Гвасалия бие даан ажиллаж эхэлсэн бөгөөд төрсөн ах Гурам Гвасалиятай хамтран Vetements брэндээ үүсгэн байгуулсан билээ. Энэхүү брэнд нь хэдхэн сарын дотор алдартнуудын дунд эрэлттэй болж street style сурвалжилгууд болон загварын сэтгүүлүүдийн нүүрийг чимж эхэлсэн юм. Төд удалгүй Демна Vetements брэндээс гарах шийдвэр гаргаж Balenciaga брэндийн бүтээлч захирлын алба хаших саналыг хүлээн авсан байдаг. Тэр цагаас эхлэн Balenciaga загварын ордон энэ цаг үеийн хамгийн орчин үеийн, нөлөө бүхий амжилттай компаниудын нэг болсон гэхэд хилсдэхгүй.
Тэрээр дүрмийг дагадаг биш харин өөрчилдөг
Демна ямагт тоглоомын дүрмийг өөрчилдөг. Тухайлбал, тэрээр хамгийн өндөр, хамгийн гоё биетэй загвар өмсөгчдийг шоундаа алхуулахыг зорьдоггүй. Энэ нь түүний зохион байгуулдаг загварын шоунуудаас харагддаг бөгөөд төрөл бүрийн нас болон биеийн харьцаатай хүмүүс тайзан дээр нь гардаг. Учир нь Демна ямар нэгэн дүрэм баримтлах биш зүгээр л хувцсаа харуулах зорилготой гэдгээ онцолдог юм. “Би загварын шоунд алхуулах моделиудаа жилийн турш маш удаан хайдаг. Гудамжаар явж байгаа хүмүүс, найзуудын хүрээлэл, хамтран ажилладаг хүмүүсээс асууна, бас Instagram платформоос хайгуул хийнэ” хэмээн Гвасалия Vogue сэтгүүлд хуваалцсан байдаг. Үүнээс гадна тэрээр аливаа хувцсыг загварын шоугаар дамжуулан харуулах нь хуучирсан ойлголт гэж үздэг байна.
Ирээдүйдээ санаа зовнидог тэмцэгч
Balenciaga брэнд намар-өвөл 2018 цуглуулгаа толилуулсныхаа дараа Нэгдсэн Үндэсний Байгууллагын өлсгөлөнтэй тэмцэх үйл ажиллагааг дэмжин ажиллахаа мэдэгдсэн байдаг. Түүнчлэн Демна Гвасалия загваруудаа дахин боловсруулсан материал ашиглан хийхийг эрмэлздэгээс гадна өдөр тутамдаа өмсөх хувцасны сонголтоо аль болох байгальд ээлтэй байхаар хийдэг гэдгээ хэлсэн юм. “Би дийлэнхдээ Balenciaga болон Vetements брэндээр хувцасладаг. Харин бусад үед винтэж хувцас өмсөх дуртай. Учир нь винтэж хувцас өөрийн гэсэн түүхтэй байдаг нь таалагддаг” хэмээн тэрээр тайлбарлажээ.
Balenciaga брэндийн шинэ амьдрал
2015 онд дизайнер Александр Вэнг бүтээлч захирлынхаа ажлаас гарч оронд нь Демна Гвасалия томилогдсоноос хойш дан ганц Balenciaga брэндэд ч гэлтгүй загварын салбарт томоохон эргэлт тохиосон юм. Түүний анхны цуглуулгад багтсан андерграунд хэв маягтай, тийм ч практикал биш атлаа хурдхан өмсөөд гудамжаар алхах хүсэл төрүүлсэн загварууд салбарын мэргэжилтнүүд, загварын хорхойтнууд болон алдартнуудын анхаарлыг татаж чадсан билээ. Демна өөрийн арга барилыг “Би хувцас урлахдаа шинийг бүтээхийн тулд хуучныг нь эвд гэсэн зарчим баримталдаг. Энэ маш чухал” хэмээн тодорхойлдог. Түүний одоог хүртэл урласан загварууд, брэндийн бүрэн шинэчлэгдсэн лого зэрэг нь Balenciaga-г цоо шинээр харуулж байгаа ч загварын ордны үүсгэн байгуулагч Кристобаль Баленсиагагийн баримталж ирсэн үндсэн хэв маягаас хэт холддоггүй болохыг Демна хэлдэг юм.
Нухацтай биш хөнгөн
Демна Гвасалия “Эцсийн эцэст загварт хөгжилдөх нь л хамгийн чухал” гэдэг үзэл бодолтой бөгөөд нөхцөл байдлыг нухацтай биш амраар даван туулахыг хичээдэг нэгэн. Тэрээр нохой, муурын зурагтай цүнх, арьсан уутаа хэдэн мянган ам.доллараар үнэлж чаддагаас гадна Анна Винтур, Канье Уэст тэргүүтэй зочдыг гей бар, эсвэл хятад ресторанд зохион байгуулагдсан загварын шоунд цуглуулахаас эмээдэггүй. Түүнчлэн Crocs гутлыг тансаг зэрэглэлийн түвшинд авчрах санаа зөвхөн Демнагийн толгойд л орж ирнэ. “Дийлэнх хүмүүс миний урласан загварыг ойлгодоггүй гэдгийг би сайн мэднэ. Гэхдээ энэ бол миний санааг зовоох том асуудал биш. Би зүгээр л өөрөө маш их хайрлаж, дурладаг загвараа зохиож байгаа нь чухал” гэж Демна тайлбарласан байна.