Хайх

Хувийн стилистүүд хэрхэн ажилладаг вэ?

Хувийн стилистүүд хэрхэн ажилладаг вэ?

Нууц мэдлэг

Text: Бюро 24/7


Зураг: Buro 24/7 Russia

Стилист Ханна Хмелева яагаад хувийн стилист хэрэгтэй байдаг болон хүмүүс хувцас сонгохдоо гаргадаг түгээмэл гурван алдааны талаар Бюро 24/7-д ярьлаа

Урьд нь бид "хувийн стилист" гэдэг ойлголт зөвхөн Холливүүд эсвэл оддын ертөнцөд хамаатай гэж боддог байлаа. Ингэхдээ үүнийг зөвхөн аль нэг улаан хивсний ёслолын үеэр өмсөх даашинз, өндөр өсгийт сонгох юм байна хэмээн ойлгодог байжээ. Харин өнөөдөр энэ бүгд эрс өөрчлөгджээ. Стилистийн мэргэжил урьд өмнө хэзээ ч байгаагүй ихээр нэмэгдсэн учраас эрэлтийг дагасан маш олон сургууль, курсууд баруунд нээгдэж байна. Харин энэхүү амаргүй мэргэжлийн онцлог талуудыг ойлгоход зориулж стилист Ханна Хмелева  зарим зүйлсийн талаар бидэнд ярьлаа. 

Ханна, стилист болоход мэргэжлийн сургалтанд хамрагдах шаардлагатай юу? Өнөө үед ийм төрлийн маш олон сургалт, курсууд үйл ажиллагаа явуулж байна.
Тийм ээ, мэдээж хэрэгтэй. Өнөө үед улам олон хүн моод, стильтэй холбоотой ажил хийхийг сонирхож байна. Энэ төрлийн сургалт, курсуудыг би хий дэмий мөнгөө урсгах зүйл гэж боддоггүй. Хүнд мэдлэг боловсрол хэзээ ч илүүдэхгүй. Би урьд нь тэс өөр мэргэжлээр ажиллаж байгаад стилист болсон олон хүнийг мэднэ.

Та өөрөө ийм төрлийн сургалт, курст хамрагдаж байв уу?
Тийм ч даруухан сонсогдохгүй байж магадгүй л дээ, гэхдээ би өөрийгөө төрөлхийн мэдрэмжтэй гэж боддог. Тэгээд ч өсвөр насандаа энэ орчинд төлөвшсөн гэх үү дээ. Ер нь бол хориод насны манай үеийнхэн загварын хээнцэр сэтгүүлүүд үзэж өссөн учраас энэ нь тодорхой мэдрэмжтэй болоход нөлөөлсөн болов уу. Би дунд сургуульдаа их өвөрмөц хувцасладаг байлаа. Жишээ нь тэр үед даашинз кет хоёрыг хослуулж өмсөж байсан бол өнөөдөр энэ зүйл тренд болоод байна. Гэтэл тухайн үед би их л сонин харагддаг байсан байх. Дараагаар нь би өөрийгөө хөгжүүлэхэд анхаарч эхэлсэн. Тэр үед намайг Петербургийн загварын сэтгүүлүүд зураг авалтын стилист хийлгэхээр урьдаг байсан юм. Харин одоо бол би ихэвчлэн үйлчлүүлэгчидтэйгээ хамтран ажиллаж байна.
Мэргэжлийн хувьд би орчуулагчаар сурч байсан, учир нь эцэг эх маань үүнийг хүсч байлаа. Одоогийн ажилд маань англи хэл маш чухал учраас би тэдэндээ талархаж явдаг. Үнэнийг хэлэхэд, тэд одоо л миний хийдэг зүйлийг үнэхээр чухал юм байна гэдгийг ойлгож байна. Урьд нь тэд маань миний энэ ажлыг жинхэнэ ажил гэж хүлээн авдаггүй байлаа. Харин би орчуулагч байсан бол тэдний хувьд тэс өөр байх байсан биз. Гэхдээ би бүтээлч ертөнцөд, дуртай ажлаа хийж байгаа болохоор маш жаргалтай байдаг.

Таныг загварын ертөнцөд эргэн ирэхэд юу нөлөөлсөн бэ?
Нөхөртэйгөө танилцсан минь нөлөөлсөн, учир нь тэр загварын мэргэжлийн зурагчин хүн юм. Түүний хийж байгаа зүйлс, ажилдаа хайртай байгаа байдал нь намайг маш ихээр татаж, бага багаар түүний ажилд туслаж, тэдний багийнхантай хамтран зураг авалтын стиль имиджийг бүрдүүлж эхэлсэн.

Хувийн стилистүүд хэрхэн ажилладаг вэ? (фото 1)
Алдартнууд, олны танил хүмүүсээс бусад хүмүүст стилистийн үйлчилгээ хэрэгтэй юу?
Урьд нь стилистийн үйлчилгээг маяг гэж хүлээж авдаг байсан бол өнөөдөр ажил хэрэгч хүмүүсийн хувьд энэ бол байх ёстой хэм хэмжээ болоод байна. Өөрийн гэсэн үсчин, маникюрчин гэж байдагтай адилаар миний ажил ч бас илүү эрэлт хэрэгцээтэй болж байна. Би ихэнхдээ бизнесмэн, компаний захирлуудтай ажилладаг. Учир нь тэдэнд өдөр бүр өмсөх хувцсаа бодож төлөвлөөд байх цаг зав байдаггүй. Үйлчлүүлэгчид маань байнга л ямар нэг арга хэмжээнд оролцдог учраас дресс-кодонд тохирсон загварлаг хувцаслах шаардлагатай болдог. Стилистийн хувьд миний хийх ажил бол үйлчлүүлэгчид маань хамгаас сайхан харагдах явдал юм.

Стилистийн ажилд тулгардаг хүндрэлүүд юу вэ?
Энэ бол амаргүй ажил, стилист хүн өдөр бүр бусад хүмүүсийн хэрэгцээг хангадаг гэсэн үг. Үйлчлүүлэгчид тань таны бэлдсэн хувцсыг өдөр бүр өмсөнө. Иймээс хүн бүрийг сайн мэдрэх хэрэгтэй. Гэхдээ түүний амьдралд оролцохгүй байх нь чухал. Энэ нарийн заагийг мэдэрч байх ёстой.
Ажлаа хийж байхдаа зарим үед би их хатуу байх нь бий. Үйлчлүүлэгчид маань өөр зүйлд сатаарах, бутик дэлгүүрийн худалдагчдын үгэнд орох боломж олгодоггүй юм л даа. Худалдагчид өөрсдийн ажлаа, харин би өөрийнхөө ажлыг хийх ёстой гэдгээ ойлгодог.

БИ БОЛ МЭРГЭЖЛИЙН ХҮН. АЛЬ НЭГ ЗҮЙЛ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН МААНЬ СЭТГЭЛД ХҮРЭЭГҮЙ ЭСВЭЛ МИНИЙ БЭЛДСЭН ЗҮЙЛСИЙН АЛЬ НЭГ НЬ ТААРЧ ТОХИРООГҮЙ БОЛ БИ БУЦАЖ ОЧООД БҮГДИЙГ ШИНЭЭР ХИЙДЭГ
Та ирээдүйн үйлчлүүлэгчтэйгээ анхны уулзалтаа хэрхэн явуулдаг вэ?
Хамгийн түрүүнд би түүнтэй сайтар танилцдаг, гэрт нь очоод хувцасны шүүгээг нь үзэж, хэрэгтэй хэрэггүй зүйлсийг ялгаж эхэлдэг. Би үргэлж үйлчлүүлэгчийнхээ мэргэжил, сонирхол, амьдралын хэв маяг, түүнд яагаад стилист хэрэг бий болсон тухайд ярилцах цаг гаргадаг. Үйлчлүүлэгчид маань надтай байхад сэтгэл нь амар тайван байгаасай гэж хүсдэг. Хувцас хүнийг өдрийн турш "цэнэглэж" байдаг. Жишээ нь, та өөртөө зохисон сайхан хувцас өмсөхөд өөртөө илүү итгэлтэй болж, хийхээр төлөвлөсөн ажлаа 100 хувь биелүүлж чаддаг.
Харин дараагаар нь би шинэ коллекцийн тайлан бэлдэж, бид хамтдаа дэлгүүр хэсэхээр явдаг даа. Үүнээс гадна би долоо хоног бүр үйлчлүүлэгчийнхээ гэрт очиж, дараа долоо хоногт өмсөх хувцсыг нь төлөвлөж, зургийг нь нэг бүрчлэн аваад, өмсөхөд амар байдлаар шүүгээнд нь өлгөж өгдөг.

Найзууд тань зөвлөгөө авахаар ханддаг уу?
Тэд над руу WhatsApp-р зураг явуулах ч юм уу олон янзаар зөвлөгөө авч ярилцдаг. Бас ямар нэг чухал уулзалтанд юу өмсөх талаар асууна. Харин дэлгүүр хэсэхээр хамтдаа явах цаг зав надад байдаггүй л дээ. Гэхдээ бусад үед бол би мэдээж хэрэг туслаж зөвлөдөг. Харин ээж, эгч маань өөрсдөө учраа олчихдог шүү.

Сэтгүүлийн зураг авалтын юу нь танд таалагддаг вэ?
Зураг авалтын үеэр бүгдийг хүссэнээрээ зохицуулж, хослуулж болдог нь их таалагддаг. Учир нь хүн өдөр тутмын амьдралдаа тэгж хувцаслаад байдаггүй л дээ. Ер нь зураг авалтын явц, багаар ажиллах нь надад хамгийн их таалагддаг. Би зураг авалтын ялгаа, уур амьсгалыг илэрхийлэх хар зураг бэлдэх, дараа нь авсан зураг сонгох дуртай. Гэхдээ энэ болгоныг хийхэд тэр бүр цаг зав олддоггүй.

Хувцас сонгоход гаргадаг хамгийн түгээмэл гурван алдааны талаар ярьж өгөхгүй юу.
Нэгдүгээрт, сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийх. Энэ нь хүн бүрт тохиолддог. Хүмүүс ямар нэг хувцас худалдан аваад гэртээ очиход эхэндээ тэр нь маш их таалагддаг ч дараа нь бусад хувцастай нь зохицохгүй байх тохиолдол гардаг. Ингээд л тэр хувцсыг хэн ч өмсөхгүй зүгээр л шүүгээнд өлгөөтэй хэвээрээ мөнхөрнө. Дараагийн алдаа бол зарим хүмүүс өөр, өөр брэндийн хувцсыг тэр бүр зохицуулж хослуулаад байж чаддаггүй. Хөлөөсөө толгой хүртлээ нэг брэндийн хувцсаар гангарах нь загварлаг гэж боддог ч үнэндээ энэ нь уйтгартай, нэг л хэвийн харагдах нь бий. Иймээс хослуулахаас бүү татгалзаарай! Харин гуравдугаарт, "хамгийн сайхан" зүйлсээ бүгдийг нь нэг дор өмсөх хүсэл юм. Ингэх хэрэг огт байхгүй. Алтан дунджийг баримтлах хэрэгтэй.

Хувийн стилистүүд хэрхэн ажилладаг вэ? (фото 2)

Хувийн стилистүүд хэрхэн ажилладаг вэ? (фото 3)
Та өөрийн стилийг юу гэж тодорхойлох вэ? 
Би өөрийнхөө стилийг "тайван минимализм" гэж тодорхойлно. Мэргэжлийнхээ онцлогоос хамаарч хэт тод, олон өнгийн биш илүү энгийн, размергүй хувцас сонирхдог. Миний бас охины маань хувцасны шүүгээнд хар, саарал, цагаан зэрэг өнгө давамгайлдаг. Өндөр өсгийтэй гутлыг бол ховор өмсдөг, ямар нэгэн арга хэмжээнд л зориулж өмсөх нь бий. Бас надад 1970-аад оны "бохо" стиль таалагддаг. Гэхдээ та бүхний харж байгаачлан одоогоор бол би энэ стилиэр хувцасладаггүй.

Ralph Lauren гэсэн нэр юутай зүйрлэгдэж байна вэ?
Классик америк стиль, даруу төлөв, эмэгтэйлэг байдал. Би энэ брэндийн дөлгөөн тайван өнгөнд дуртай, тэдний саяхан танилцуулсан цуглуулга нь пастель ягаан, хул өнгөнөөс бүрдсэн зөөлөн дөлгөөн уур амьсгалтай байсан нь таалагдсан. 

Төгс цүнх ямар байх ёстой вэ?
Сайн чанартай материалаар хийгдсэн, нээж хаахад амар бас дотроо хоёр тасалгаатай бол бүр сайн. Гэхдээ, үнэнийг хэлэхэд, би цүнх сонгохдоо өөрийнхөө мэдрэхүйд найддаг. Надад таалагдаж байна уу, үгүй юу гэдэг болохоор дотроо хэдэн тасалгаатай байх нь тийм ч чухал биш санагддаг даа!

Та цүнхэндээ ихэвчлэн юу авч явдаг вэ?
Би үргэлж цүнхэндээ паспорт, уруул өнгөлөгч, үнэртэй ус, тольтой пудр, дэлгүүрүүдийн нэрийн картууд тэгээд бас охиндоо зориулж ямар нэг амттан авч явдаг.

 Хувийн стилистүүд хэрхэн ажилладаг вэ? (фото 4)

Хувийн стилистүүд хэрхэн ажилладаг вэ? (фото 5)

цааш үзэх