Хайх

Velin сэтгүүл: Дизайнер М.Нямсүрэн буюу Ниймаатай хийсэн ярилцлага

Velin сэтгүүл: Дизайнер М.Нямсүрэн буюу Ниймаатай хийсэн ярилцлага

Text: Б.Энххүслэн


Velin сэтгүүлийн загвар буланд нийтлэгдсэн дизайнер М.Нямсүрэн буюу Ниймаагийн ярилцлагыг тус сэтгүүлийн зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна.

М.Нямсүрэн буюу бидний дуудаж заншсанаар Niima бол загварын ертөнцийн цөм болсон дизайнер мэргэжлийг эзэмшиж, даавууны ширхэгтээр дамжуулан хувцас туурвих хүслээ биелүүлж яваа нэгэн. Тэр бол 93//Kidult хэмээх залуу бөгөөд эрэмгий хэв маягаараа өөрсдийн гэсэн ялгарлыг тогтоож буй хувцас загварын брэндийн үүсгэн байгуулагчдын нэг юм. Niima Монголын загварын салбарт багагүй хугацаанд хөдөлмөрлөхдөө алдаж, онож, суралцаж явсан. Түүний хэлсэн үг, хуваалцсан туршлага загвар зохион бүтээгч мэргэжлийг сониучирхсан хүн бүрд анхны алхмаа хийхэд нь түлхэц болж чадна биз ээ.


Ажлын нэг өдөр тань хэрхэн өрнөдөг талаар хуваалцаач? Хэр өндөр ачаалалтай байна вэ?

Анх 93//Kidult-ыг эхлүүлж байснаа бодвол одоо хамаагүй ачаалал багатай ажиллаж байгаа. Миний ажлын нэг өдөр өглөө сэрээд орондоо гурван удаа том гүнзгий амьсгаа авч тайван боссоноор эхэлдэг. Босоод ногоон шүүс болон өглөөний цайгаа бэлдэж уугаад ажилдаа гарна даа. 93//Kidult-д ихэнх нь залуу хүмүүс ажилладаг учраас ажлын цагаа бид 11:00-19:00 гэж тогтоосон. Өглөөдөө хангалттай нойроо авч сэтгэл санаа тайван ажилдаа ирэх нь хамгийн чухал. Ажлын бүтээмж ч өндөр байдаг шүү. Тэгээд ажлаа тараад дасгал руугаа явдаг. Дасгалаасаа гэртээ ирээд ном унших, эсвэл хийх ёстой зүйлүүдээ нэг шалгаад унтана. Ерөнхийдөө ажлын нэг өдөр ингэж өнгөрдөг юм байна.

Ажлын анхны гараа болон 93//Kidult брэндээ үүсгэн байгуулж байсан үеэсээ дурсаач?

Сургуулиа төгсөж байх үед Монголын загварын салбар дөнгөж цэцэглэн дэлгэрч байсан. Олон олон бие даасан брэнд бий болж ательерээс хувцас үйлдвэрлэл рүү шилжиж байв. Тухайн үед надад мэргэжлээрээ Монголд ажиллах том хүлээлт бол байгаагүй ч ажлын гараагаа өөрийн жижиг урлангаа нээснээр эхэлсэн. Харин 93//Kidult брэндээ үүсгэн байгуулахдаа гурван хүний бүрэлдэхүүнтэй эхэлж байлаа. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалттай байсан учраас давхар ажил хийх шаардлагагүйгээр бүх цаг хугацаагаа эхлүүлсэн том төсөлдөө зарцуулсан. Одоо ч гэсэн зарцуулсаар байна.

Шантармаар зүйл нь юу байв?

Ямар ч гарааны бизнес эрхлэхэд бүх зүйл нь шинэ байдаг учраас шантармаар зүйл олон гарч ирдэг. Тэр дундаа Монголын жижиг зах зээлд гарааны бизнесийг тогтвортой болгоно гэдэг амаргүй. 93//Kidult-ын хувьд жигдэртлээ 3-5 жилийн хугацаа зарцуулсан. Бидний хувьд хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүлээн зөвшөөрүүлэх, шинэ соёлыг бий болгон зах зээлд нэвтрэх нь шантармаар зүйл байсан. Гэхдээ эргээд харахад тийм хэцүү санагддаггүй шүү. Хэдий загварын салбартаа шинээр гарч ирж байгаа нь нэг талын дампуурах эрсдэл дагуулж болох байсан ч бүтээлч чанар, чөлөөтэй сэтгэлгээгээ зоригтой илэрхийлж, тууштай байснаар олон хүндрэлтэй бэрхшээлийг даван туулсан.

Хэрэглэгчид гэснээс монголчууд ер нь загварын боловсрол ямар түвшинд байгаа гэж бодож байна?

Монголчуудын загварын мэдлэг сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа. Хэрэглэгчдийн дундах мэдээ мэдээллийн хүрээ тэлж, хувцасны сонголт төрөлжиж байна. Тиймдээ ч бид дэлхийн чиг хандлагыг ихээхэн дагаж загварлаг хувцаслахыг зорих болсон. Мэдээж загварын боловсрол гэдэг нь зөвхөн хувцас өмсөх талаар биш юм. Бид өөрт байгаа хувцасныхаа түүх, утга учир, материал, үйлдвэрлэлийн үйл явц, чанар болон тогтвортой байдлын талаар мэддэг байх нь байгальд ээлтэй ухаалаг сонголт хийхэд тусална. Түүнчлэн монгол хүмүүс загварын мэдлэггүйгээс үүдэж хямд үнэ бүхий масс үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн худалдаж авах хандлага өндөртэй байдаг. Энэ асуудал нь мэдээж боловсрол гэдгээс гадна бидний амьдрахад хэрэгтэй орлогын эх үүсвэрээс шууд холбоотой. Гэвч бид загварын боловсролтой болж чадвал чанартай бүтээгдэхүүн сонгож гадаад үзэмждээ анхаараад зогсохгүй өөрсдийн үнэ цэнийг олж, түүнийгээ илэрхийлж, мөн хувь хүн, нийгмийн хөгжилд чухал нөлөө үзүүлж болдгийг харах юм.

Тэгэхээр Монголын загварын салбар хөгжлийнхөө аль түвшинд явж байна гэвэл оновчтой бол?

Бид хөгжлийнхөө дөнгөж эхэн үе шатанд явж байна гэж хэлж болох юм. Монголын загварын салбарт монгол улсын брэнд гэж нэрлэгдэхүйц хэд хэдэн хувцас загварын компани дөнгөж л бий болж байгаа. Мөн бид загварын салбарын боловсон хүчин бэлдэх олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөргүй, хувцасны түүхий эд, материал бэлтгэх дотоодын үйлдвэр байхгүйн улмаас загварын салбарын хөгжил ярихад тун төвөгтэй юм. Уг нь монгол загвар зохион бүтээгчдэд авьяас, мэдрэмж нь байдаг ч үйлдвэрлэлийн дэд бүтэц, тоног төхөөрөмж дутмагаас болж тун хязгаарлагдмал нөхцөлд ажиллах шаардлага гардаг. Тиймээс дизайнеруудыг улам чанаржуулж, авьяасыг нь бүтээгдэхүүн болгож зах зээлд нэвтрүүлэхэд бид юун түрүүнд хувцас загварт мэргэшүүлэх их дээд сургуулийн боловсрол, сургалтын систем дээр ажиллах ёстой гэж бодож байна.

Velin сэтгүүл: Дизайнер М.Нямсүрэн буюу Ниймаатай хийсэн ярилцлага (фото 1)

"Хувцас загварын салбарт ялангуяа боловсролын чиглэлээр өөрчлөлт хийж чадахуйц хэн нэгэн болохыг зорьж байгаа"


Стандартад нийцсэн чанартай сургалтын хөтөлбөр дутмагаас болж сайн боловсон хүчин олно гэдэг хүндрэлтэй байдаг уу? Час хийсэн оёдолчин, эсвэл эсгүүрчин ч гэдэг юм уу.

Монголын хувцас загварын салбарт боловсон хүчин дутагдалтай байх хэд хэдэн шалтгаан байгаа. Мэргэжлийн сургалтын байгууллагууд, тэдний мэргэжилтэн бэлдэх хөтөлбөр нь тун тааруу. Харин туршлагатай оёдолчин болон эсгүүрчид нь хувцас загварын компанийн цалинг бага гэж дүгнэдэг учраас ихэнх нь тус тусдаа жижиг урлан нээн ажиллуулдаг. Жижиг зах зээлээс хамаараад ажлын байрны тогтвортой байдал муу, орлогын баталгаа буюу амьдралд хүрэлцэхүйц цалин хөлс хязгаарлагдмал байдаг. Тийм ч болохоор мэргэжлийн яг сайн оёдолчин ажилд авъя гэхэд олдохгүй байх нь элбэг. Бас нийгэмд хувцас загварын салбарыг чухал гэж авч үзэхгүй байх хандлага өндөр учраас хүмүүс оёдолчин, эсгүүрчин, гоёл чимэглэгч гэх мэргэжлээр суралцах, цаашлаад ажиллах сонирхол бага гэж бодож байна.

Хамт суралцаж байсан төгсөгчдийн тань хувьд одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа болов уу?

Миний мэдэж байгаагаар 15 оюутнаас 3-5 нь мэргэжлээрээ ажиллаж байгаа. Анзаарч харахад зах зээлээс үүдэлтэй ажлын байрны хомсдол, төгсөгчдийн мэдлэг, туршлага дутмаг байдал, мөн олон улсын хэмжээнд мэргэшүүлэх хөтөлбөр байдаггүй нь Монголд мэргэжлээрээ ажиллахад саад болдог хүчин зүйлс юм. Ихэнх төгсөгчид нь дахин суралцах, хувиараа студи нээх, эсвэл мэргэжлийн бус ажилд орох хандлагатай байдаг.

Өөрийн тань хувьд орлогын хэдэн эх үүсвэртэй бол? Дан ганц дизайнераар ажиллах амьдралд хүрэлцээтэй байж чадах болов уу?

Ер нь бол хэцүү шүү. Миний хувьд гэхэд 93//Kidult хувцас загварын компанийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж, хажуугаар нь нэмэлт орлогын эх үүсвэр гэдэг үүднээс бусад брэндийн нүүр царай, төлөөлөгч болох зэрэг ажил хийж байсан. Харин зөвхөн дизайнерын мэргэжлээр аль нэг компанид ажилладаг байсан бол ажлын цагийн үнэлгээний хувьд бусад оронтой харьцуулахад тааруу дүн гарах нь ойлгомжтой байх. Монголын зах зээлийн хумигдмал байдлаас шалтгаалж дан ганц дизайнерын гэлтгүй бүх л салбарын мэргэжлийн дундаж цалинг цорын ганц орлогын эх үүсвэрээ болгоно гэдэг хүндрэлтэй юм. Тийм ч учраас бид компанийнхаа ажилчидтай тав тухтай орчин, эрүүл хоол, уян хатан цагийн нөхцөлөөр хамтран ажиллахыг зорьдог.

Ер нь Монголд дизайнерууд хувийн брэндээ эхлүүлэхийн тулд хэр хэмжээний санхүүгийн чадамжтай байх шаардлагатай вэ?

Монгол дизайнерууд хувийн брэндээ эхлүүлэхэд тодорхой хэмжээний эхлэлийн хөрөнгө зайлшгүй шаардлагатай. Энэ нь түүхий эд, үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмж, маркетинг сурталчилгаа, бүтээгдэхүүн түгээлт, үйл ажиллагаа явуулах газрын түрээс, ажилчдын цалин зэрэгт зарцуулагдана. Миний тооцооллоор жижиг хэмжээний дотоодын загварын брэнд эхлүүлэхэд ойролцоогоор 100-300 сая төгрөг хэрэгцээтэй байж болох юм. Гэхдээ дизайнеруудын брэндээ эхлүүлэхдээ анхаарах ёстой хамгийн чухал зүйл бол алсын хараа, өвөрмөц онцгой мэдрэмж болон илэрхийлэмж гэж бодож байна. Эдгээр зүйл байхад төслөө бүтээж эхлэлийн хөрөнгөө босгох бүрэн боломжтой. Мөн Монголд хувцас загварын бизнест өвөрмөц дизайн, өндөр чанартай бүтээгдэхүүн гаргаж бизнесийн зөв стратегитай ажиллавал үр өгөөжөө авч чадна гэж харж байна. Учир нь сүүлийн үед хувцас загвар сонирхох хэрэглэгчид огцом өсөж, худалдан авах чадвар нь дээшилж байгаа.

Салбарын хөгжлийн сэдвийг ерөнхийд нь хөндсөнийх энэ сектор дахь төрийн идэвх, оролцоо ямар байдгийг асууя.

Монголын хувцас загварын салбар дахь төрийн оролцоо төдийлөн өргөн хүрээтэй байдаггүй ээ. Тодорхой хэмжээнд төсөл хөтөлбөрүүд үндэсний хувцас, гар урлал, ноос ноолуурын үйлдвэрлэлд чиглэсэн байдаг ч орчин үеийн загварын чиг хандлагатай брэндүүдийг бүх талаар дэмжсэн бодлого байхгүй. Олон улсын жишгээс харвал төрийн бодлого нь загварын салбартаа чухал нөлөөтэй байдаг. Франц улсын хувьд гэхэд загварын салбарынхаа үйлдвэрлэлд, мөн Парисын загварын долоо хоног зэрэг тусгай том арга хэмжээнүүдэд төрийн онцгой анхаарал дэмжлэгийг үзүүлснээр өөрсдийн өв уламжлалаа олон улсад таниулахад ихээхэн нөлөөлж чадсан. Мөн загварын брэндүүд нь олон улсын стандарт тогтоож, өөрсдийн эдийн засагтаа асар их хувь нэмэр оруулснаар аялал жуулчлалын салбараа хүчирхэгжүүлж байгаа. Тэгэхээр Монголын хувцас загварын салбарт төрийн дэмжлэг үнэхээр хэрэгтэй байна. Энэ нь монгол брэндүүд эдийн засагтаа өөрсдийн хувь нэмрээ оруулахад, цаашлаад ажлын байрыг нэмэгдүүлэхэд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь олон улсын түвшинд өрсөлдөхүйц чадамжтай болоход, мөн үндэсний өв соёлоо сурталчлан, түгээн дэлгэрүүлэхэд хэрэгтэй юм.

93//Kidult брэндийн алсын хараанд олон улсын зах зээлд гарах зорилго багтсан болов уу?

Сонирхол өндөр байна. Олон улсын зах зээлд гарах судалгааны ажил дээрээ явж байгаа ба биднийг хийх ёстой олон том ажил хүлээж байна. Энэ маань цаг хугацааны явцад илүү тодорхой болно оо. Харин 93//Kidult-ын ойрын зорилго гэвэл дотроо олон төрлийн line үүсгэж, хөгжүүлэхээр зорьж байна. Үүнд миний зүгээс баримталж буй алсын хараа гэвэл брэндийнхээ бүх л шаардлагатай нөхцөлд бэлэн зогсож, хувцас загварын салбарт ялангуяа боловсролын чиглэлээр өөрчлөлт хийж чадахуйц хэн нэгэн болохыг зорьж байгаа.

Залуучуудад өгөх зөвлөгөөгөөр энэхүү ярилцлагаа жаргаая гэж бодож байна. Дизайнераар ажиллах хүсэлтэй болоод яг одоо ажиллаад явж байгаа ч гацалтад орсон нэгэнд юу гэж хэлэх вэ?

Дизайнер болох хүсэлтэй залуустаа хандаж хэлэхэд загварын салбар амаргүй учраас шаргуу хөдөлмөр, тууштай байдал танаас шаардах болно. Тэгэхээр тэсвэр тэвчээртэй байгаарай. Өөрийгөө үргэлж хөгжүүлж, төрсөн санаа бүрээ тэмдэглэн авч, бүтээл болгож байна гэж төсөөлөөрэй. Бидний хамгийн гайхалтай уран төсөөлөл тархи болон сэтгэлээс гардаг учир өөрийгөө танин мэдэж, судлах нь уран бүтээлчийн хийх ёстой чухал ажил юм шүү. Хэрэв гацсан мэт санагдвал түр завсарлага аваад өөр шинэ зүйл хийж үзээрэй. Эсвэл юу ч хийхгүй байсан ч болно доо. Хааяа зүгээр л дуртай зүйлээ идээд гадуур алхах, эсвэл дуртай киногоо үзэж, бие болон тархиа амраах их тустай шүү.

Үзэл бодол, туршлагаасаа бидэнтэй хуваалцсанд баярлалаа. Эргэцүүлэл, урам зориг, улам шаргуу хөдөлмөрлөх сэдлийг уншигч бүрд төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх