Хайх

Чиг хандлага: Хавар, зун 2016 оны бүх онцлох загварууд

Чиг хандлага: Хавар, зун 2016 оны бүх онцлох загварууд

Эргэн сануулахад

Text: Buro.Mongolia


Энэ хавар, зуны улиралд ямар загварын хувцас моодонд орж, чиг хандлага болох тухай цуврал нийтлэлийг бид 2015 оны аравдугаар сард гаргасан билээ. Одоо нэгэнт урин дулаан цаг ирж, хүмүүс шүүгээн дэхь хувцсаа шинэчилж эхэлсэн тул танд энэ жилийн чиг хандлагын тоймыг дахин хүргэж байна

Рок төрхүүд

Энэ 2016 онд Эди Слиманаас гадна олон дизайнерууд рок-н-ролл сэдэв хөндлөө. Зарим нь рок хөгжмөөс санаа авч, зарим нь өөр ертөнц төсөөлж цуглуулгаа бүтээжээ. Харин Louis Vuitton-д зориулан туйлын рок цуглуулга бэлдсэн Николя Жескьер "Евангелион" анимэйшн киноноос урам авсан байна.

1990-ээд он

1990-ээд оны хэв маяг Парисын тайзнаа дахин гарч ирсэн. Тэгэхдээ энэ удаа хэвшил болсон спорт загвар эсвэл тод өнгүүдээр тэдгээр загвар илэрсэнгүй. Харин түүний оронд анхаарлын төвд лакан арьстай богино юбка ба гэрэлтсэн хар топын хослолоор илэрч гарч ирсэн тачаангуй төрх харагдлаа. Мөн минимализм, гранж стилүүд 1990-ээд оныг илэрхийлж байна. 

Зангилаа ба эрвээхий зангиа

Энэхүү жижиг тренд "Их дөрвөл"-ийн бүх хотуудаар дамжин өнгөрлөө. Парисын загварын долоо хоног дахь Rochas-ын шоу дээр Moschino-гийн загвартай ижил аварга хэмжээтэй эрвээхий зангиа харагдлаа. Нью-Йоркоос эхэлсэн энэхүү трендийг Жереми Скотт оргилд нь хүргэсэн. Түүний санал болгосон хувилбар нь аварга том хаалтын туузаар хийгдсэн нүсэр том эрвээхий зангиа юм.

Хуниас

Нью-Йоркоос Милан руу, дараа нь Лондон, Парисын тайзнаа гарч ирсэн хэдхэн гол тренд байсны нэг нь энэхүү хуниас юм. Миланд том хуниастай жижиг топ зонхилсон бол Лондонгоос мөрөн дээрх хайчилбар болон үрчлээстэй даавуу гэх зэрэг элементүүд гарлаа. 

Дотуур хувцас

Энэхүү тренд зөвхөн Лондон эсвэл Нью-Йоркод биш харин бүр дэлхий даяар тархаж эхэллээ. Америкчуудыг бодвол Лондонгийн дизайнерууд уг чиг хандлагад илүү радикал үзлээр ханджээ. Жишээ нь Жонатан Андерсон загвар өмсөгчдөд богино юбка болон маш жижиг хар өнгийн хөхний даруулга өмсгөлөө. Парисын дизайнеруудаас гэхэд  Эди Слиман зөвхөн дотуур хувцас санагдуулам хослол, даашинзууд танилцууллаа. Харин Александр Ванг сүүлийн цуглуулгаа бүтээхдээ Кристобаль Баленсиагагаас үлгэр жишээ авахаа больж, бүх моделиудыг унтлагын гэмээр пижам ба шаахайнуудтай тайзнаа гаргасан.

Пижам 

Шинэ улиралд хослол-даашинз, гэрийн халаат болон сул загварын пижамуудыг зөвхөн гэртээ болон унтлагын өрөөндөө биш харин гэрээс гадуур өмсөхийг дизайнерууд уриалж байна.

Титэм

Энэхүү тренд гуравхан дизайнерын шоу дээр харагдсан ч бид чиг хандлагуудын жагсаалтдаа оруулахаар шийдлээ. Титэм гэх өхөөрдөм чимэглэл 1990-ээд онд Кортни Лавын ачаар "моод"-нд орж байсныг бүү мартаарай.

Илгэн материал

Илэг бол маш үзэсгэлэнтэй бөгөөд ихэмсэг материал юм. Тиймээс бид энэ трендийг тайзнаа харахдаа маш их баяртай байлаа. Ялангуяа энэ удаа дизайнерууд энгийн ковбой загварын хүрэм биш харин Надеж Ване-Сибульски Hermès-д зориулсан шиг гайхамшигтай сайхан даашинз зэрэг гэнэтийн загваруудаа танилцууллаа.

Ил гарсан мөр

Дизайнерууд олон төрлийн аргаар эмэгтэй хүний үзэсгэлэнт мөр лүү анхаарал хандуулж байна. Зарим нь зуны хөнгөн кофтон цамцны захыг доошлуулснаар мөрийг нүцгэлж, өөр хэсэг нь мөрөн дээр нь хайчилбар хийж, харин бусад нь хормогч санагдуулам даашинз санал болгоод эмэгтэй хүний эмзэгхэн биеийг тодотгож байв. Харин Раф Симонс мөрний шугамыг бөөрөнхийлж, маш зөөлөн бөгөөд энхрий төрх бүтээсэн. 

Судал, дөрвөлжин болон тавилгын хээ

Миланд судалтай хээ нь дөрвөлжин хээг илт "дийлж" байсан бол Парисын тайзнаа хоёулаа л тэнцүүхэн ноёрхлоо. Өргөн эсвэл нарийн, хөндлөн, босоо, олон өнгийн эсвэл хар цагаан гээд ямар ч судал байж болно. Гол нь таны хувцасны шүүгээнд заавал байх ёстой загвар шүү.

 Торон сүлжээс ба гэрэлтсэн материал

Торон сүлжээс, нэхээс, гэрэлтсэн материал одоо хүртэл "моод"-ноос гараагүй байна. Эмэгтэй хүний бие аливаа хувцаснаас илүү загварлаг харагддаг бололтой. Лондонд бараг бүх дизайнерууд гэрэлтдэг материал ашиглан биеийн арьсыг ил гаргасан. Зарим нэг нь торон хээ урлаж, өөр нэг нь зүгээр л нимгэн даавуу ашиглаж, харин бусад нь хувцсандаа хайчилбар бүхий нүхнүүд гаргасан. Мөн бүхэлдээ гэрэлтдэг эсвэл хэсэгчлэн гэрэлтдэг загвар, илүү зүйл харагдуулахааргуй тор болон хагас тунгалаг материал гэх хувилбарууд энэ зуны чиг хандлагад голлох болно шүү.

Үрчийсэн материал

"Их дөрвөл"-ийн бүх хотуудаар үзэгдсэн бас нэгэн сэтгэл булаам тренд. Индүүгээ холдуулж, хайхрамжгүй төрхийг эрхэмлэцгээе.

Өөр хувцсан дээр өмссөн даашинз

Энэхүү тренд намар-өвлийн улиралд илүү тохиромжтой байж болох ч дизайнерууд логик сэтгэлгээг хайхраагүй бололтой. Тиймээс зуны халуунд хүртэл онгорхой мөртэй даашинз болон сарафаныг хоолойтой цамц, топ эсвэл коовттой хослуулан өмсөхийг санал болгож байна.

Хээ

Италид тачаангуй байдлыг тодотгосон хувцсыг илүү таалдаг билээ. Тэр тачаангуй байдлыг ирвэс, тахь, бар эсвэл могойн хээгээр илэрхийлэх нь элбэг. Харин энэ удаад бараг бүх дизайнерууд амьтдын хээг илүү зугаатай, өвөрмөц аргаар цуглуулгадаа оруулсан харагдлаа. Лондонд харин "тавилгын" хээнүүд их гарч ирлээ. Ханын цаасны эртний зургууд, эсвэл хуучин буйдангийн бүрээс дээрх угалзнууд гэх мэт зүйлс байсан. Дизайнерууд эдгээр хээг хооронд нь хольж, хослуулсан харагдана. 

Шоорттой хослол

Зун өмдтэй явахад халууцдаг тул оронд нь шоорт өмсөх нь ойлгомжтой. Италийн бүх дизайнерууд биш ч зарим нь шоорттой хослол бүхий тренд танилцууллаа.

Супер хэмжээсүүд

Лондонгийн загварын долоо хоногийн үеэр олон дизайнер том тусмаа сайн гэсэн дүрэм баримтлалаа. Энэхүү санаачлагын анхдагч нь Жонатан Андерсон байсан бөгөөд түүний хөвсгөр ханцуй Лондонгийн шилдэг загвараар тодорсон.

Том хэмжээтэй, улаан цэцгүүд

Нью-Йоркийн тайзнаа төрөл бүрийн цэцэгс ихээр харагдсан. Бүр маш их шүү. Гэхдээ мэдээж хэрэг энэ нь хавар-зуны загваруудад үргэлж үзэгддэг элемент юм. Америкийн тайзнаа ноёрхсон уг трендийг хоёр чиглэлд хувааж болно. Нэгдүгээрх нь маш том хэмжээний цэцгэн чимэглэл, хоёрдугаарх нь Испани хэв маягийн улаан цэцэгс юм.

Хар, цагаан өнгийн хослол

Цаг үргэлж загварт оршсоор ирсэн энэ хоёр өнгөний хослол дахиад л эрэлтэнд орлоо. Гэхдээ энэ удаад хар цагаан өнгийн хээ биш харин эдгээр хоёр өнгө бүхий хувцаснуудаас бүрдсэн төрхийг ярьж байна. Хамгийн гол нь хувцасны загварууд аль болох минималист хэв маягтай байх хэрэгтэй.

Пастел өнгө

Загварын тайзнаас пастел өнгө буух хараахан болоогүй бололтой. Чихрийн бөгөөд бүүдгэр-зөөлөн өнгөнүүд загварлаг хэвээр байна. Шинэ улиралд эдгээр өнгөнүүдтэй зөвхөн хаки /цэргийн/ ногоон, бор, хул гэх зэрэг "газрын" өнгөнүүд өрсөлдлөө.

цааш үзэх