
Чиг хандлага: Энэ намар, өвөл бид юугаар гангарах вэ?
Бүсгүйчүүдийн сонголт заримдаа тун энгийнээс эхэлдэг мэт боловч цаанаа үргэлж өөрийгөө бусдаас өөр гэдгээ мэдрүүлэх хүсэлдээ хөтлөгдөн хувцсаар түүнийгээ илэрхийлдэг. Нэг брэндийн олон ширхэг ижил даашинзыг бүсгүй болгон өөрсдийнхөөрөө загварчилж ямар ээмэг зүүх, ямар гутал өмсвөл илүү дэгжин харагдах вэ гэх мэтээр өөрийн ондоошлоо хувцаслалтаараа илэрхийлнэ. Хэм хэмжээ байдаггүй хувцас загварт ирэх өвөл улам баялаг сонголтууд бий гэдгийг загварын орднууд танилцууллаа.
Энэ жилийн намар, өвлийг бид илүү өнгөлөг хувцаснуудаар гоёх тухай өмнө нийтэлж байсан бол энэ удаа таны сонголтод дахин шинэ санаа нэмэхээр наашилж буй хүйтний улирлуудад хэрхэн хувцаслах талаар 2025 оны хувцас загварын чиг хандлагыг эмхэтгэн хүргэж байна.
Бор өнгө
Энэ өнгийг брэндийнхээ үндсэн өнгөө болгосон хэд хэдэн брэндүүд бий. Хэрэв та хар өнгөнд дурладаг бол бор өнгөнд ч бас эргэлзээгүй дурлана. Энэ жил дэлхийн брэндүүд бор өнгийг түлхүү танилцууллаа. Ингэхдээ дан ганц бор өнгийн материалтай цамц гэхээс илүү таныг бүхэлдээ бор өнгийн хувцсаар монохром хувцаслах шийдлийг санал болгож байна.





Өвдөг давсан дэрвэгэр юбка
Өдөр тутамдаа энгийн цамц эсвэл ноолууран свитертэй хослуулж өмсөхөд дэрвэгэр юбка таныг дэгжин харагдахад тань тусална, гадуур хувцас ч мөн ийм төрлийн юбкатай загварлаг хосолж болдог.





Нөмрөг мэт пальто
Намар, өвлийн улиралд гангарах хамгийн чухал сонголтуудын нэг бол яах аргагүй гадуур хувцас. Сэрүүн өдрүүдэд ажил руугаа дөнгөж орох агшинд тантай мэндлэх хүн бүр таны гадуур хувцас, цув, пальтог түрүүлж харах нь дамжиггүй. McQueen, Louis Vuitton зэрэг брэндүүд байж болох содон пальтоны загварыг танилцууллаа.





Цацган оруулга
Great Gatsby, Chicago кинонуудаас харж болох Шарлестон даашинзны цацган оруулга энэ жил арай өвөрмөц загварчилгаагаар загварын тайзнаа үзэгдлээ. Emporio Armani брэнд цацган оруулгатай цамц, Jil Sander ягаан өнгийн цацган даашинзыг толилууллаа. Илүү цоглог, илүү дэгжин харагдахад магад эдгээр загварууд танд тусална.





Бүс, бүсний тухай ойлголтоо тэлэхүй
Нэг л зүйл таны хувцаслалтад дутагдаад байвал бүсээр шийдэж болдог гэдгийг мартуузай. Сайтар ажиглавал бүс хийгээд бүсний загварчилгаа загварын ертөнцийн мөнхийн сэдэв билээ. Энэ жил максимализм үзэл бүсний загварт хүчтэй ажиглагдлаа. Дан ганц бүс бүслэх бус хэд хэдэн бүс давхарлаж бэлхүүс болон их биеийн харьцааг улам тодотгох шийдлийг брэндүүд онцолж байна.





Ирвэсийн хээ
Dolce & Gabbana, Versace болон Roberto Cavalli-гийн энэ жилийн цуглуулгад гайхах зүйлгүйгээр ирвэсийн хээ танилцуулагдлаа. Зарим дизайнерууд уг хээг жижиг деталь дээр мөн онцоллоо. Материал дээр график техник ашиглан Saint Laurent гялгар материал дээр ирвэсийн хээг хэвлэсэн бол Fendi савхин дээр ирвэсийн хээг буулгажээ.





Үслэг эдлэл
Магад таны шүүгээнд одоо ч гэсэн ямар нэгэн үслэг эдлэл байгаа бол энэ жил дахин тренд болж буйг сануулъя. Нөгөөтээгүүр алдартай стилистүүд хиймэл болон дахин сэргээн засварласан үслэг эдлэл сонгох нь байгальд ээлтэй сонголт гэдгийг дурдсаар байна.





Ботинк
Давамгай байдлаар Miu Miu болон Victoria Beckham брэндүүд эрэгтэй маягийн ботинк танилцуулж түүгээр ч зогсохгүй Miu Miu өвдөг хүртэлх өнгөлөг оймс, харин Prada гялгар материалтай оймсыг тодотгон танилцууллаа.




Зоригтой нэгдүүл
Дөрвөлжин хээтэй юбка, дээгүүрээ өөр хээтэй цамц өмсөх нь хэдэн жилийн өмнө байж боломгүй алдаа гэж дүгнэж байсан бол энэ жилийн өвлийн улирлыг дизайнерууд яагаад үгүй гэж хэмээн үзлээ. Тогтсон жишгийг нураа гэх энэ жилийн уриаг бүх загварын орднууд өөрсдийнхөөрөө үлгэрлэлээ.





Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт