Хайх

Үзэсгэлэнт түүхийн төгсгөл: Зак Позен нэрийн брэндээ хаалаа

Үзэсгэлэнт түүхийн төгсгөл: Зак Позен нэрийн брэндээ хаалаа

“Гэнэтийн боловч хойшлуулах боломжгүй байсан алхам”

Text: Buro.Mongolia


Загвар сонирхогчдод гунигтай мэдээ дуулгахад, 2000 оноос хойш алдартнуудын улаан хивсний гоёлыг урлаж буй, олон гайхалтай даашинзын эзэн, алдарт дизайнер Зак Позен нэрийн брэндээ хаалаа. Тэрээр шинэ хөрөнгө оруулалт татаж чадаагүйн улмаас ийм шийдвэр гаргахаар болжээ.

Загварын салбарт ихэд хүндлэгддэг Зак Позен энэ талаар WWD сэтгүүлд ярихдаа үйл ажиллагаагаа зогсоохоос өөр ямар ч аргагүй байдалд хүрснээ хэлжээ. "Би хамтрагчдынхаа хамт компаниа аварч үлдэхийн тулд байж болох бүхнийг л хийлээ. Загварын салбарын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед би багагүй хугацааг зөв стратегийн түнш хайхад зарцууллаа. Гэвч харамсалтай нь бидний хугацаа дуусчихлаа".

Зак Позены бататгаснаар тэрээр нэрийн House of Z болон Z Spoke охин брэндээ ийнхүү хааж байгаа бөгөөд өнгөрсөн есдүгээр сард танилцуулсан хавар-зун 2020 цуглуулгаа худалдаанд гаргахгүй гэнэ. Уг шийдвэр нь маш гэнэтийн байсан тул компанийн ажилтнууд энэ талаар ердөө өнгөрсөн Баасан гарагт сонссон бөгөөд компанийн бүх үйл ажиллагаа тэр даруйд зогсжээ.

"Надад болон брэндэд итгэж ирсэн гайхалтай хамт олондоо талархлаа илэрхийлэхийг хүсэж байна. Тэдний дэмжлэг, хичээл зүтгэлгүйгээр бид өнөөдөр энэ олон жилийн түүхийг бичихгүй байхсан. Бидний хийж бүтээсэн бүхнээр би маш их бахархаж байна. Мөн ирээдүйд өөдрөг найдлагатай байна" хэмээн Зак Позен өөрийн Instagram хуудсаараа дамжуулан бичсэн байлаа.

Өдгөө 39 настай залуу дизайнер нэрийн брэндээ 2001 онд дөнгөж 20 насандаа үүсгэн байгуулсан бөгөөд карьерынхаа туршид Ума Турман, Мишель Обама, Гвинет Пэлтроу, Наоми Уоттс, Натали Портман болон бусад олон алдартантай хамтран ажиллаж, өөрийн дахин давтагдашгүй үзэсгэлэнт даашинзуудаараа гайхагдаж ирсэн билээ.

цааш үзэх