Хайх

Зуны төгс өмднүүд: 5 төрлийн загвар

Text: Бюро 24/7


Тааран, пижам мэт торгон, 2000-аад оныг санагдуулам нам суудалтай гээд аагим халуун өдрүүдэд ч өмсөж болох шинэ цуглуулгуудын шилдэг загваруудыг нэгтгэн хүргэж байна.

Тааран өмд

Зуны төгс өмднүүд: 5 төрлийн загвар (фото 1)

Гадаа тэсвэрлэхийн аргагүй халуун байхад ч хүртэл оффисын хатуу дресс-кодын дагуу ажил хэрэгч хувцаслах шаардлагатай бол тааран брюк өмдийг сонгоорой. Тааран материал нь амьсгалдаг, сэрүүцүүлдэг, бие халахаас сэргийлдэг, норсон тохиолдолд хурдан хатдаг гээд маш олон давуу талтай. Дизайнеруудын шинэ цуглуулгуудад ч тааран материалтай загварууд давамгайлж байгаа тул энэ зуны шүүгээгээ энэхүү материалаар дүүргээрэй.

Пижам загварын өмд

Зуны төгс өмднүүд: 5 төрлийн загвар (фото 8)

Хөл хорионы улмаас гэрийн тав тухад дассан хүмүүсийн хувьд эргээд бие барьсан, бариу хувцас өмсөхөд бэрхшээлтэй байж болзошгүй. Аз болж энэ зун пижам загварын торгон өмднүүд тренд байгаа тул тав тухаа алдах шаардлагагүй боллоо.Гол нь өмднийхөө материалыг сайтар анзаарч, аль болох байгалийн гаралтай материалаар хийсэн загвар сонгоорой. Синтетик материал халуун өдрүүдэд таныг бүр ч их халаана шүү.

Поплин материалтай өмд

Зуны төгс өмднүүд: 5 төрлийн загвар (фото 15)

Орчин үед поплин материалыг хөвөн даавуун дээр суурилан гаргаж, ихэвчлэн цамц болон зуны даашинзад ашигладаг. Юутай ч поплин материалтай өмд ч бас зуны улиралд нэн тохиромжтой бөгөөд хөнгөн, амьсгалдаг, хурдан хатдаг, тааран материалтай харьцуулбал үрчийх нь бага гэх давуу талуудтай байгаа.

Нам суудалтай өмд

Зуны төгс өмднүүд: 5 төрлийн загвар (фото 22)

Бидний одоо өмсөж дассан загвараас 2-3 хуруугаар нам суудалтай брюк өмднүүд энэ улирлын үндсэн трендүүдийн нэг байх болно. Ийм төрлийн өмдийг 2000-аад оны хэв маяг дагуу богино топтой хослуулж өмсөхийг санал болгож байна.

Кюлот загварын өмд

Зуны төгс өмднүүд: 5 төрлийн загвар (фото 29)

Сул, чөлөөтэй кюлот өмдийг сандаалаас эхлээд кет хүртэлх ямар ч гуталтай хослуулж болдог давуу талтай. Мөн илүү брюк төрлийн хувилбарыг сонгосноор оффис хувцаслалтаа илүү сонирхолтой болгож болох юм.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх